«Цусны эргэлт бүхнийг шийднэ.»

Энэхүү ном нь бестселлер болоод байгаа бөгөөд номыг зохиогч Хориэ Акиёши нь Хятадын уламжлалт АУ-ы эм зүйч, тэр дундаа эмэгтэйчүүдийн өвчинтэй холбоотой асуудлаар зөвлөгөө өгч олон хүнийг эмчилж ирсэн хүн юм. Сүүлийн 10 жилийн дотор тэдний уламжлалт эмийн сан нь сарын тэмдэгийн өвдөлт, эндометриоз, үргүйдэл, хорт хавдар, сэтгэл гутрал, таргалалт, гоо сайхантай холбоотой асуудлаар 50,000 хүнд зөвлөгөө өгч эмчилж ирсэн туршлага дээрээ тулгуурлан уг номыг бичжээ.
 
Зохиогчийн хэлсэн «Эмэгтэй хүний хүч бол цус» гэдэг үг гүнзгий сэтгэгдэл төрүүлэв.
 
Эмэгтэй хүн сарын тэмдэг, төрөлт, хүүхэд хөхүүлэх зэргээр цусаа байнга алдаж байдаг. Цус багадах, цусны эргэлт муу байх нь олон өвчний шалтгаан болоод зогсохгүй сэтгэл санааг тогтворгүй болгож хямраадаг байна. Цусны эргэлт нь бүх биеийн 60 наяд эд эсэд хүчилтөрөгч, шим тэжээлийг хүргэж, тархи даавраар дамжуулан сэтгэл санааг ч дэмжиж байдаг. Цусны эргэлтийн үүрэг бол
 
1. Усыг хадгалж барих
2. Хүргэх ( хүчилтөрөгч, шим тэжээл, даавар)
3. Цуглуулах ( биеийн хаягдал, нүүрс төрөгчийн давхар исэл)
4. Биеийн дулааныг барих
5. Биеийг хамгаалах дархлааны үүрэгтэй.
 
Дээрх 5 үйл ажиллагаа алдагдсанаар яадаг вэ гэвэл усны тэнцвэр алдагдсанаар хавагнана, хүчил төрөгч очихгүй байснаар калори шатахгүй таргална, хаягдал гадагшилахгүй хуралдаж бие хүнд оргино, халуун хүрэлцэхгүй даарч хөрнө, биеийн эсэргүүцэл суларснаар өвчлөмтгий болно. Улмаар тархины цусан хангамж муугаас сэтгэл санаагаар унах, уур уцаар хүрэх гэх мэт. Тархины 3 том даавар бол аз жаргалын даавар серотонин, өөдрөг үзлийн даавар допамин, хийх хүсэл эрмэлзлийн даавар норадреналин юм. Энэ 3 даавар дутагдвал сэтгэл санаанд муу нөлөөтэй. Эдгээр дааврыг үйлдвэрлэхэд төмөр зайлшгүй хэрэгцээтэй байдаг. Ямар ч шалтгаангүйгээр уур хүрэх, санаа зовинох, хийх хүсэл төрөхгүй байх нь төмөр дутагдал буюу цус бага байгаагийн шинж юм. Тиймээс ч сарын тэмдэгийн өмнө уур уцаар хүрч сэтгэл санаа тогтворгүй болох нь үүнтэй холбоотой.
 
Өглөө сэрэхэд бие даагдахгүй байх, өдрийн турш юу ч хиймээргүй санагдах, орой унтаж чадахгүй байх, даарч бээрэх гэх мэт шинж тэмдэг нь мөн л цус багадалттай холбоотой.
 
Цусаа төлжүүлэхийн тулд эм уухаас илүүтэй амьдрах хэв маягаа анхаарч засах чухал. Орчин үеийн эмнэлгийн цусны шинжилгээгээр цус багадалт илрээгүй ч далд цус багадалт, төмөр дутагдалтай эмэгтэйчүүд их байдаг. Хятадын уламжлалт АУ-д цус хүрэлцэхгүй байх гэдэг ойлголтонд цус багадалтаас гадна цусны чанар муу байх гэсэн ойлголт давхар багтдаг. Ямар нэгэн тэжээл дутагдсанаар цусны чанар мууддаг. Жишээ нь уураг, төмөр. Иймээс хоол хүнсэндээ анхаарах чухал. Бэлэн хоол аль болох идэхгүй, ходоод гэдэснийхээ эрүүл мэндэд анхаарах чухал. Хүний бие цусаа хангалттай төлжүүлж чадахгүй байхын нэг шалтгаан нь ходоод гэдсэнд байдаг. Ходоод гэдэс муутай хүн хичнээн шим тэжээлтэй юм идээд, хичнээн хэрэгтэй эм бэлдмэл уугаад нөлөөлдөггүй. Учир нь муу ходоод гэдэс шим тэжээлээ бүрэн авч чаддаггүй байна.
 
Номонд цус нэмэгдүүлэх 10 идэх аргыг танилцуулжээ.
1. Орой цадталаа идэхгүй байх
2. Өглөөний цай заавал уух
3. Нэг долоо хоногийн турш оройн хоол идэхгүй мацаг барих
4. Оройн хоол идэхгүй байснаар дотроосоо залууждаг
5. Талхнаас нь будаа нь дээр. Будаа бол цус үйлдвэрлэгч.
6. Тухайн улирлын шинэ ногоог идэх
7. Цус багадалтанд макробиотек хүнс сайн биш.
8. Мах ид!
9. Гэдэс гүзээтэй байх нь цусны эргэлтийн дайсан.
10. Талархаж ид!
 
Энэ дотроос миний хувьд мацаг барих нь их сонирхол татсан бөгөөд мацаг барьснаар бидний ходоод гэдэс дээд зэргээр амарч, биеийн байдал огцом сайжирч, цус төлжиж, хор гадагшилж гоо сайхан болдог. Мөн сав өндгөвч залуужиж, жирэмсэлдэггүй хүн жирэмслэх тохиолдол ч бий.
 
Эдгээрээс гадна нойр их чухал. Хятадын уламжлалт АУ-д хулгана цагт унт гэдэг. (Хулгана цаг 23:00-01:00) Үүний дараагийн үхэр цагт цус төлжихөөс гадна зөвхөн унтаж байхад ялгардаг дааврууд байдаг ба орой 11 цаг гэхэд унтахгүй бол дараагийн энэ чухал үеийг өнгөрөөчихөж байна гэсэн үг. Тэгээд өглөө 7 цагийн наранд цонхны цаанаас ч хамаагүй 5 минут ээснээр таны биологийн цаг сэргэж, орой унтахад хялбар болно. Мөн халуун ваннанд орох, Канзэн коккюү хэмээх амьсгалын дасгал хийх гэх мэт.
 
Мөн эмэгтэй хүнд артерийн судасны цусны эргэлт ямар чухал болох, энэ судасны эргэлт муудсанаар хөл хавагнах, хөлний судас бүдүүрэх эмгэгүүд илэрдэг тухай, хөлөнд хурсан цусыг буцаахын тулд хийх дасгалуудыг танилцуулжээ. Хятадын уламжлалт АУ-д хөлийн эрээн булчинг 2 дахь зүрх гэж үздэг. Учир нь энэ булчингийн ачаар хөлөн дэх цус буцаж зүрх рүү урсдаг байна. За тэгээд гоо сайхан байх өөрөөр хэлбэл үс, арьс, хумсны эрүүл мэнд ч цусны эргэлттэй холбоотой байдаг. Бидний арьсны 70 хувийг эзлэгч коллагенийг цус үйлдвэрлэдэг. Мөн чихэрлэг юм их идэх нь коллагенийг хурдан хөгшрүүлдэг гэнэ.
 
Бас доороосоо даарч хөрөх нь эмэгтэйчүүдийн өвчний шалтгаан болдог ба үргүйдлийг ч үүсгэх талтай байдаг тул хөлөө сайн дулаалах чухал ажээ.
 
Миний хувьд энэ номыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 7 хоног оройн хоол идэхгүй 6 дахь өдөр дээрээ явж байна. Зохиогчийн хэлснээр ингэж мацаг барьсан хүний нүд гялалзаад л залууждаг гэсэн байсан, нүд минь гялалзаж байгаа байх аа, хэхэ.
 
Эцэст нь хэлэхэд эмэгтэй хүний заавал унших ёстой номын нэг гэж санал болгох байна.
 
Copy from
Elbegzaya Badamochir
Close

50% Complete

Two Step

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua.