ГЭДЭС

17 настай байхад минь хөл дээр яр шиг жижиг юм гарчихаж билээ. Тэгж байгаад зүгээр болно биз гээд хэрэгсэхгүй явтал улам томорч, газар авав. Тэгэхэд нь сандарч эмчид очтол олигтой юм хэлсэнгүй, тос түрх гэвээ. Сайжирлыг олсонгүй гайхаж суутал бүр үсэрхийлж нөгөө хөл дээр гараад сүүлдээ гар, нуруу бүр нүүр лүү асдаг байгаа. Аз болж тэр үед өвөл байсан тул битүү хувцастай. Нүүрийг минь харсан хүмүүс хомхойд долоолгож гэж л бодсон байх. Эмч нар яаж эмчлэх аргаа эс мэднэ. Мэдрэлийн гаралтай гэхээс цааш тоймтой онош, эмчилгээ ч зааж өгсөнгүй. Гормонтой тос түрхэхээр тэрүүхэн үедээ гайгүй болсноо буцаад гараад ирнэ. Энэ үед яг надтай адил асуудалтай хүний талаар сонсож мэдээд судлахад антибиотик ууснаас үүдэж ийм өвчтэй болсон байлаа. Би ингэж яртай болохоос өмнө 14 хоногийн өмнө антибиоток ууснаа саналаа. Ингээд арьсаа эмчлэх гэж байсан зүтгэлээ орхиод өөрийгөө дотроосоо эмчлэх ёстойгоо ухаарсан юм. Сүүн бүтээгдэхүүн, амьтны гаралтай бүтээгдэхүүн идэхээ больж, гурилан юмаа хязгаарлав. Сайн бактери уув. Дотор гэдсэнд сайн байж болох элдэв арга чарга бүгдийг хэрэглэв. Цинк буюу цайрын бэлдмэл хэтрүүлэн хэрэглэсэн байдаг юм. Түүнээ сүүлд мэдсэн л дээ. Ийнхүү арьсаа дотроосоо эмчилгээ хийж эдгээж авснаас хойш хүний гэдэс гэдэг хамгийн их нөлөө бүхий этгээд гэдгийг яс махнаасаа мэдэрсэн билээ. Энэ цагаас анагаахын мэргэжлээр сурч эмч болох зам минь шулуудсан юм даа гэж энэ номын зохиогч дурсчээ.
Анагаахын оюутан болоод 1-р курст байхад хажууд нээх өмхий амтай залуу сууж билээ. Энэ бол ер бусын муухай үнэр. Зүгээр ч амны өмхий биш, бүр цаанаас ходоод гэдэснээс нь гарч байгаа үнэр байсан байх. Зугатаж хол очиж сууж билээ. Гэтэл удаахан нь тэр хөвүүнийг амиа егүүтгэсэн гэж сонссон. Тэр муухай үнэр нь гэдэс дотортой нь холбоотой байсан болов уу, гэдэс дотор нь тэр хүний сэтгэл санаанд нь нөлөөлж байсан болов уу гэдэг асуултууд миний толгойноос салахгүй байв. Түүнээс сарханы дараа манай нэг найзын гэдэс өвдөж, түүнээс үүдэж зөвхөн бие нь зовиурлаад зогсохгүй сэтгэл санаа нь хүртэл доошоо орж байгааг олж мэдээд гэдэс болон тархины холбоо хамаарал байгаа эсэхийг судлахад байхаар барахуу гэдэс дотор гэдэг хүний хамгийн чухал эрхтэн гэдгийг олж мэдлээ. Баас явдаг зам төдийхнөөр төсөөлөгдөж байсан бүдүүн, нарийн гэдэс маань хүний дархлааны системийн 2/3-ыг хариуцдаг, хүний ходоодоор орсон, алинг ч боловсруулан энерги болгож өгдөг, 20 гаруй онцгой гормоныг үйлдвэрдэж байдаг, хамгийн чухал эрхтэн байсан байдаг байгаа. Тархи зүрх л хамгийн чухал эрхтнүүд гээд гэдсийг эмч нар ч үл тоомсорлож, энэ талын судалгаа сургалт ч хомс байдгийг ажиглав. Яг үнэндээ гэдэснээс очсон дохио хүний тархийг аз жаргалтай байлгах уу, сэтгэл санаа хямраах уу гэдгийг шийддэг гол хүчин зүйл байжээ. Нээрээ л ходоод гэдэсний асуудалтай улс сэтгэл санааны асуудалтай байдаг гэдгийг эмнэлгийнхэн төдийгүй энгийн бид ч мэднэ. Тэгвэл энэ тохиолдолд сэтгэцийн өвчин гээд тархи руу нь чиглэсэн эмчилгээ хийх гээд эм тариа өгөөд байвал тэрнээсээ их уршиг үүсгэх юм байна.
Бөөр, уушиг, зүрх, элэг гээд бусад эрхтний үүргийг бид сайн мэдэх хэрнээ нарийн, бүдүүн гэдсийг болохоор баас агуулдаг, унгас төдийхний асуудлыг хариуцдаг үүрэгтэй хэмээн санаж ач холбогдол өгдөггүй ажээ.
 
Дээр яригдаж байсан антибиотикийн тухай яриандаа эргэн ороход хүний бие дэх бактерийн 95% нь сайн бактери, үлдсэн 5% нь тааруухан нөхөд байдаг байна. Жишээ нь хеликобактери. Бид гэтэл тэр ганц нэг тааруу нөхдийг дарж устгах нэрээр антибиотик уугаад бусад 95 сайн найзаа алчихдаг юм байна даа. Тэхээр бие ядарч , сэтгэл хямардаг нь аргагүй юм байна. Хулгана дээр туршилт хийжээ. Гутранги хулгана нэг үгээр биен дэх сайн бактери нь устсан хулгана мөн сайн бактери уусан хулгануудыг усанд хийхэд гутранги хулгана дорхноо бууж өгч, үхлээ хүлээж байсан бол гэдэс сайтай хулганууд самардаж сэлж, амьдарлын төлөө цогтойгоор тэмцэж байв. 😅
 
Хүний гэдэс гэдэг их ухаантай эрхтэн. Хаа дуртай газраа унгахгүй, баахгүй байхаа л наад зах нь хариуцна. Мах, шарсан төмс, алим жимс алийг нь ч энэрги болгож чадаж байдаг гэхээр гайхамшигтай. Гэтэл машин бол нэг л янзын түлшээр ажиллана, өөр юм хийвэл эвдэрнэ. Гэдэсний бий болгосон тэр энергиэр зүрх, бөөр,уушиг тархи гээд хүний бусад эрхтнүүд ажиллана.
 
Гэдсийг чөлөөлж амирлуулах хамгийн зохимжтой байрлал бол явган суудлаас хүндрэх гэдгийг урьд зөндөө сонсож байсанг энд дурджээ, яг л Монгол хээр хөдөө бутны ардуур залардаг байрлал. 50 секундын дотор сэтгэл ханамжтайгаар дуусгах боломж явган суудлаас дуусгадаг хүмүүст л байдаг бөгөөд боловсон жорлонд ном уншиж, утас оролдож суух нэг үгээр 1 минут 30 секундээс уддаг хүмүүст цагаан мах эргэх, баас хатах цаашлаад хөлийн судас бүдүүрэх, цус харвах зэрэг асуудлууд үүсдэг байна. Тэхээр урдаа ивүүр болгох жижиг сандал гишгүүр маягийн юм боловсон жорлондоо байлгах нь амьдралд чухал зүйл байхнээ.
 
Энэ номонд шүлсний талаар сонин мэдээлэл байна. Шүлсэнд морфиноос хүчтэй опиорфин гэдэг өвчин намдаах, үрэвсэл дарах ид шидтэй бодис байдаг байна. Жишээ нь шөнө хоолой өвдөж байснаа өглөө босоод ирэхэд гайгүй болчихдог нь хүн шөнө шүлсээ тэгж их залгидаггүй болохоор шөнө хоолойны муу бактери дарлах гэж байгаад өглөө хоол идэж юм уухтай зэрэгцэн идэвхиждэг шүлсэнд дарагдаж, дийлдэж байдагтай холбоотой гэнэ. Ямартай ч бид шумуул хазсан газраа шүлсээ түрхээд байдаг, нохой ч шархаа долоогоод эдгээгээд байдаг нь учиргүй эд биш байхнээ. Шүлс бас кальцийн агууламжтай байдаг тул шүдийг тэтгэж байдаг байна. Шүлсэнд байдаг опиорфин гэгч тэр бодис сэтгэл гутарлыг эмчлэх чадалтай байна гэж батлагджээ. Түүнээс болоод хүмүүс сэтгэлээр унахаараа идээд байдаг ч юм уу.
 
Өглөө хүний ам эвгүй үнэртэй байдаг нь амны хөндийд бактери шөнөжин үржиж өссөнөөс болдог байна. Энэ үед шүлс бага ялгардаг тул ийнхүү найрладаг байхнээ. Шүлс шөнөжин ялгардаг бол хүн живээд үхчих байсан байх даа, бас тэр өвчин намдаагч бодисын тун нь их байсан бол байнга мансуурлын байдалд байх байсан байх хэмээн номын зохиолч хошигножээ.
 
За тэгээд ам шүдээ угаасаар байтал амнаас муухай үнэр гараад байвал буруутныг хоолойноос хайгаарай гэнэ. Хүний амаар орж ирэх өвчин үүсгэж магадгүй элдэв нян бактерийг шалгаж гаальдаж оруулдаг хоолой гэдэг эрхтэн хүний дархлааны маш чухал эрхтэн юм байна. Тэгээд тааруухан нөхөд хоолой дээр гацаад энд тэнд хавчуулагдаж нуугдаж үлдээд цугларсаар жижиг цагаан чулуу шиг хэлбэртэй зүйлс үүсдэг ажээ. Давстай усаар зайлаад, сүүн бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхад арилах ёстой гэнэ. Эс арилваас чих хамар хоолойн эмчээр очиж түүлгэх ёстой юм байна. Энэ мэтээр үйлдэхэд амны өмхий үтэр түргэн арилан зайлах учиртай гэнэ. Аминд тулаагүй бол хоолойны махыг авахуулах дэмий бөгөөд авахуулсан хүүхдүүд зүрхний асуудал, таргалалтад өртөх магадлал өсдөг байна.
 
Харин дархлааны өвчнүүд тухайлбал псориазтай хүн ихэвчлэн хоолойны асуудалтай байдаг бөгөөд ийм хүмүүс хоолойны махаа авахуулахад эдгэж байгаа нь ажиглагджээ. Олон жил хоолойд нуугдсан бактери хүний дархлааг дарамталж, өвчнийг хүндрүүлж даамжруулдаг байхнээ. Уг нь байнга цэвэрлэж ариутгаж байдаг шүлс гэдэг бодис тэр болгон хүрч чадахгүй болохоор хоолойн хавиар нуугддаг тэдгээр бактеруудыг бид өөрсдөө жамц давстай усаар зайлж, эрүүл мэндийг сахин хамгаалагч хоолойдоо тусыг өргөж байх нь зөв санагдлаа. За тэгээд ер нь амаар орсон юмнууд л өвчний суурь болох гээд байдаг юмаа даа хог гэж….
 
Гэтэл бүр сэтгэл санаа ямар байхыг гэдэс шийддэг гэхээр ямрав?
 
Тархинаас гэдэс рүү 10% дохио явуулдаг бол, гэдэс тархи руу 90% ийг на явуулдаг гэхээр гэдсэндээ удирдуулж амьдраад байгаан биш үү бид нар чинь? Нөгөө эрчүүдийн зүрх ходоодондоо байдаг гэдэг үг үнэн юм даа гэж бодогдох шиг 😁. Дуртай, биед л зохицолтой хоолыг идүүлээд байхаар жаргалтай мэдрэмж төрөөд дурлаад байхаас яахав дээ. Тэгвэл зохимжгүй шингээж чаддаггүй хоолоо зооглоод байвал яах нь тодорхой. Жишээ нь фруктоз таардаггүй хүн (жимс, чихэртэй иогурт, кетчупанд ихээр байдаг) түүнээ хүртээд байвал аз жаргалгүй мэдрэмж төрж гутарна гэнэ. Яагаад гэвэл сератонин буюу аз жаргалын гормоныг ялгаруулахад чухал үүрэгтэй триптофан гэдэг хүчил фруктозийг хүний бие боловсруулах гэж ядаж байх үед ихээр алдагддаг байна.
Хүмүүс яагаад сүүлийн үед ингэж их хоол хүнсний харшилтай болоод байгаа юм бол? Ер нь бол сүүлийн 50 жилд хүн төрөлхтөний хүнс хоол асар ихээр өөрчлөгдөж байна. Наймаа харилцаа, зах зээлээс үүдэж ертөнцийн нөгөө өнцгөөс ирсэн хүнс хоол, тухайн улиралд байдаггүй, бүр тухайн улсад ч байдаггүй жимс болон бусад төрлийн хүнсийг ихээр зооглох болсонтой бас нэгэн учигаар холбоотой болтой. Тэхээр багадаа идэж байсан хоол, өөрийн нутгийн хүнс анагаах шидтэй гэж сонсож байсан үнэн болоод явчлаа шүү.
Бага байхад хичээл дээр ходоод ихээр дугарч ичээдэгсэн. 😝Өлсөж байгаагийн тэмдэг, хоол нэхэж байгаа нь энэ гэж боддогсон. Харин одоо бол ичих биш баярлах шалгаан байжээ гэж мэдэж авав. Нарийн гэдэс маш сайхан цэвэрхэн болж байгаагийн дохио гэнэ. Ойрд ингэхэд ходоодоо дугарч байгааг сонсоогүй удаж шүү. Мацаг ганц өдөр барья байз.
 
Ходоодонд орсон хийг гаргаж хэхэрч байх их чухал гэнэ. Үүнд зүүн тал дээрээ хэвтэх, унтах чухал гэнэ. Сөргөөтэй хүн бохь зажиллах их зүгээр гэнэ. Гарч ирэх гээд байгаа ходоодны шүүсийг доошлуулах үүрэгтэй аж. Кофе, шоколад, халуун ногоотой хоол, архи дарсны зүйл, чихэрлэг зүйлс болон тамхи ходоодны шүүсийг дээш нь хөөргөх үйлийг дэмждэг тул сөргөөтэй хүн бүү хэрэглэ гэнэ дээ.
Алив өвдөлтөнд өвчин намдаах эм ууснаас лаа хийсэн нь илүү үр дүнтэй байдаг юм байна. Учир нь амаар уусан эм элгээр дамжиж шүүлтүүрээр ороод хүч нь багасаад бас элгийг хордуулдаг бол бөгсөнд хийсэн лаа бүдүүн гэдсээр шимэгдэн маш хурдан үйлчилгээ үзүүлдэг байна.
 
За ингээд бичээд байвал номын тойм биш ном болчих янзтай тул энэ хүрээд өндөрлөе. 😁
 
Танд эрүүл сайхан гэдсийг хүсэн ерөөе.
Хүндэтгэсэн
 
Дээгий
Copy from Degi Chadraabal
Close

50% Complete

Two Step

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua.