Эцэг, эхчүүдээс үр хүүхдэдээ өгөх хамгийн том бэлэг бол “өөртөө итгэх” итгэл юм. Эцэг, эхчүүдэд зориулсан ном бичдэгээрээ алдагтай сэтгэл зүйч Карл Пикхардт хэлж буйгаар өөртөө итгэлгүй хүүхдүүд аливаа шинэ зүйлийг туршиж, оролдож үзэхээсээ эмээдэг буюу алдаа, дутагдал гаргаж зэмлүүлэхээс айдаг, үүнээсээ шалтгаалж ямар нэгэн хүч чадал шавхсан зүйлд өөрийгөө автоматаар чадахгүй гэж ойлгуулах, мөн бие бялдар, сэтгэл зүйн тэсвэрийн хувьд бусад энгийн хүүхдүүдээс харьцангуй сул дорой болж өсдөг бөгөөд энэ нь ирээдүйн амьдралд нь маш сөргөөр нөлөөлдөг.
Ийм учраас та эцэг эхийн хувьд өөрийн хүүхдийнхээ оролдлогуудыг дэмжих, тэднийг бие бялдар, сэтгэл зүйн хувьд өөртөө итгэлтэй нэгэн болгож өсгөх нь таны туйлын чухал үүрэг юм.
1. Ялсан ч бай, ялагдсан ч бай оролдлогыг үнэл
Таны хүүхэд өөрийн багийн ялалтын гоолыг хийсэн ч бай эсвэл ялагдал хүлээх алдааг гаргасан ч бай түүнд оролдлого хийснийхээ төлөө баяр хүргэ. Таны хүүхэд хэзээ ч оролдлого хийснийхээ төлөө ичих ёсгүй.
Пикхардтын хэлж буйгаар урт хугацаандаа тогтмол оролдлого хийж буй хүүхдүүд илүү өөртөө итгэлтэй болох буюу сэтгэл зүйн хувьд нэг оролдлогоор амжилтад хүрсэн хүүхдүүдээс илүү тогтвортой байдаг.
2. Давтлага, оролдлого хийхийг нь дэмж
Аливаа зүйлийг сайн суралцахын тулд мэдээж тогтмол давтлага, оролдлого хэрэгтэй. Эцэг, эхчүүдийн хувьд үүнийг маш сайн мэддэг ч хүүхдээ сайн байлгахын тулд тэдэнд маш их сэтгэл зүйн дарамтыг өгдөг. Тиймээс үүнийг хийхдээ хүүхдэдээ учрыг нь ойлгуулж энэ зүйл нь өөрт нь ямар ач холбогдолтой гэдгийг тайлбарласны дараа аль болох өөрөөр нь эхэлж давтуулж, тодорхой заасан хугацаанд хүүхэд өөрөө дарамтгүйгээр давтлага хийх боломжийг бүрдүүлж өгөхийг хичээх хэрэгтэй.
3. Өөрийн асуудлаа өөрөө шийдэх боломжийг нь олго
Хэрвээ бүхий л зүйл дээр та хүүхдийнхээ өмнүүр орж асуудлыг нь шийдэж өгөөд байвал хүүхэд тань асуудал үүсэхэд ганцаараа өөрөө мэдэж шийдвэрлэх чадваргүй болох буюу өөрийн шийдвэртээ эргэлздэг, итгэлгүй нэгэн болдог. Хүүхдийг багаас нь өөрөөр нь тоглоомыг нь сонгуулж, өөрөөр нь аливаа зүйл дээр шийдвэр гаргуулж, өөрийнхөн санал бодлыг түрүүлж сонсож байх хэрэгтэй.
4. Хүүхдийг хүүхэд чигээр нь байлгах
Таны хүүхэд айлын том гээд заавал томчууд шиг дүү нараа харж, тэднийг халамжлах, гэр орноо цэвэр цэмцгэр байлгах үүрэггүй. Хүүхэд бол хүүхэд та түүнээс наснаас нь илүү зүйлийг хүсэж өөртөө итгэх итгэлийг нь унагаах шаардлагагүй.
5. Сониуч зангыг нь дэмж
Заримдаа хүүхдүүд эцэг, эхээсээ зогсолтгүйгээр яагаад, ямар учраас гэх мэт асуултууд асуудаг, энэ нь нэг талаар залхмаар байж магадгүй юм. Гэхдээ эцэг, эхийн хувьд та энэхүү асуултуудыг нь маш сайн дэмжих хэрэгтэй яг нь энэ мөчид хүүхдийн оюун санаа хамгийн ихээр тэлж байдаг буюу хүмүүстэй харилцах ерөнхий дадал нь үүсэж байдаг. Та хүүхдэдээ хариулснаар тэд таны өгсөн мэдээллийг хүлээн авч түүнийг шууд амьдрал дээр туршиж үзэх буюу илүү хурднаар суралцах боломж нь бүрдэж байдаг.
6. Хүүхдийнхээ үзүүлсэн үзүүлэлтийг хэзээ ч бүү шүүмжил
Хүүхэд бол таны шууд тусгал хэрэв хүүхэд нь хичээл дээрээ төдийлөн сайн дүнг авч чадахгүй байгаа бол энэ нь та хүүхдэдээ хир цаг хугацаа, ач холбогдол өгч байгаагийн шууд харуулж буй таны үзүүлэлт юм, тэдний бус. Та мэдээж хүүхдэдээ тодорхой, бодитой саналыг, зөвлөмжийг хэлж болох боловч түүнийг муу байна гэж шүүмжилж болохгүй.
Та хүүхдийг шүүмжилснээр тэд таниас өөрийн асуудлуудаа нуух, шинэ зүйлийг турших хүсэлгүй болж байдаг.
7. Хүүхдэдээ чадал сорьсон даалгаврыг өг
Аливаа том зүйл жижиг зүйлээс эхэлдэг буюу жижиг зүйлүүдийг эхэлж хийж сурч байж том зүйлд хүрдэг гэдгийг ойлгуулахын тулд баг багаар өөрт нь тохирсон үүрэг, даалгавруудыг өгч хийх бүрд нь тэдэнд урам өгч бай. Гэхдээ мөн хариуцлага гэдэг зүйлийг ойлгуулах буюу өгсөн үүрэг даалгаврыг бүрэн гүйцэд хийх нь ямар ач холбогдолтой гэдгийг ойлгуулахыг хичээгээрэй.
8. Өөрийн санаа зовж буй зүйлээ тэдэнд бүү хэл
Би чамайг тэгчих вий гэж санаж зовж байна гэж хэлэх нь шууд хүүхдийн итгэлийг буулгаж байдаг. Хүн бүр өөр, таны хүүхэд ч гэсэн, тиймээс таны чадаагүй зүйлийг эсвэл таны бодож буй зүйлийг хүүхэд хийж чадахгүй гэсэн зүйл байхгүй.
9. Амьдралаас зугтсан виртуал ертөнцөд цагаа өнгөрүүлэхийг нь бүү зөвшөөр
Хүүхдийнхээ интернетийн ертөнцөд өнгөрүүлэх цагийг аль болох багасга. Амьдрал бодит харилцаа нь дээр оршдог учраас аль болох хүүхдээ бусад хүүхдүүдтэй тоглож, гадуур буюу бодит амьдрал дээр цагаа өнгөрүүлэхийг дэмжээрэй.
10. Та өөрөө хүүхдэдээ үлгэрлэ
Эцэг, эх бүр үр хүүхдийнхээ хувьд үлгэр дууриал авах баатар нь байдаг. Тэд өсвөр нас хүртлээ ээж, аавынхаа үйлдлийг ерөнхийдөө даган дууриаж, хуулбарлаж байдаг. Та өөрөө өөртөө хэр итгэлтэй байна, өөрт оногдсон ажил, төрөл үүрэг даалгавараа цаг хугацаанд хэр чанартай хийж байгааг хүүхэд харж байдаг. Эцэг, эх нь өөрсдөө амьдралд дээр амжилт үзүүлж, тэрийгээ хамтдаа гэр бүлээрээ тэмдэглэх нь хүүхдэд маш эеэргээр нөлөөлөх буюу өөртөө итгэх итгэлийг илүү ихээр өгч байдаг.
50% Complete
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua.