"ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АЛДАА"

Энэхүү номын зохиогч нь өөрөө гурван хүүхдийн ээж бөгөөд өдөр тутмын амьдрал болон багшийн мэргэжил нь энэ сэдвийг судлахад нөлөөлж, өөрийн болон бусад гэр бүлүүдийн амьдрал ахуй, тэдний хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж байгаа дээр хийсэн ажиглалт нь түүнийг баялаг туршлагатай болгож, зарим асуудлыг арай өөрөөр харж сургамжтай харьцуулалт хийн энэхүү номыг гаргахад хүргэжээ. Тэрээр “Хүүхэд хүмүүжүүлэх гэдэг нь өөрийгөө хүмүүжүүлэх хамгийн шилдэг арга” юм гэсэн байна.
 
Энэ номыг уншсанаар эцэг эхчүүдийн маш олон алдаа шүүмжлэлүүдийг олж харахаас гадна тэдгээр эцэг эхчүүдийн алдаагаа ухамсарлаагүйгээс болж үүсэх үл ойлголцол нь хүүхдийнх нь сэтгэлд нэмэгдэн нэмэгдсээр арилашгүй шарх буюу насан туршийн дайсагнал ч болж мэдэхийг анхааруулсныг ойлгох болно.
*Эцэг эхээ хайрлах хайр ба хүүхдийн сэтгэлийн шарх
Хүүхэд эцэг эхээ хайрлах хайрыг мэдэж төрдөггүй. Тэд хайрыг эцэг эхийнхээ өдөр тутмын амьдралын хэв маяг, харилцаа, үйл хөдлөлөөс нь, бусдад хэрхэн хайр халамж, хүндлэлийг харуулж байгааг нь ажиглан суралцдаг. Гэтэл эцэг эхчүүд хүүхдийнхээ дэргэд энэ жижиг хүүхэд юу ч ойлгохгүй гэж төсөөлөн хажууд нь хэрэлдэж, хүүхдээ төвөгшөөсөн байдлаар "Чи одоо хүүхдээ хараарай би чадахгүй шүү. Энэ хүүхдийг чинь хэн харах болж байна аа. Би ядарч үхэх нь. Миний ажил илүү чухал байна. Би өөрийнхөө ажлыг хийгээд амар байдаг байлаа" гэх зэргээр бяцхан зүрхэнд хар сүүдэр суулгаж байгаагаа мэдэхгүй маш том алдааг үйлддэг бөгөөд энийгээ ч зарим нь ухаарах сөхөөгүйгээр улам даамжируулдаг нь юутай харамсалтай вэ хэмээжээ. Энэхүү тайван бус амьдрал нь хүүхдийг аймхай, цочмог, хаагдмал үзэл бодолтой болгоод зогсохгүй энэ ертөнцөд төрсөн нь буруутай мэт санагдаж, амьдралд идэвхи сонирхол нь буурч, юмыг сайн сайхнаар харах үзэл нь арилдаг байна.
 
Гэтэл эсрэгээрээ, хүүхэд гэртээ хамгийн их аз жаргалыг мэдэрч, тайван уур амьсгалыг бүрдүүлсэн орчин нөхцөлд үгээ чөлөөтэй илэрхийлж, бусадтай нээлттэй, өөртөө итгэлтэй, сэргэлэн, цовоо болон төлөвшдөг гэжээ.
 
*Эрх мэдлийн хэтрүүлэг
Зарим эцэг эхчүүд эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэснээсээ болж хүүхдээ эвддэг. Жишээлвэл, хүүхдэдээ бусдын ярианд оролцох боломж өгдөггүй. "Чи юу мэддэг гэж хүнд заагаав. Дуугүй бай. Чиний оролцох сэдэв биш. Чамайг энд хэн дуудав" гэх зэргээр төвөгшөөж тэдний бодол санаагаа илэрхийлэх боломжийг нь хааж, тэдэнтэй нээлттэй ярилцаж тайлбарлахаасаа залхуурдаг эцэг эхчүүд нь хүүхдээ бүрэг ичимтгий, аймхай, өөртөө итгэлгүй хүн болгох магадлалтай байдаг гэжээ.
Өөр нэгэн алдааг нэмж хэлэхэд хоёр буюу түүнээс дээш хүүхэдтэй айлын зарим эцэг эхүүд том хүүхэддээ хамаг ар талын ажлаа даалгаж, хэрээс хэтэртэл нь ачаагаа үүрүүлдэг тухай онцолжээ. Хэдийгээр аргагүй нөхцөл үүсч дүүг нь харуулж, гэрийн ажлаар дардаг ч гэлээ айлын том хүүхэд ер нь дүүгээсээ хэдэн жилийн өмнө түрүүлж төрсөн л болохоос ялгаагүй л сэтгэл нь хүүхдээрээ л амьтан байдгийг санах хэрэгтэй. Тэд энэхүү дарамтаас болж өөрсдийнхөө хувь заяаг буруутгаж, заримдаа дүүдээ дургүй нь хүрч, атаархан эцэг эхдээ гомдон шархалдаг байна. Ийнхүү айлын томуудын эрх чөлөөг хаагдуулж, хүүхэд насыг нь дэндүү амьдралд нухлуулан өнгөрүүлэх явдал нь нэг талаасаа биеэ даасан мэт харагдах боловч нөгөө талаасаа бусдын адил өөрийн зорилго, мэргэжил, ирээдүйдээ төвлөрч чадахгүйд хүрч, зөвхөн эрх чөлөөг эрхэм зүйл мэт ойлгон үе тэнгийнхнээсээ хоцрох асуудал гардаг байна. Тиймээс бусадтай адил тоглох, хөгжих, нийгэмших эрхийг нь бүү алдагдуулаарай хэмээн зөвлөжээ.
 
*Тэсвэрлэшгүй хүүхэд
Бид хүүхэддээ хэдий их уурлаж уцаарлана, хүүхэд чинь төдий чинээ гөжүүдлэнэ. Ялангуяа бага насны хүүхдүүд уйлагнан тунирхаж, гоншигоноод, хөл гараас зуурч дүүжлэгдэн, тааралдсан бүхнээ авч, ирсэн зочны цүнх савыг онгойлгох гэж гөжүүдлэх нь тэд эцэг эхээ өөр хүнтэй ярилцаж өөрийг нь анхаарахгүй байгаад уурлан бухимддаг нь өөрөө гол дүрд байхыг хүсдэгтэй холбоотой гэжээ.
Тиймээс тэдэнтэй урьдчилан ярилцаж, зочин ирэхэд хамтдаа бэлдэж мөн зочинтой ярилцах үеэрээ бага сага ярианд хамруулан оролцуулж, аажмаар дуртай юмыг нь хийлгэх ч юмуу тоглоомоороо тоглох, зураг зурах мэтийн санааг дэвшүүлэх нь тэд өөрсдийгөө гол дүрээс гараагүй мэт тайвнаар хандахад хүргэдэг гэжээ.
 
*Хэтрүүлэн бөөцийлөх эсвэл хэт хайхрамжгүй хаях
Хэтрүүлэн бөөцийлөлт нь айлын ганц хүүхэд эсвэл хамгийн бага хүүхдэд илүү тохиолддог эцэг эхчүүдийн өмчирхөх үзэлтэй холбоотой өвчлөл байдаг гэнэ. Зарим нь бүр хүүхдэд хүсэл мөрөөдлийг нь ч бодож төсөөлөх боломжгүйгээр бүх хүслийг нь ханган биелүүлж гэрт нь юу ч хийлгэхгүй тусгай хоол унд, эд зүйлсийг зөвхөн түүнд зориулж, хамрын шуухнаа төдийхнөөс хичээлээс нь чөлөөлүүлж, ойр тойрныхноор нь байнга асрамжлуулдаг байна. Энэ нь бусдыг боолчлох сэтгэлгээг суулгаж амьдрах арга барилгүй, хуурамч өнгөц аз жаргалыг хайгч болгодог. Мөн ингэж бөөцийлүүлсэн хүүхэд нь өөрийгөө найз нөхдөөсөө сул дорой, муу, арчаагүй гэж дүгнэн оюун санаандаа шаналан зовж уур уцаартай болдог гэжээ.
 
Харин хайхрамжгүй задгай байдал нь хэт эрх чөлөөтэй байх боломж олгож, иймэрхүү нөхцөлд тааруухан зүйл тохиолдох нь элбэг юм. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр хараа хяналтгүй хүүхдүүд золиос болсоор байгааг харахад сэтгэл өмөрмөөр. Гэм буруу нь зөвхөн эцэг эхийнх нь харанхуй бүдүүлэг, хариуцлагагүй ухамсрын доройтолтой нь холбоотой юм. Тиймээс хүүхдийн нас насанд нь тохирсон аюулаас хамгаалах, хүүхдэд тохирсон эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх нь эцэг эхчүүдийн зайлшгүй гол үүрэг юм.
Хүүхэд хүмүүжүүлэх үйл ажиллагаанд амжилт олоход эхнэр нөхрийн хамтын ажиллагаа, нэгдмэл санаа зорилго зайлшгүй чухал. Сүүлийн үед эцэг эхчүүдийн нийтлэг алдаа нь хүүхдийнхээ материаллаг хэрэгцээнд илүү санаа зовж, харин тэдний биеэ дааж өөрөө өөртөө эзэн болж сургах тал дээр дутмаг хандлагатай байгааг тэмдэглэсэн байна.
 
Ер нь өдөр тутмын амьдралд эцэг нь эхэд нь тусалдаг, эцэг эх нь эмээ өвөөг нь хайрлаж хүндэтгэн халамжилдаг гэр бүлийн хүүхэд тэсвэр хатуужилтай, энэрэнгүй хүнлэг болж хүмүүждэг гэжээ. Тиймээс гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцаа нь хүүхдийн хүмүүжилд маш их нөлөөтэй байдаг гэсэн байна.
 
*Амлалт болон сүрдүүлэг
Эцэг эхчүүд зарим нэгэн амлалтыг сайтар бодож тунгаалгүй сэтгэл хөдлөлөөрөө хэлчихээд цаг нь болохоор " Завгүй болчихлоо. Чи тийм ч сайн байгаагүй тул энэ удаа больё" гэх мэтээр амласнаасаа амархан няцаж, хүүхдийнхээ нүдэн дээр өөрийнхөө үнэ цэнийг алдаж, дараа нь үгэндээ итгүүлэх боломжгүй байдлыг үүсгэн, тэрийгээ өөрсдөө ч ухаардаггүй зөрүүд зангаараа хүүхэд рүүгээ давшилж эрх мэдлээ мөн л хэтрүүлдэг байна. Энэ тохиолдолд эцэг эхчүүд үнэн бодит байдлаа тайлбарлан яагаад амлалтаа зөрчих болсон талаараа уучлал гуйж сурах нь эргээд хүүхдэд нь зарчимч ёс зүйг суулгах үлгэр дуурайл болж үлддэг хэмээжээ.
 
Мөн ямар нэгэн зүйлийг болзолтойгоор хийлгэх гэж зүтгэдэг эцэг эхчүүдийг залхуу гэж нэрлэдэг гэнэ. Учир нь тэд хүүхдээрээ хийлгэх гэж байгаа зүйлийнхээ ач холбогдлыг нь ойлгуулахын оронд өөртөө хялбарчилж ямар нэгэн болзолоор хөдөлгөхийг зорьдог байна. Жишээ нь: "Даалгавраа олигтойхон хийхгүй бол чамд энэ сард унадаг дугуй авч өгнө гэж битгий санаарай" гэх мэт сүрдүүлэг хийхийн оронд даалгавраа чанартай хийхэд нь тусалж, дор дор нь хийх нь чиний үүрэг гэдгийг ойлгуулж, сурч хөдөлмөрлөсний ачаар ямар ирээдүйд хүрч болохыг нь харилцан ярилцаж хүсэл эрмэлзлийн тэмүүллийг нь бий болгох нь зүйтэй гэсэн байна.
 
*Өсвөр насанд
Өсвөр насныхан ихэнхдээ өөрийнхөө дотоод сэтгэлдээ найдаж, аминчхан байхыг илүүд үзэн аливаа асуудлыг бие даан шийдвэрлэхийг зорьдог. Мөн сэтгэлээр унасан үедээ ихэнхдээ дуугаа хурааж бодолд автах, уур уцаартай ч болох талтай. Магадгүй бүтэлгүй дурлалын үе нь байж мэднэ. Энэ насныхан хайр дурлалын бүтэлгүйтлийн зовлонг аяндаа тэгсгээд өнгөрдөг, марталтаар солигддог тухай сонсох хүсэлгүй байдаг. Иймэрхүү үед нь эцэг эхчүүд хатуурхалгүй нэлээн сайн сонсогч байж хүүхдээ яриулах нь чухал. Яг энэ мөчид хүүхэд болон таны хоорондын харилцаа өнгөрсөн хугацаанд хэр зэрэг үр дүнтэй өнгөрч вэ ? Та хэр сайн ээж (аав) байсан бэ? гэдэгт дүгнэлт тавих өдөр болсон байдаг. Хэрвээ таны хүүхэд таниас айж ичилгүй нээлттэй дотоод сэтгэлээ нээж байвал та өөртөө баяр хүргэж болно. Та багаас нь хамтдаа байж, тоглож, найзалж, хүүхдийнхээ хүүхэд ертөнцтэй нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгалтайгаар аялаж ирсэн нь тодорхой юм. Харин учир зүйгээ олж ярилцаж чадахгүйд хүрч байвал та асуудалтай эх (эцэг) байжээ гэж ойлгон, зөвхөн эцэг эх та өөрөөсөө алдааг олж дүгнэлт хийн алдаанаасаа суралцах нь зөв гэжээ. Тиймээс хүүхдийнхээ итгэлтэй найз байх нь юу юунаас чухал байдаг байна.
Тоомжиргүй, төлөвшөөгүй эцэг эхүүд хүүхдийнхээ хувийн нууц, сэтгэл хөдлөлийн байдлаар нь тоглоом тохуу хийж, төрөл төрөгсөдтэйгээ энэ талаар егөөдсөн өнгө аясаар ярьж алдаа гаргадаг. Иймэрхүү яриа нь хүүхдэд хүндээр тусаж, зарим нь бүр хүний зүрх сэтгэлийг ойлгох чадваргүй бүдүүлэг болох ч талтай гэнэ. Жишээ нь найз нөхдийнх нь захиаг олж унших, хэн нэгнийг сонирхон шохоорхож байгааг нь бусдад дэлгэх зэргээр итгэлийг нь хөсөрдүүлдэг гэжээ.
 
Шилжилтийн насны хүүхдэд бэлгийн хүмүүжлийн талаар зөвлөгөө өгөхдөө охидуудад ээж нь, хөвгүүдэд аав нь тусгайлан цаг гаргаж, тохиромжтой орчин бүрдүүлэн найзууд мэт хандан ярилцах хэрэгтэй. Ихэнх эцэг эхчүүд энэ тал дээр тоомжиргүй ханддаг. Гэтэл бэлгийн харилцааны зохих ёсны мэдлэг мэдээлэлгүйгээсээ болж амьдрал нь томоохон эрсдэлд ордог байна. Мөн энэ насны хүүхдүүд их ичимхий болсон байдаг тул гэрийн тэжээмэл амьтдын нөхөн үржихүйн амьдралын жишээгээр тайлбарлах нь илүү хялбар байсан тухайгаа энэхүү номын зохиогч дурджээ.
 
*Сургууль ба багш
Өсвөр насныхан өөрийгөө нас биенд хүрсэнд тооцож, эцэг эхээ сургууль руу нь явж багштай нь уулзан, тэдний үйл хэрэгт хутгалдахад ээж аавынхаа өмнөөс ичдэг. Тэд өөрийн гэсэн бодол санаагаа хамгаалж, гэр бүлээс гадуурх орчинд өөрийгөө жинхэнээрээ мэдэрч төлөвшиж байдаг гэнэ.
Сургууль бол хүний амьдралтай насан туршид нь холбоотой байдаг хамгийн чухал олон нийтийн байгууллага юм. Энэ орчинд хүүхэд тодорхой дэглэм, журамд захирагдан, өөрийн үйлдлээ үнэлж, нэр төрөө хадгалах, бусдын ад шоо болохгүй байх, үүрэг хариуцлагаа заавал биелүүлэх шаардлагатайг хатуухан мэдэж авдаг гэнэ.
 
Багш бол бидний хүүхдүүдийг сайн хүн болгон хүмүүжүүлэхийн төлөө бүхнээ зориулан тэмүүлж байдаг хөдөлмөрч хүн билээ. Харамсалтай нь эцэг эхчүүд ихэвчлэн сургуулийн орчин болон багш нараас нь үргэлж алдаа хайж хүүхдийнхээ итгэлийг бууруулдаг. Гэвч ээж аавуудын маш цөөнх тохиолдлууд нь зөв алхам хийж багштай нь хамтран ажилладаг байна.
Эцэст нь дүгнэхэд, жинхэнэ хүмүүжил гэдэг нь зан аашийн мөргөлдөөн, мөнхийн зөрчлийн үүсэл, тэдгээрийн зөв зохистой шийдвэрлэлт юм гэжээ.
Мөн түүнчлэн хүүхдийн тань амьдрал хэдий хэр гэрэл гэгээтэй сайн сайхан байна, төдий хэр хэмжээгээр эерэг сэтгэл хөдлөл, бүрэн дүүрэн эвдрээгүй хүмүүжил байх болно гэж онцгойлон хэлсэн байна.
 
Ирээдүйд аав, ээж болох бидний үр хүүхдийн хүмүүжил, хүндлэл нь эцэг эхчүүд биднээс ихээхэн хамааралтайг мэдэрч өөрийнхөө алдааг ойлгон хүүхэдтэйгээ эерэг холбоосыг бий болгохын төлөө ажиллая гэж бодлоо.
 
Та бүгдэд ч мөн үр хүүхэддээ эерэг харилцаагаа дэлгэрүүлж байхыг хүсье.
 
Хүндэтгэсэн,
Сугараа
Copy from Sugarmaa Zunduidorj
Close

50% Complete

Two Step

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua.