БОСС БҮСГҮЙ

Америкийн нэр хүнд бүхий Форбс сэтгүүлд "Өөрийн хүчээр хөрөнгөжсөн эмэгтэйчүүд" хэмээх жагсаалтад хориодхон настай залуу бүсгүй 2016 онд хүч түрэн орж иржээ. Тэрээр бусад охидын ажил хайж, анкет бөглөдөг насан дээр интернэтэд суурилсан загвар худалдааны "Насти Гал" хэмээх компани үүсгэн байгуулж өндөр амжилтад хүрсэн байна. Түүгээр ч барахгүй өөрийн биснесийн түүх, ажил хэргийн ертөнцөд хэрхэн манлайлах тухай "Босс бүсгүй" номоо гаргаснаар мөн л дуулиан тарьжээ.
 
Тэрээр өмнө нь дээд сургууль төгсөөгүй ч, 20 гаруй төрлийн ажлыг хийж үзсэн боловч өөрт нь нэг л таалагдсангүй, зөвхөн хоолныхоо мөнгө олох зорилгоор л дур муутайхан ажилладаг байж. Гэвч энэ үедээ маш их туршлага хуримтлуулж аливаад сэтгэлээсээ хандахын чухалыг сурахаас гадна үйлчлүүлэгчтэй зөв зохистой харьцах талаар чамлахааргүй ихийг ойлгож авчээ.
 
Хэсэг ажилгүй байсан үедээ зүгээр сууж чадалгүй дуртай зүйлээ хиймээр санагдаж хуучин хувцасны худалдаанаас хямд хувцас (үнийг нь дахин буулгаж) худалдан аваад түүнийгээ өөртөө зориулан загварыг нь засаж өөрчилж, мөн дахин давтагдашгүй этгээд онцлог байдлаар өөрчилсөөр эцэст нь Винтаж загварыг сонирхон энэ чиглэлээр хувцас урлах хүсэл тэмүүлэл нь өдгөө бизнесийн санаа болсон ажээ. Тэрээр зөвхөн ганцаараа урлаж, гэрийнхээ грашийг загварын тайз мэт хувирган засаж түүндээ сурталчилгааны зургуудаа бэлддэг байжээ. Мөн захиалга авсан хувцаснуудаа үнэтэй брэндийн хувцаснаас дутахааргүйгээр боож, хайрцаглаж өөрийн биеэр хүргэж өгөхөөс гадна үйлчлүүлэгчдийнхээ хүсэл сонирхолд нийцэх шинэлэг загвар, өвөрмөц байдлыг үргэлж эрэлхийлж, гадуур дэлгүүрүүдээр судалгаа хийн, ихэд завгүй хөдөлмөрлөсөөр ирсэн түүхтэй. Энэхүү хүч хөдөлмөр нь зүгээр л ямар нэгэн зүйлд донтсон мэт л ямар ч цагийн хэмжээ хязгааргүйгээр дурлан шунаж хийдэг байсантай нь нягт холбоотой байсан хэмээжээ. Мөн бусдад хандаж өөрийнхөө эрхэмлэдэг зарчмыг дурдахдаа: "Хэрвээ чи аливаад чин сэтгэлээ зориулан хичээвэл заавал үр шимийг нь хүртэх болно" гэж зөвлөсөн байна.
 
Мөн өсвөр насны охидын дунд өөрийн “my space” хуудсан дахь 65000 дагагчаа өөрийн бүтээгдэхүүний гол хэрэглэгч болгож чадсан бөгөөд “eBay” гэгч интернэт дэлгүүрийнхээ эхний хэрэглэгчид болоход нь бүхий л талаараа нөлөөлсөн байна.
 
Ингээд 2 жилийн дараагаас хамгийн анхны ажлын өрөөгөө Калифорнийн Бениша хотод 100м2 талбайг түрээслэн www.nastygalvintage.com хэмээх домен хаягтайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлж чадсан байв.
Тэрээр бүсгүй хүний боловсролоос илүүтэйгээр хийж буй үйл хэрэг, ашигтай туршлага нь хүний амьдралд бодитой хувь нэмэр оруулж чаддаг болохыг тэр үед ойлгож авчээ.
 
•Бизнест нөлөөлөх давуу тал
Судалгаанаас үзэхэд дэлхий дээрх нийт бараа бүтээгдэхүүний борлуулалтын 81%-нь зөвхөн эмэгтэйчүүдийн худалдан авах шийдвэрээр арилжаалагддаг байна. Өргөн хэрэглээний, хүнсний, гэр ахуйн, хүүхдийн, гоо сайхны гээд бүхий л нэр төрлийн бараа бүтээгдэхүүний эцсийн шийдвэрийг айл өрхөөс дийлэнх тохиолдолд ээжүүд гаргадаг гэдэг нь нотлогджээ. Тиймээс корпорациуд бүтээгдэхүүний бодлогоо тэр чигт нь эмэгтэйчүүд рүү чиглүүлэхээс өөр сонголтгүй юм.
 
•Бизнесийн зарчим, арга барилуудаас нь дурдахад:
 
- Бизнесийн амин чухал сүнс нь мөнгө биш чин сэтгэл;
- Загвар бүрийнхээ зураг авалт, бүтээгдэхүүнийхээ тайлбарт онцгой анхаарч цаг хугацаа зарцуулах;
- Тухайн загвар онцгой тул загвар өмсөгч мөн адил онцгой байх;
- Хийж буй бүтээгдэхүүндээ чанар болон хурдыг илүүтэйгээр чухалчлах;
- Хэрвээ ямар нэгэн зэвүүн загвар борлуулалт сайтай байвал тэр загварыг тойруулан өөр хэд хэдэн загварыг салбарлуулан зохион бүтээх;
- Үйлчлүүлэгчдийн тавьсан асуултад нэг бүрчлэн хариулах;
- Гоёмсог баглаа боолт нь үйлчлүүлэгдийн сэтгэл ханамжид нөлөөлөөд зогсохгүй дахин үйлчлүүлэх хүсэл төрүүлэх;
- 300 доллараар даашинз худалдан авсан бүсгүйд 600 долларын сэтгэл ханамжийг мэдрүүлэх;
- Аль болох компанидаа хүндлэл, хамтын ажиллагаа, нээлттэй байдал ноёлсон уур амьсгалыг бүрдүүлэхийг хичээх;
- Ажилтнууддаа хийж бүтээсэнд нь тохирохуйц сэтгэлзүйн урамшуулал, шан, албан тушаалын ахилт зэргийг тохируулж зөв үнэлгээг хийх;
- Бизнест өрсөлдөгчөөсөө ялгарах жижиг өөрчлөлт нь том хувьсалыг авчирна;
- Хэрэглэгчийг баярлуулахын тулд өөрөөс гарч болох бүхнийг шавхах;
- Хэрэглэгчийн санаанд хүрсэн бүтээгдэхүүн нь дараагийн хэрэглэгчээ үнэ төлбөргүйгээр өөрөө үйлдвэрлэж өгдөг. Энэ нь амнаас ам дамжсан марктингийн хэрэгсэл болдог ба энэ зарчмыг ашиглахыг эрмэлзэх; гэх мэт олон зарчмуудаа дэлгэн тайлбарлажээ.
 
Мөнгөний тухайд:
Мөнгийг олж сурахаас гадна мөнгийг хэрхэн зөв захиран зарцуулах нь чиний ирээдүйд хийх хамгийн хэрэгтэй үйлдлүүдийн нэг. Эмэгтэйчүүд бид сэтгэл хэт их хөөрсөн эсвэл гунигласан үедээ шоппинг хийх, мөнгө үрэх сонирхолтой болдог нь нууц биш. Тиймээс мөнгө сэтгэл хөдлөл 2-оо салга. Энэ 2 нэг хөнжилд орвоос сэтгэл хөдлөл үргэлж хүчирхийлэгч байдаг. Мөнгөтэй холбоотой шийдвэрийг хамгийн тайван агаад ухаалаг үедээ гаргаж бай. Томоохон дүнтэй худалдан авалтыг тэр тусмаа.
<<Бэлэн мөнгө бол хаан>>
4-р ангид байхдаа аавын минь ер бусын гунигтай царайнаас гарах "Бэлэн мөнгө бол хаан гээч нь юутай үнэн бэ" хэмээн хэлсэн үг нь одоо ч миний халаасанд явдаг. Аав ээж минь тэр үед санхүүгийн хүнд хэцүү нөхцөлд орсон байлаа.
Мөнгө ихийг олох тусмаа ихийг үр гэдэг дүрмийг би л хувьдаа сахидаггүй. Олсон бүхнээ бизнесийн дараагийн өсөлтөд зориулж, мөнгийг зардал биш хөрөнгө оруулалт болгон ашиглах зарчмыг баримталдаг. Учир нь надад мөнгө үрэхээс илүү мөнгө хийх нь зугаатай байлаа. Зөвхөн зайлшгүй шаардлагатай гэсэн зүйл дээр мөнгө зарцуулдаг байсан. Мөнгө мөнгөө үйлдвэрлэдэг тул үнэтэй тансаг гутлаас ч зайлсхийх хэрэгтэй болдог.
 
Мөнгөн дээр баримтлах 2 зарчим:
1. Худалдаж авснаасаа илүү үнээр зар
2. Үрснээсээ илүүг хадгал
 
Өөрийнхөө орлогын ядаж 10%-г хадгалж сураарай. Хадгалж буй дансаа март. Энэ нь хэзээ нэгэн цагт хүнд байдлаас аврах эрсдэлийн сан болох учиртай. Мэдээж өөрийн сайн сайхан амьдралд эрүүл зарцуулалт хийхийг хориглохгүй. Тиймээс зээлийн карттайгаа бус хадгаламжийн данстайгаа илүү нөхөрлө.
•Хүсэл эрмэлзэл ертөнцийг аварна.
Бид хүсэл эрмэлзлийг амьдрах хугацаандаа гадаад орчноос, эргэн тойрны хүмүүсээс, өрнөж буй үйл явдал тэр бүү хэл хэвлэл мэдээллээс ч олж авдаг. Хүсэл эрмэлзэл анхлан хүндээ төрөхдөө тохиолдлын шинж чанартай байдаг. Дангаараа хүсэл эрмэлзэл нь юу ч биш ор хоосон зүйл. Гэвч бүхий л шаргуу бүтээгчдийн гол шатахуун түлш нь хүсэл эрмэлзэл байдаг. Тэд өөрт буй тэрхүү шатахууныхаа тусламжтайгаар удаан хугацааны туршид хөдөлмөрлөж бусдаас тохой өндөр авьяас, ур чадварыг эзэмшсэнээрээ дэлхий ертөнцийг донсолгосон бүтээмж хийж чаддаг. Тиймээс уйгагүй хөдөлмөрийг зуршил болго! Хүсэж мөрөөдөхөө хэзээ ч битгий зогсоо.
 
•Өөрөөрөө байх
Чи бол эх хувь. Хүн бүр дахин давтагдашгүй эх хувь болон хорвоод мэндэлсэн. Өөрийн дүрээр амьдарч эхэлсэн цагаас та амьдрал ямар гайхалтай агаад таны төсөөлж байсан шиг тийм ч олон зүйл нэхдэггүйг олж мэдэх болно.
Өөрийгөө тань. Өөрийнхөө давуу болон сул талаа мэдэрч хүлээн зөвшөөр. Сорилт бэрхшээл бүрийг ялах бүртээ өөрийгөө урамшуул. Тэрхүү баяр тань дараагийн сорилтыг давахад цэнэг болох учиртай.
Өөрийн үзэл бодол, мэдрэмжээ аль болох шударгаар илэрхийлэх нь өөрөөрөө амьдрахуйн хамгийн чухал бүрдэл хэсэг. Хүмүүст үнэнийг хэлэх бүртээ бид илүү эрх чөлөөг мэдэрч байдаг. Шударга харилцаанд магтаал шүүмжлэл аль нь ч багтана гагцхүү цагаа олсон тунгийг нь тааруулсан байх нь чухал.
Бизнес эрхлэгчийг 2 төрөлд ангилна.
 
1. Өндөр боловсрол эзэмшиж, өөрийгөө сайтар хөгжүүлснээр өөрийн бизнесийг нягт төлөвлөгөөтэйгээр эхлүүлэх
2. Шууд эхлэж, явцдаа суралцаж дадлагаар мэдлэгших
 
Энэ төрлийн 2 дахь нь София Аморусо. Ердөө л еВау дээр дэлгүүр нээж ажилласаар нэг л мэдэхэд бизнес болтлоо өргөжиж 350 гаруй ажилтантай болж, цагийн дотор 150,000 долларын борлуулалт хийдэг болтлоо өргөжиж чаджээ. Бизнес бүр заавал бизнес төлөвлөгөөнөөс эхлэх албагүйг эндээс харахад тодорхой байна.
 
Эцэст нь хэлэхэд өөрт төрсөн жижигхэн санаагаа зүлгэ. Эсвэл хэн нэгний санаанаас сэдэвлэн санаа авч түүнийгээ танигдахгүй болтол нь өөрчилж сайтар зүлгэж чадвал мөрөөдөөд буй шилдэг санаа чинь өөрөө айлчлан ирнэ. Өөрөөр хэлвэл өөрийнхөө доторх би-г сайжруул, хөгжүүл, бүтээлч бай, доторх хүсэл мөрөөдлөө амилуул.
 
Аливаа бизнесийг эхлүүлэхэд тохиромжтой цаг гэж хэзээ ч үгүй. Энэ нь таны айдас садаа болж байгаа хэрэг. Төгс үеийг хүлээгээд хэзээ ч эхлэхгүй байснаас төгс бусын дэмжлэгтэйгээр яг одоо эхлүүл гэсэн зориг тэмүүллийг бусдад түгээхийг энэхүү номын зохиогч зорьжээ.
 
Сугараа,
Copy from Sugarmaa Zunduidorj
Close

50% Complete

Two Step

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua.