Энгийн дадал

Ахлах сургуулийн урдаа барьдаг тамирчин, бэйсболийн багийн шилдэг тоглогч явсан миний амьдрал тэр нэг өдрийн золгүй явдлаас болж орвонгоороо эргэсэн юм. Хамтран тоглогчийн маань цохиур нисэн ирж нүүрэн дээр бууснаас болж нүүрниий яс энд тэндгүй цуурч, хамар хугарч, тархинд хаван үүсч, нүд бүлтэрч хүн танихын эцэсгүй эрэмдэг, хөл дээрээ тогтож чадахгүй өрөөл татанхай амьтан болон хувирч билээ хэмээн уг номын зохиолч дурсчээ.
 
Мэргэжлийн бейсболчин болно гэсэн хүслээр жигүүрлэн нисч явсан үедээ гуйвж дайвсан, юмыг хэдэн давхар болгож хардаг болчихсон амьтан багаасаа хасагдчихаад асгартал уйлж сууснаа мартдаггүй.
 
Гэвч буцаад бэйсболоо тоглоно гэсэн хүсэл нь түүнийг яавал сайжрахав, яаж буцаад сайн тоглогч болохов гэдэг асуултуудад хариулах зам руу түлхсэн юм.
Эхний ээлжинд нойр сайн авах дадлыг өөртөө суулгахыг хичээв. Үеийнхэн компьютер тоглоом тоглож оройтож унтаж байхад би эрт орондоо ордог болов. Оюутны байрныхаа өрөөг эмх цэгцтэй байлгаж сурав. Ингэснээрээ амьдарлаа өөрөө хянаж байна гэсэн сэтгэгдэл төрж өөртөө итгэлтэй байдал минь сэргэж байлаа. Энэ байдал минь ч хичээл номонд нөлөөлж онц гарлаа. Хүндийг өргөх дасгалыг бага багаар нэмэгдүүлж хийсээр хүдэр чийрэг булчинлаг болов.
Өөртөө хэвшүүлсэн эерэг дадал зуршлууд минь хүршгүй мэт санагдаж байсан үр дүнгүүдэд хүргэж эхэлсэн юм.
 
Бейсболын цохиурт оногдон дамнуурга дээр ухаангүй эмнэлэгт хүргэгдэж байснаас 6 жилийн дараа Их сургуулийнхаа шилдэг тамирчин, бүх Америкийн оюутны шигшээ багийн тамирчин, олон олон шилдэг цомын эзэн болсон билээ.
Энэ номын зохиогчийн гол өгөх санаа нь жижиг жижиг зөв дадал зуршлыг баримталсаар байвал амьдралд томоохон өөрчлөлт заавал ирдэг гэсэн санаа юм. Бидний амьдрал дадал зуршлаас хамаарна. Сайн дадалтай хүний үйл хэрэг сайнаар л эргэдэг. Бүхнийг жижгээс эхлэх хэрэгтэй гэнэ.
 
Хүн ер нь өдөрт 1% сайжраад явахад 1 жил болоход ямар сайн болох билээ гэдэг хэсэг их сэтгэгдэл төрүүлэв. Тэгээд өмнөх өдрөөсөө муудчихгүйн тулд уншигч миний бие энүүхэндээ бас хичээж амьдарч эхэлдэг юм байна 😅. Өнөөдөр гүйхгүй ээ гээд орондоо хэвтэж байснаа 1% сайжрах манатай хэдэн хувь муужирлаа гэж бодогдонгуут харайн босч гарч гүйв.
 
Мэдлэг чадвар, дасгал сургуулилтаа тасралтгүй 1% л өдөр бүр ахиулаад байвал жилд 37 дахин сайжирна гэсэн математик гаргалгаа байна. Өдөрт 1% муудаад байвал харин бүр дүүрэхнээ… 😱
 
Хүмүүсийн гол асуудал нь хурдан үр дүнд хүрэхийг хүсдэгт байдаг. Бизнес хийгээд гялс баяжихыг, 2 хоног хоолоо сойгоод турахыг, 7 хоног фитнест яваад төгс бие бялдартай болохыг, тэр нь эс биелэхээр бууж өгдөг. Тэгээд хойш сууж хуучин хэвээрээ амьдарч эхэлдэг.
 
Муу зуршлыг давтахад бас адилхан тэр дороо өөрчлөлт өгөхгүй болохоор хүмүүс хийсээр байдаг. Жишээ нь эрүүл бус хооллоход өнөөдөртөө тийм ч муу юм болохгүй санагдана. Үүнээ байнга давтсаар байвал эрүүл мэндийг тань муутгаж доройтуулна.
 
Иймд буруу зуршлаа өөхшүүлэн давтахгүй байхад зориуд анхаарах хэрэгтэй ажээ.
 
Дасгал хийж булчинтай болоё гэж байснаа яаж ч хичээгээд болохгүй байна гээд буугаад өгчихдөг хүмүүс байдаг. Ухаандаа гадаа -6 хэмийн хүйтэнтэй байлаа гэж бодъё. -5, -4, -3—2 хэм болж дулаарч байхад мөс хэвээрээ л байгаад байна. Ерөөсөө хайлахгүй юм байна гээд -1 хэм дээр хаяад явчихаж байгаатай адил юм л даа, 0 хэм болохоос нь өмнө.
 
Зорилгод хэт төвлөрөхөө болиод арга замд анхаарлаа хандуул гэнэ. Ухаандаа 2 бөх байлаа гэхэд 2уулаа л ялна, түрүүлнэ гэсэн зорилготой. Олимпийн тамирчин бүр л алтан медал авах юмсан гэж боддог. Харин яаж бэлдэж, дасгал сургуулилт хийж ур чадвараа ахиулж буй нь гол түлхүүр. Эмх цэгцтэй цэвэрхэн амьдаръя гэж бодчихоод хаа сайгүй хувцсаа хөглөрүүлээд заваан суугаад байвал зорилго биелэх билүү? Гоё арьстай болохсон гэчихээд нүүрээ олигтой угаахгүй, мааск тавьчихдаггүй байвал яах билээ.
 
Буруу дадал зуршлаас салахад хүмүүс буруу арга хэрэглэдэг учраас гарахад хэцүү байдаг гэнэ. Дадал зуршлаа өөрчлөхөд анхаарал хандуулахын оронд өөрийгөө өөрчлөх ёстой гэнэ. Жишээ нь: Тамхинаас гарах гэсэн 2 хүний тухай өгүүлж байна. Тамхилах уу гэхэд эхний хүн би тамхинаас гарч байгаа гэж хэлээд татгалзана. 2 дахь хүн би тамхи татдаггүй гээд татгалзана. 2 уул татгалзсан боловч 2 дахь хүн өөрийгөө нэгэнт өөрчлөгдсөнөөр ярьж байгаа тул тамхинаас гарч чадах магадлал өндөр юм байна. Би ном бичмээр байна гэхийн оронд ном бичдэг хүн ямар зан чанартай зуршилтай байдаг билээ хэмээн бодоод түүнээ дагаж мөрдвөл үр дүнтэй юм байна. Гадаад хэл сурмаар байна гэж хүсэхийн оронд гадаад хэл сурсан хүн ямар зан чанартай байдаг талаар төсөөлөн бодож тийм хүн болохыг хүсвэл илүү үр дүнтэй гэнэ. Жишээ нь шургуу хөдөлмөрч, тууштай, зорьсондоо хүрдэг хүн болоё гэж хувь хүний чанар луу чиглэсэн зорилт тавьбал тэр хэлээ сурахдаа зориулах хандлага өөрчлөгдөх нь дамжиггүй болтой. Хувь хүний чанар нь дадал зуршлыг хэвшүүлдэг гол хүчин зүйл юм байна.
 
Сайн дадал зуршлыг хэвшүүлэхийн тулд 4 аргыг хэрэгжүүлэх хэрэгтэй юм ажээ.
1) Тодорхой болгох
2) Анхаарал татам болгох
3) Амархан болгох
4) Сэтгэлд тааламжтай болгох
 
Би гүйдэг болмоор байна гэж төлөвлөхийн оронд би Даваа, Лхава, Баасан гаригийн өглөө 7 цагаас цэцэрлэгт хүрээлэнг тойрч гүйнэ гэж цаг, байрлалтай нь тодорхой төлөвлөхөд түүнийг дагаж мөрдөх магадлал өндөрсдөг. Заавал бахардаж унатлаа их гүйх ч албагүй, 5 минут гэсэн ч болно гэнэ. Аливаа зүйлийг эхлүүлэхэд л хэцүү байдаг. Эхлүүлэх боломжийг өөртөө олгочихвол дараагийн удаа хийхэд амархан болдог байна. Яг үнэндээ 5 минут болчлоо гээд зогсчихдог хүн бараг байхгүй байх л даа. Бас дасгал хийхээр гарахдаа гоё бэлтгэлийн хувцастай бол сэтгэлд тааламжтай болох ажээ.
 
Тэгвэл муу зуршлыг болиулахын тулд бас эсрэгээр нь үйлдэх байх нь. Нүдэнд харагдахгүй, анзаарахааргүй, хэцүү, сэтгэл татам бус болгох жишээтэй. Зурагт их үзээд байвал залгуураар нь салгачих гэнэ. Буцааж залгах гэж түвэгтэй болдог тул энэ дадад зуршил багасах магадлалтай гэнэ. Муу зуршилтайгаа тэмцэж байхаар зайлсхийвэл дээр байдаг гэнэ. Жишээ нь ууж идэлтэнд очихгүй байх гэх мэт. Бас идээд таргуулаад байгаа дэмий зүйлсээ авч хөргөгчиндөө тавихгүй болчихвол их хэрэгтэй юм байна. Хэцүү болго, нүдэнд харагдахгүй болго дүрмийг дагаж би гар утсаа өөрийхөө хүрэхэд хол өндөр юман дээр тавьж орхидог болов, гэртээ. Үр дүнтэй санагдав.
 
Хийхийг хүсэхгүй боловч хийх ёстой зүйлээ дуртай юмтайгаа холбож хийвэл дадал болон тогтохдоо амар байдаг гэнэ. Жишээ нь фэйсбүүкэд орохоосоо өмнө 20 суниах, тоосоо соруулчихаад дуртай юмаа идэх ч гэдэг юм уу.
 
Эргэн тойрны хүмүүс бидэнд маш их нөлөөтэй. Найзууд тань хар тамхи татдаг бол та бас татаж үзмээр сонирхол төрнө. Бас найзуудтайгаа адилхан ярьдаг болдог, хүүхдүүдтэйгээ хүртэл адилхан ярьж уусдаг шүү дээ эцэг эхчүүд. Найз тань хэт таргалалттай бол таны таргалах магадлал 57% гэсэн судалгаа байна. Эсрэгээрээ гоолиг бол та гоолиг болох магадлал адилхан өндөрсдөг гэнэ. Хос хоёрын нэг нь жингээ хасахад, нөгөөх нь ер нь л бас хичээж эхэлдэг гэнэ. Ер нь сайн дадал зуршил хэвшүүлье гэвэл сайн дадал зуршилыг аль эрт өөр дээрээ хэвшүүлсэн хүмүүсийн дунд орох нь их үр дүнтэй арга юм байна.
 
Сайн дадал зуршлыг хэрхэн хэвшүүлэх вэ? Олон дахих давтаж хийж байж л зуршил болно гэнэ дээ. Өөр ч яах билээ. Гэхдээ амархан байлга гэнээ. Амархан бол халшрахгүйгээр бага багаар давтсаар дадал зуршил болгох юм байна. Өдөрт 2 үг цээжилнэ, ном нэг нүүрийг л уншина, 2 минут л өрөөгөө цэгцэлнэ, 3 удаа гар дээрээ суниана гэх мэтээр. Дуслыг хураавал далай гэдгийн үлгэр юмдаа. Дасгал хиймээр бол биеийн тамирын хувцсаа ил бэлэн байлга, хүүхдээ зураг зуруулмаар бол харандаа цаасыг нь ойр байлга гэнэ.
 
Дадал бүхэнд орчин, юмны байр байрлал нөлөөтэй юм байна. Их ус уумаар байвал хэд хэдэн савыг усаар дүүргээд гэрийхээ энд тэнд байнга явдаг газраараа байрлуулахад их амжилттай байна гэнэ. Нээрээ бас тавагтай жигнэмэг ил ширээн дээр байгаад байвал шүүрээд байдаг тул түүнийг нүднээс далд болговол амттан идээд байх нь багасах юм байна даа. Брэндийн дэлгүүрт нүдний харааны түвшинд байрлуулсан бүтээгдэхүүн сайн зарагддаг гэнэ.
 
Сонирхолтой санагдсан зүйл гэвэл муу зуршилтай хүмүүс орчноо өөрчлөхөд муу зуршлаа хаях магадлал их байдаг гэнэ. Жишээ нь Вьетнамын дайнд оролцогсод бултаараа хар тамхинд орж Америкт том түгшүүр үүсгэж байсан бол нутагтаа хариад үргэлжлүүлж донтсон хүмүүсийн тоо харьцангуй цөөхөн байсан байна. Үүнтэй адилхан бас сайн дадлаа хаячих гээд байх талтайг би бас мэдэх юм байна. Өөр хот руу нүүсэн чинь гүйдэг байсан зам минь өөр болоод дурлаж гүйхээ больчихсон байсан билээ.
 
Хүн ер нь муу дадал зуршлыг хаанаас олж авдаг вэ?
Яг үнэндээ ихэнх тохиолдолд юм бүхний эхлэл найзууд. Найзуудын чинь нэг тамхи татаж байвал та ч тамхи татаж лавтай үзнэ. Найзууд чинь ууланд алхдаг бол та бас алхаж үзнэ. Хэнтэй ойр байх вэ гэдэгтээ бас анхаарах хэрэгтэй байхнээ.
 
Дадал зуршлаа тунгааж үзэхгүй байгаа бол хэзээ ч толинд харахгүй байгаатай адил.
 
Хээрийн амьтад чоно, баавгай, зээр, тарвага өнөөдөр яаж хоолтой байхав, яаж идүүлчихгүй байхав, бороо цаснаас яаж биеэ хамгаалахав гэсэн асуудлуудтай, алс хэтийг бодох шаардлагагүй амьдралтай. Хүний тархи бас 200 000 жилийн тэртээх хомосапиенс өвгийнхөөсөө ялгаагүй, бас алс хэтийг бодох, төлөвлөх шаардлагагүй, дээр үеийн хэмжээгээрээ л байна гэнэ. Гэтэл шал өөр цаг үед аж төрөөд байдаг. Олдохоор нь хагартал идчихдэг нь тэр үеийнхээрээ сэтгээд байгаа хэрэг юм байна л даа гэж бодов хэ хэ.
 
Өнөөдөр мөнгө хадгалж эхэллээ гэхэд хэдэн арван жилийн дараа хуримтлалтай болдог, дасгал хийлээ гэхэд хэдэн сарын дараа үр дүн нь харагддаг, үр дүн нь алсдаа ирдэг цаг үед амьдраад байдаг, түүнд дасан зохицож зөв дадал зуршилтай амьдрахгүй бол ер амьтнаас ялгаагүй амьдраад байгаа хэрэг юм байна даа гэж бодлоо. Хорт хавдар үүсгэхийг нь мэдсээр байж тамхи татдаг, бэлгийн замын өвчин авахыг мэдсээр байж тохиолдлын хавьталд ордог, таргалуулдагийг мэдсээр байж эрүүл бус хоол хэт ихээр иднэ. Хариу нь яагаад вэ гэвэл яг одоо л сайхан мэдрэмж төрүүлж байгаа болохоор тэр. Олон мянган жил шууд үр дүн өгөх орчинд амьдарсаар хүний тархи тэр байдалдаа дасан зохицжээ. Гэтэл одоо сайхан санагдуулж байгаа зүйлс ихэнх тохиолдолд хожмын үр дүн нь хөнөөлтэй байх нь элбэг ажээ. Алс хэтийн үр дүнг чухалчилдаг улс элсэлтийн шалгалтанд өндөр оноо авдаг, архи тамхи хоолонд донтох эрсдэл бага, стрессийг давах бусаддаа нийцтэй харилцахдаа сайн байдаг гэнэ. Жишээ нь зурагт үзэх, хичээл хийх 2-ын алсад гарах үр дүн, дэлгүүрээс зайрмаг авч идэх, гэртээ хариад эрүүл гарын хоол хийж идэх 2 т том ялгаа бий. Уг нь одоо ТВ үзээд зайрмаг идчихвэл жаргах гээд байдаг. Тэгвэл яг одоо, дараа нь гэсэн 2 хүслээ холбож сайн үр дүн авчрах арга нэг үгээр тархиа хуурангаа эерэг үр дүнд хүрэх заль бас байдаг байна.
 
Өдөр болгон кофе авдаг 5 доллараа хадгалсаар нэг сарын дараа сайхан гутал авна гэж цуглуулвал тархи баяртай байх юм байна. Нэгэн хос ресторанд ордог мөнгөө хэмнэж гадуур идээгүй өдрөө 50 доллар цааш нь хийсээр нэг жилийн дараа Европ руу аялах мөнгөтэй болсон жишээ бас сайхан санагдлаа. Дасгал сургуулилт хийснийхээ дараа массажинд орж өөрийгөө шагнавал тархи баярлаж дасгал сургуулилтдаа дуртай болох жишээтэй. (Зайрмагаар шагнахгүй шүү 😄)
 
Яван явсаар хэсэг хугацааны дараа сэтгэл санаа тогтворжиж, эрч хүчтэй, стресс багатай амьдрал бүрэлдэн цогцолсноор шагналын шаардлагагүй аяндаа өөрөө зөв дадал зуршлууд тогтож таны хувь хүний чанар сайжрах юм байна.
Сайн дадал зуршлаа алдагдуулахгүй мөрдөж байх нэг арга бол түүнийг бичиж тэмдэглэх юмуу, календарь дээр зурах юм уу эргээд харахад тодорхой байвал их урамтай байдаг гэнэ. Үүний нэг жишээ нь хэр хол ямар хурдтай гүйснийг харуулдаг цаг, утасны аппликэшн мэт цааш үргэлжлүүлэн гүйх урмыг өгдөг.
Бид аливаа зүйлийг хийж байхад яах аргагүй шалтгаан гарч хойшлуулах шаардлага гардаг. Гэхдээ 2 дахь удаагаа хойшлуулж болохгүй гэдэг дүрмийг баримталвал их сайн юм байна. 2 дахь удаагаа өнгөрөөх нь муу зуршлын эхлэл, ялагч ядагдагчийн ялгаа энд л харагддаг гэнэ. Жишээ нь дасгал хийдэг хүн бол залхуу чинь хүрч байсан ч дасгалаа тааруухан хийж байсан ч хамаагүй, цөөхөн минут ч хамаагүй заавал хийгээрэй гэнэ. Хийвэл хийсэн шиг хийнэ, хийхгүй бол огт хийхгүй гэдэг хандлага замыг тань жинхэнэ алдуулдаг эд ажээ.
 
За тэгээд даваад гарч болохуйц бэрхшээлтэй тулгарсан цагт эрмэлзэл тэмүүлэл туйлын их бадардаг тул хэт амархан биш хэт хэцүү биш байх ёстой юм байвал зүгээр , сайн дадал зуршил тань. Ухаандаа 5 настай хүүхэдтэй теннис тогло гэвэл та 5 минут хүрэхгүй уйдна. Гэтэл мэргэжлийн мундаг тамирчинтай тогловол арчуулсаар байгаад таарахаар урам зориггүй болно. Тэгэхээр бодит өөртөө тохирсон, даваад гарч чадахуйц зорилтыг тавих нь зөв байхнээ.
 
Ахиц дэвшлийн төлөө алгуур зогсолтгүй урагшлах нь хамгийн зөв хандлага юм гэж ойлгож авлаа. Нэгэн дасгалжуулагчаас энгийн тамирчид гарамгай тамирчдын хооронд байх гол ялгаа юу вэ гэж асуухад өдөр бүр нэг юмаа хийх угаасаа уйтгартай, гэхдээ уйдсан ч, түүнээ даван туулж чаддаг чадвар гол ялгаа нь юм гэжээ. Амжилтанд саад болдог хамгийн том тотгор бол бүтэлгүйтэл биш уйдах явдал гэнэ. Хэрвээ та зөвхөн тааламжтай, сэтгэл татам зүйлд л төвлөрч ажиллахыг хүсдэг бол олигтой үр дүнд хэзээ ч хүрэхгүй гэнэ. Яршигтай, хэцүү, уур хүрмээр үед ч бууж өгөлгүй үргэлжлүүлдэг чанар жинхэнэ pro юу сонирхогч уу гэдгийг ялгаж өгдөг.
 
Энэ номыг уншсанаар миний бие өдөр бүр 1% сайжирахын төлдөө урагшаа гэдэг уриатайгаар өмнөх өдрөөсөө дордчихгүй санаатай сүүлийн хэд хоногийг урьдынхаасаа идэвхитэй өнгөөрөөлөө.
 
Та бүхэнд сайн сайхан дадал хэвшлийг хүсэн ерөөе!
 
Хүндэтгэсэн,
Дээгий
Close

50% Complete

Two Step

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua.