ЭМЭГТЭЙ ХҮНИЙ АМЬДРАЛ 20 НАСНААС ЭХЭЛДЭГ

Энэ номыг охиныхоо өмнөөс уншиж ашигтай мэдээллийг хураангуйлж өгмөөр санагдлаа. Их сургуулийн оюутан, дээр нь англи хэл дээр мэргэжлийн зузаан номонд дарагдаж байгаа хүнд юун хувь хүний сэдэв мантай л байдаг байх даа гэж бодогдож сургамжтай хэсгийг судлахаар шимтэж уншлаа.
 
                                                                                  * * *
 
Багаасаа толгой сайтайгаараа бусдаас гоцлон Америкийн дэлхийд нэртэй их сургуульд элсэн орсон охин Саруул (жишээн дээрх хүмүүсийн нэрийг монголчлов) бүх талаараа л өндөр оноо авдаг бөгөөд өөрийнхөө мөрөөдөлд хүрэх хүртлээ ямар ч юманд сэтгэл санаагаа зориулахгүй хэмээн зорилготойгоор тэмүүлдэг охин байлаа. Тэр үед хүн болгон л тэр охиныг ухаантай бас дээр нь авьяастайг нь гайхаж шагширдаг байж. Гэтэл хэдэн жилийн дараагаас найз бандитай болж гэнэтхэн л сургуулиасаа жилийн чөлөө авч сэтгэл зүрхээ хайртай хүндээ зориулах нь зөв хэмээн сэтгэл шулууджээ. Найз залуу нь цэргээс халагдан ирээд төд удалгүй тэр хоёр салж өнөөх охины сэтгэл гутарч түүний амьдрал орвонгоороо эргэж, сургуульдаа явна гэсэн зорилгоосоо буцаж энгийн нэг компанид ажилтан болж амьдрах болжээ. Хэдийгээр энэ үйл явдал хүний амьдралын өчүүхэн хэсэг боловч сэтгэлийн хатуужил дутсанаас болж ямар ч ухаантай эмэгтэй амьдралдаа томоохон алдаа гаргаж болдгийг ийнхүү жишээгээр харуулжээ. Эмэгтэй хүн байгалаасаа заяасан дэндүү уяхан, зөөлөн, дасамтгай амьтан боловч хэдийд энэ зангаа тооромслож хувиа бодсон шийдвэр гаргах ёстойг номын зохиолч өөрийн үзэл бодлоороо дэлгэн тайлбарлахаар зорьжээ.
 
Тэрээр 30 гарсан хойноо амьдралын боол болж амьдрахгүйн тулд 20 насандаа өөрт буцалж буй хүч энергээ зорилгодоо нийцүүлж шаргуу хөдөлмөрлөх, мөн тодорхой зорилгынхоо ард гарсанаар аз жаргалыг мэдэрдэг болох тэрхүү хэв маягийг өөртөө бий болгох ухааныг эрт олж харвал алсдаа санаа зовох зүйлгүй амьдарч болохыг өсвөр насны охид бүсгүйчүүлд хандан зөвлөжээ. Өөрөөр хэлвэл, өөрийн үнэ цэнийг өсгөхийн тулд өндөр хүүтэй хадгаламжинд мөнгөө хадгалуулж, биеийн галбир, гоо үзэмжээ сайжруулах тал дээр тогтмол дасгал хөдөлгөөн, зөв хоол хүнс хэрэглэхийг хэвшмэл болгон ажил мэргэжил чадвараа нэмэгдүүлэхийн тулд сургалт семинарт тогтмол хамрагдах зэргээр өөрийгөө үргэлж хөгжүүлж, энергээ зөв зарцуулах нь амьдралыг өөрийн талд аль хэдийн элсүүлсэн мэт бодитой хувь нэмэр байх болно хэмээжээ.
Олон охид өөрийн хувь заяагаа голж эцэг эх гарал үүслээ чамлаж, энэ бодлоороо өөрийнхөө хүсэл мөрөөдөлдөө хаалт хийсээр маш их цаг хугацааг алддаг. Гэтэл энэ нь зөвхөн тархинд суусан буруу программ байдаг гэжээ. Уг программчлалд тухайн хүний өссөн орчин, гэр бүлийн хүмүүжил нөлөөлдөг байна. Тиймээс элдэв сөрөг бодлоороо бусдыг буруутган суухын оронд өөрийнхөө зорилгыг тууштай судалж, тэр чиглэлээрээ ном уншиж, бусдаас хүсэж буй сэтгэлзүйн дэмжлэгийг номноос олох боломжоо ашиглах хэрэгтэйг сануулжээ. "Ном бол оюуны хүнс. Номноос холдвол амжилтаас ч бас холдоно" гэж хэлсэн нь таалагдлаа.
 
Одоогийн залуу охидуудад зөвлөсөн хамгийн их таалагдсан зөвлөгөөг онцлоход "Өөрийгөө язгууртан мэт хүндэлвэл үнэхээр язгууртан мэт амьдарч чадна" гэх энэ үгийн агуулга байлаа. Энэ нь үнэхээр төгс биеэ цэгцтэй авч явах урлаг бөгөөд үүнд хувь хүний бүх төрлийн чанар агуулагдаж буй билээ. Тэрчлэн цэвэр цэмцгэр нягт нямбай байхаас гадна аливаад хандах хандлага өөдрөг, бусадтай хүндэтгэлтэй харьцах харилцааны соёлоороо танигдах нь тэр хэмжээгээрээ бусдад үнэлэгдэхийг хэлдэг байна. Тэгж чадваас ид шид үү гэмээр хувь заяа тань руу ирэх болно хэмээжээ. Ингэж өөрийгөө хүндэлж сурсан эмэгтэй ирээдүйн нөхөрөө ч зөв сонгоход нөлөөлдөг байна.
 
Охид бүсгүйчүүлийн амьдралд томоохон өөрчлөлт хийж байдаг гол чадвар бол "сонголт". Бүх зүйл дээр тэд сонголт дээр тулгардаг. Энгийн жижиг жишээ л гэхэд өөртөө зохисон дэгжин чанарлаг хувцас сонгохоос эхэлнэ. Тэр ч бүү хэл элдэв бараа бүтээгдэхүүнээс гадна найз нөхөд, эр нөхөрөө ч сонгоход тэр хэмжээгээрээ өөрт тохирох шалгуурыг судлаж олох хэрэгтэй болдог. Гэвч өөрийгөө олж таниагүй хүн шалгуураа зөв гаргаж чадахгүйд хүрдэг гэнэ. Тиймээс өөрийгөө олж таних, юунд дуртай юунаас таашаал авдаг бусдаас онцлох шинжээ судлах нь зохистой байдаг байна.
 
Бас нэгэн хатуу боловч үнэн зөвлөгөөг агуулсан жишээг энд бичмээр санагдлаа.
Их сургуульд сурч байсан Цэцгээ охины аав ээж нь аргагүй тохиолдлын улмаас жилийн чөлөө аваач гэж гуйжээ. Энэ үед эрэгтэй дүү нь их сургуульд элсэх болж 2 хүүхдийн төлбөрийг төлөх боломжгүй болсон болохоор ийнхүү гуйсан аж. Гэвч охин зөвшөөрсөнгүй. Яадаг ч байсан сурахаа зогсохгүй үргэлжлүүлэх тухайгаа эцэг эхдээ хэлжээ. Гэтэл эцэг эх нь түүнд дургүйлхэж амиа бодогч өөдгүй амьтан мэтээр уурлаж байсан ч тухайн үед аргалаад зээл аваад дүүг нь сургуульд оруулж байж. Нэлээн хэдэн жилийн дараа аль аль нь сургуулиа төгсөж том болцгоожээ. Нэг удаа охин нь аав ээждээ хандаж хэлж гэнэ. "Надад цуглуулсан мөнгө байна. Үүгээр хэдүүлээ орон байраа томсгож сайжруулья" гэж гэнэ. Тэгтэл ээж аав нь санаа нь зовж "Хэрэггүй дээ чи үүнийгээ хуримандаа хэрэглэ. Тэр үед мөнгө хэрэг болно шүү" гэтэл охин: "Би хуримандаа хэрэглэх мөнгөө бэлдээгүй байсан бол юу гэж энэ мөнгийг өгөх вэ дээ" гэсэн гэнэ. Тэгтэл аав ээж нь ихэд баярлаж хэдийдээ энэ их мөнгийг хуримтлуулж чадав аа, яаж ийм мундаг зорилготой байж чадсанг нь гайхширч, амиа хичээдэг гэж ярьдаг байсныгаа бодон ихэд ичсэн гэнээ.
 
Үүнээс харахад хүний тууштай зорилго гэдэг бол маш том амжилтын суурь болж өгдөг болохыг харуулж байгаагаас гадна, энэхүү номын зохиогчийн хэлсэнчлэн тухайн үеийн "сонголт" маш том үүрэгтэй болох нь нотлогдож байна.
20 нас бол бусдыг энэрдэг нас биш харин амиа хичээгч байж өөрийнхөө төлөө хөдөлмөрлөж эцэст нь боловсорсон хойноо бол бусдад бодитой тус хүргэх нь зөв юм гэсэн санааг илэрхийлэхийг зорьжээ. Мөн амиа хичээх гэдгийг хэтрүүлэн ойлгож болохгүй хамгийн гол нь яг аминд тулсан үед хамгийн хэрэгтэй буюу илүү ирээдүйг харсан сонголт хийх гэсэн утгаар тайлбарлаж буйгаа давхар сануулсан байна.
 
Амьдралд зайлшгүй нөлөөтэй нэгэн чухал харилцаа бол найз нөхөд. Хүн хүссэн хүсээгүй өөрийнхөө хүрээлэлд уусдаг тул энэ зарчмыг өөртөө эерэгээр ашиглах боломжтой гэнэ. Болж өгвөл өөрөөсөө илүү (мундаг) хүмүүстэй уулзаж тэднээс суралцаж зэрэгцээд хөгжихийг зорихоос гадна хүнтэй чин сэтгэлээсээ харьцаж сураарай. Тэгж чадвал таны амьдралын түшиг тулгуур болох болно гэжээ. Жишээ нь: Жавхаа бүсгүй маш их сэтгэлийн шаналалтай үе дээрээ явж. 2 жил үерхсэн найз залуугаасаа салсны хажуугаар удирдлагатайгаа ч ам мурийн ажил дээрээ таагүй уур амьсгалтай болов. Тэгээд гадуур стрэссээ тайлсаар байгаад бодлогогүй зардал ихсэж түрийвч нь хоосорч мөнгө зээлж амьдрахад хүрэв. Ахлах сургуулийн найз Ариунаатай тааралдаж хамтдаа баахан бие биеийнхээ бухимдалыг сонссоор сүүлдээ өөрсдийгөө өрөвдөхөөс өөр шийдэлд хүрсэнгүй. Гэтэл нэг өдөр их сургуулийн найз Болороотой өдрийн хоол идэхээр болов. Гэтэл Болороо нь Жавхааг харангуутаа л "Чи их туржээ. Өмнөхөөсөө ч илүү дэгжин харагдаж байна гээч" гэж хэллээ. Өөрийнхөө доторх шаналалаас болж Жавхаа маш муухай харагдаж байгаа байх гэж бодсон бодол нь тэр дороо өөрчлөгдсөн ч ахиад л нөгөө удирдлагынхаа хэцүү зан аашнаас болж зовж байгаагаа ярьлаа. Гэтэл Болороо "Манай ажилд яг чам шиг ийм тохиолдол байсан. Харин одоо тэр хүн аягүй сайн яваа. Тэгж байгаад л өөрчлөгднөө" гэх түүний өөдрөг хандлага нь яагаад ч юм түүнд их сайхан сэтгэлд нь гэгээ татах шиг уужралыг мэдрүүлэв. Түүнээс хойш Жавхаа найз Болороотой илүү ойр болох хүсэлтэй болж уулзах бүртээ стрэсс нь бага багаар тайлагдсаар удирдлагатайгаа ч эвтэй болж, сайхан найз залуутай ч болсон гэнэ.
Эргэн тойронд чинь хэдий чинээ өөдрөг үзэлтэй хүн байна төдий чинээ таны амьдрал өөдлөх магадлал ихсэнэ гэдгийн жишээг харуулсан санагдана.
Өөдрөг энергийг тасралтгүй үйлдвэрлэх нэг арга нь "Өөдрөг өдрийн тэмдэглэл" 📖 хөтлөх. Энэ дэвтэртээ, өдөрт тохиолдсон зөвхөн сайн сайхан үйл явдлыг бичих ба ирээдүйд найдаж байгаа сайхан зүйлээ ч бич гэжээ. Гутранги үзэл төрөх гунигтай өдөртэй учрах үед энэ дэвтрээсээ та дараагийн өдрийн эрч хүчийг олж авах болно. Мөн ийнхүү бичгээр баталгаажуулж үлдээсэн хүсэл нь сэтгэл дотроо тээж яваа хүслээс илүү хурдан химийн урвалд орох мэт биелэлээ хурдан олдог байна.
 
20 насанд заавал суралцах ёстой бас нэгэн зүйл нь мөнгөний талаарх ойлголт. Эдийн засгийн холбогдолтой номноос заавал 2-г унших хэрэгтэй. Ингэж чадваас эдийн засгийн хувьд суурь мэдлэг сууснаар мөнгийг үнэлж бас зөв зарцуулах арга ухааныг эзэмших болно. 20 насанд та мөнгөгүй ядуу байж болно, харин 10 жилийн дараа ч гэсэн хэвээрээ байвал энэ үед ичих хэрэгтэй шүү гэжээ. Мөнгийг бага гэлтгүй хурааж сурсан хүн мөнгөтэй харьцах үзэл нь аажимдаа сайжирсаар байдаг. Мөнгөний гадагш гарах урсгал хэр зөв байна буцаж ирэх нь төдий хэмжээгээр сайн байдаг тул зарлагаа ч мөн хянах ёстойг анхааруулжээ.
За ингээд хамгийн чухал зайлшгүй ярих шаардлагатай сэдэв бол нөхөр. Ирээдүйн нөхрийг сонгоход 2 зүйл дээр ямар хандлагатай байгааг ажиглах нь чухал гэжээ.
 
1. Хайр
2. Мөнгө
 
Хайр мөнгийг орлохгүй, мөнгө хайрыг хэмжихгүй.
Хайртай хүнээсээ хайрын тухай ямар ойлголттой явдаг, мөн хэрхэн хадгалж тордож чадах тал дээр нь ажиглах хэрэгтэй гэжээ.
Мөн хосуудын хувьд хэдий бие биедээ хайртай ч эдийн засгийн хувьд дарамт шахалтын улмаас хоорондох харьцаа хөндий хүйтэн болдог гэдэг үнэнийг мэдээсэй гэж зөвлөсөн байна.
 
Чимгээ бүсгүй гэрлэх болсон талаараа найзууддаа хэлжээ. Гэтэл сүүлд нь сонсохнээ тэр залуу эдийн засгийн хувьд төдийлөн сайнгүй байжээ. Хурааж цуглуулсан юм ч байхгүй, сарын цалин ч гавих юмгүй жирийн нэг компанийн ажилтан байлаа. Ядуу хүнтэй суухгүй гэж ярьдаг байсан Чимгээг яагаад тэр залуутай гэрлэх болсон талаар найзууд нь асуужээ. Гэтэл Чимгээ "Анх энэ хүнтэй уулзахад миний сэтгэл татагдсан ч гэрлэх хүн биш байна гэж бодогдлоо. Гэвч хэд хэдэн удаа уулзахад ар гэр нь чинээлэг айл биш ч гэлээ эцэг эх нь хөгширсөн хойноо хэрэглэх мөнгөө бэлдсэн, бас энэ залуу эдийн засгийн талаар өргөн мэдлэгтэй болохыг олж мэдэж. Мөн болзоон дээрээ тансаг хоолоор дайлсан хэрнээ замдаа бензин авахдаа хямдралын картаа ашиглаж байлаа. Хэдийгээр сургуулиа дөнгөж төгсөөд бага цалингаас эхлэж байгаа ч гэлээ түүний мөнгийг хэрхэн хэрэглэж байгаа хандлагыг харахад өсөн дэвжих ирээдүйтэй болох нь харагдсан. Бас ч болоогүй өөртөө багахан цуглуулсан мөнгөөрөө бонд худалдаж авсан байсан. Бондынх нь ашиг ч бас гайгүй. Мөн гэрлэхээсээ өмнө амьдрах байраа хэрхэн бэлдэх талаараа боловсруулсан төлөвлөгөөгөө надад харуулсан. Тэгээд надад 20 жилийн дараа би баяны эхнэр болохым байна гэж санагдсан юм даа" гэжээ.
 
Гэрлээд 2 жил болж байгаа тэд орон сууцтай ч болж тэр орон сууцных нь үнэ тасралтгүй өсөж байжээ.
Энэ тохиолдолд бүсгүй өөрөө санхүүгийн тал дээр мэдлэгтэй байж энэ болгоныг ажиглаж чадсан байна.
Зөв гэрлэлт бол тухайн эмэгтэйн нүдний гал нь үргэлж өнгө зүстэй, хийморь золбоотой, сэтгэлийн амар тайван цогцолсон, зорилготой, тэмүүлэлтэй амьдрахуйг хэлнэ. Мөн харилцан бие биенээ хүндлэн дэмжих, хамтдаа амьдралын агуу их түүхийг бүтээх нугарашгүй зүтгэлийн хугарашгүй хос багана мэт хамтын хөдөлмөр л байх юм байна даа гэх ойлголт толгойд үлдэв. Амьдрал гэгч зогсолтгүй явах вагонд суухаасаа өмнө хариуцлагатайгаар сонголтоо хийж насан туршдаа түүхээ бүтээлцэх хамтрагч буюу нөхөрөө зөв сонгоно гэдэг энэ насны жаргал юм.
 
Өсвөр насны охид бүсгүйчүүл унших хэрэгтэй ном байна шүү гэж зөвлөмөөр байна.
 
Хүндэтгэсэн,
Сугараа
Close

50% Complete

Two Step

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua.