Баян Хүүхэд Ухаантай Хүүхэд

Хүүхдээ баян амьдраасай гэж хүсдэг эцэг эхчүүдэд зориулав.

10 настай Роберт, найз Ричигийн далайн эргийн байшинд уригджээ. Ричитэй хүүхэд болгон найз байхыг хүсдэг. Амралтын өдрүүдийг тэднийд өнгөрөөнө гэдэг Робертын хувьд бол хамгийн аз завшаантай хэрэг байлаа.
Тэдний харш үлгэрийн ордон л гэсэн үг. Бассейн, усан оргилуур, жимсний мод, тэжээмэл амьтад, гэрийн хамаг ажлыг амжуулах үйлчлэгч нар. Ричигийн тоглоомнууднуудын талаар бол ярих ч юм биш. Үнэхээр диваажин гэдэг л тэнд байх шиг санагдав. Балчир ухаандаа бүртгээд үзэхэд амьдралдаа очиж үзсэн хамгийн сайхан айл тэднийх байлаа.
Гэртээ ирээд зогсоо зайгүй үзсэн харсан, идсэн уусан, гайхсан биширсэн, тоглосон наадсанаа ярив. Нэг хоног яриад дууссангүй, мартагдсангүй, бүр 3-4 хоног дахин дахин ярив.
4 дэхь хоногийн орой ааваасаа манайх Ричигийхтэй адилхан далайн эргийн байшинтай болж, тэднийхтэй адил амьдарч болохгүй юм уу гэж асуув.
Гэтэл аав нь уурлаж, идэх хоолтой, орох оронтой байлгаж байгаа нь их юм. Та нарын төлөө өглөөнөөс үдшийн бүрий хүртэл борви бохисгүй зүтгэж байна. Энэнээс илүүг өгч чадах ч үгүй. Бидний багад амьдрал ямар хэцүү байсан гэж санана. Би ч харин та нарыг юугаар ч дутаагаагүй өсгөж байна гэж загнажээ.
Хүүг гуниг нөмрөв. Яахаараа хүссэнээрээ сайхан амьдарч, элбэг хангалуун явах учиргүй юм бол гэхээс гомдол цухал нь төрж байлаа. Аав нь уг нь боловсролын газар дээгүүр албан тушаал эрхэлдэг, маш завгүй хөдөлмөрлөдөг нэгэн билээ.
Тэр орой нь ээж нь түүнд баахан цаас үзүүлэв. Өч төчнөөн нэхэмжлэхүүд, хугацаа нь хэтэрсэн өрний бичгүүд ширээ дүүрэн ярайж байлаа. Тэдний амьдрал яг начир дээрээ бүр долоон дор байгаа ажээ.
Түүнийг айдас бүрхлээ. Ричигийнд цэнгэснээс үүдсэн баяр бахдал аймшиг харанхуйгаар солигдов. Ай, хорвоо дэлхий чи хүмүүст дэндүү ялгавартай хандана биш үү?

Аавын албан тушаалын ачаар гэхүү хүү гайгүй сайн сургуульд баячуудын хүүхдүүдтэй явах боломжтой байсан агаад баячууд яаж амьдарч, өөрсдийгөө яаж амьдарч байгааг харьцуулах нүд нь 9 наснаас нээгдсэн ажээ..

- Яагаад манайх ийм их өртэй байгаа юм бэ? Ээжээ, яагаад манайх ийм ядуу байгаа юм бэ?
- Аавын чинь цалин бага. Тэр бага цалингаар Ричигийн аав ээжийн авч дийлдэг юмыг бид дийлэхгүй. Аав чинь ч баян болохсон гэж хүсч байгаагүй, тийм болохоох ер нь манайх хэзээ ч баян болохгүй байх гэлээ.
- Яагаад?
- Мэдэхгүй юм даа. За за, явж унт одоо. Өглөө хичээлтэй. Хичээлдээ олигтой байж, сайн боловсрол эзэмшиж байж л гайгүй амьдралтай явна.
- Аав та хоёр хоёулаа л өндөр боловсролтой шүү дээ…..
………..

Боловсрол гэж ингэхэд юу юм бэ?

Хуучин цагт бол аль нэг сургуулийн диплом өвөртөлсөн бол ажил баталгаатай, тэр 4 жилд сурсан зүйлээрээ 20-30 жил ажиллаж байгаад тэтгэвэртээ гарч болоод байдаг байсан бол асар хурдацтай хөгжиж байгаа мэдээллийн эрин зуунд мэдлэг мэргэжлээ алхам тутамдаа сайжруулж байж л энэ нийгэмд тэнцэнэ. Энэ эрин үед 18 Сар тутамд мэдээлэл шинэчлэгдэж байгаа тул мэдлэг мэргэжлээ 18 сар тутамд шинэчлэн сайжруулж дахин сурч байж, хоцрогдохгүй явна гэсэн "Мүүрийн хууль" гэж онол байдаг байна.
Америкт 65 жилийн өмнө төрсөн хүмүүсийн дунд судалгаа явуулахад 100 хүний 1 нь баян, 4 нь боломжийн амьжиргаатай, 5 нь ажиллаж байгаа ба 56 нь улсын халамж тэтгэмж болон гэр бүлийнхний тусламжинд дулдуйдан амьдарч үлдсэн хэсэг нь нас барсан байна гэсэн судалгаа гарчээ. Гол ярих гээд байгаа сэдэв бол тэр баян байгаа 1 хүний тухай биш ядуугаараа дуусч байгаа 56 хүний тухай яриа юм.
Үр хүүхэддээ бид ийм ирээдүйг хүсэх бил үү? Хурдацтай хөгжиж байгаа нийгэмд 65 биш 35 настайдаа ч шаарлагдаж мэдэхээр байна. Жинхэнэ боловсорлын үнэ цэнийг ойлгоогүй дунд насныхан, залуус байгаа бол ирээдүйд дээр яригдсанаас хүнд байдалд орох болчихоод байна. Хүүхдээ болон өөрсдийгөө аврая гэвэл тэдэнд зөв боловсрол эзэмшүүлэх санхүүгийн мэдлэг, мөнгөтэй харьцах ухаан суулгахыг энэ ном зөвлөж байна.

Хүүхэд маань сургуульд сурж байгаа алзахгүй гэж тайвширч байгаа бол эндүүрэл ажээ. Аж үйлдвэрийн эрин үед зохиогдсон ажилчин анги бэлтгэх зорилготой боловсолын систем мэдээллийн эринд тохирох билүү гэж номын зохиолч анхааруулж байна. Сургууль хүүхдийг тань амьдралд бэлдэхгүй, та өөрөө л бэлдэх ёстой.

Зохиолч өөрийн бага насны тухай эргэн дурсахдаа:
Би хичээлдээ гавьдаггүй хүүхэд байлаа. Аав нь ийм мундаг хүн байхад хүүгийнх нь байгаа царайг гэж багш нар шагширна. Харин аав миний ийм байдалд уурлаж бачимдахгүй. Манай хүүхдэд таарсан сургалт байхгүй болохоор олигтой дүн авахгүй байгаа юм гэнэ. Одоогийн боловсорлын систем алдаатай. Хувь хүний онцлогт таарсан сургалтын систем байх ёстой юм уг нь. Бүгдийг нь нэг янзын хэвэнд цутгах гэж үзээд байдагт алдаа нь оршиж байгаа юм гэнэ.

Боловсорлыг олгохын мөн чанар бол авьяас чадварыг гаргаж ирж хөгжүүлэх байхад өнөө цагийн боловсролын систем бол хүүхдээс юу ч гаргахгүй харин тэр саванд өөр юм орохгүй болтол нь элдэв юм чихээд байх хэрэгтэй гэсэн чиглэлтэй байна. Сургууль төгссөний маргааш мартагдах хичээлийг арван хэдэн жил заах атлаа амьдралд илүү хэрэгтэй зүйлсийг курс дамжаагаар, хар практикаар сургадаг өнөөгийн боловсорлын системийн логик үнэхээр ойгомжгүй.

Азаар аав минь намайг чи ийм тийм мэргэжил сонго, энэ тэр замаар яв гэж шахдаггүй хүн байлаа. Өөрсдийн авьяас чадварыг хөгжүүлэхийг өөхшүүлэн дэмжинэ. Энэ бол надад өгсөн хамгийн том бэлэг юмдаа. Би баян хүн болмоор байна гэж нэг удаа аавд хэлтэл ангийхаа Майкийн ааваас очиж асуу, тэр хүн л чамд арга чарга зааж өгөх байх гэсэн юм.

Майкийн аав бол миний баян аав. Баян аав санхүүгийн асар их чадвартайгаас гадна бас сайн багш хүн юм. Залуу оюун ухааныг минь баян хүн шиг сэтгэдэг болоход тусалсан. Сургуульд сайн муу сурах нь хүний амьдралд чухал бус, хүн амьдарч сурах нь чухал гэдгийг 12 настайдаа би ухаарсан билээ. Хоёр аавын тусламжтайгаар сурна, боловсроно гэдгийг гагцхүү амьдралд бэлдэнэ гэсэн үг болохыг ойлгосон.

Өнөөгийн боловсорлын системд өршөөж боломгүй нэг том алдаа байдаг нь хэрхэн мөнгөтэй харьцах вэ, яаж баян болох вэ гэдгийг заадаггүй. Мөнгө санхүү гэдэг гэтэл зөвхөн нягтлан бодогч, банкны ажилтнуудад хамаатай зүйл билүү?

Тэгвэл тэр сургуулийн заахгүй байгаа зүйлсийг хэн заах вэ?
Хүүхдүүд эцэг эхээсээ насан туршдаа суралцдаг. Тэдний үг бус үйл амьдарлаас суралцдаг. Тиймээс зөвхөн сайн сайхныг номлоод зогсохгүй, өөрсдөө өөрчлөгдөж, үлгэр дуурайл үзүүлээсэй гэж зохиолч сануулжээ. Хэрэв та сурган хүмүүжүүлэгч нь болохгүй юм бол хүүхдийн тань ирээдүй тун бүрхэг байх болно. Үүний тулд өөрөө өдөр бүр сурч боловсор, үр хүүхдийнхээ авьяас чадварыг нээн хөгжүүл, тэдний ирээдүйд хөрөнгө оруул. Хүүхэд тань ирээдүйд баян байвал таны ирээдүй сайхан байна гэсэн үг гэжээ.
Азаар зохиогчид зааж сургах сайн хүн таарчээ.
Зохиолч өгүүлэх нь:
Баян аав минь санхүүгийн талаар тодорхой ярьдагсан. Бизнесмений чадвар хэдэн доллар олсноор хэмжигдэхгүй. Өөрт нь хэд үлдэж тэрүүгээрээ юу хийж байгаагаар нь тодорхойлогдоно гэх. Сайн өр, муу өрний ялгааг их ярина. Актив, пассив гэж юу болохыг тайлбарлана.
Мөнгөө цуглуулж байгаад ч юмуу байхгүй бол зээл авч байгаад тэрүүгээрээ сайхан байр авч дотор нь суугаад, машин аваад уначих уу? Эсвэл үл хөдлөх хөрөнгөө түрээслэж, машинаараа үйлчилгээ үзүүлж мөнгө олж актив болгох уу гэдэгт хүн баяжих баяжихгүйн ялгаа оршино гэнэ. Банк хүмүүсийн хадгалуулсан мөнгийг багахан хүү өгч аваад эргүүлээд ямар өндөр хүүтэйгээр зээл болгон өгдөг механизмыг ярьж мөнгөө хадгаламжинд хийвэл баяжих уу хөрөнгө оруулалт болгож өсгөсөн нь дээр үү гэх мэт асуултуудаар булж хариултыг нь тайлбарлаж балчирхан ухааныг минь тэлүүлнэ. Мөнгийг хадгалж байж арвижуулна гэж ядуу аавын минь сургадаг буруу байхнээ хэмээн би гайхширдагсан.
Мөн мөнгөний төлөө залуу нас, эрүүл мэнд, ёс суртахуунаа золиосолж болохгүй. Таалагдах ажлаар л мөнгө олохыг хичээ. Өөрийгөө нээж, хөгжүүлж чадвал ажил гэдэг баяр баясгалан, бие сэтгэлийг цэнгээгч болон хувирна. Зөв зүйтэй сонголт хийж хөдөлмөрлөсний шагнал нь мөнгө байх болно. Мөнгө бол золиос, харин чи бол тийм биш. Хамгийн үнэтэй юм бол хүн өөрөө гэж хэлж билээ.
Сургууль соёлын газар сүжиггүй би хасагдчихалгүй нэг юм дөнгөн данган зүүгдэж явахад алив юмыг хийвэл хийсэн шиг хийх хэрэгтэй гэдэг ухааныг баян аав маань суулгаж өгснөөс хойш сургуулиа хаях санаагаа орхиж харин ч хичээж хожим нь нэр хүнд бүхий их сургуульд элсэн орсон билээ.

Баян аав Майк бид хоёрыг монополь тоглоомоор л тоглоод бай гэдэгсэн.
- Монополь баяжих хамаг нууцыг заадаг. Тоглоомон дээр цалин аваад байлаа гээд хожихгүй. Үл хөдлөх хөрөнгө, газар авч, дээр нь байшингууд барина. Байшингуудаа зараад зочид буудал худалдаж авна. Баяжих найдвартай арга чинь энэ л байгаа юм даа гэдэгсэн.
- Нээрээ ийм амархан гэж үү дээ?
- Би бага сага мөнгөтэй болуут үл хөдлөх хөрөнгө авсан. Тэрнийхээ орлогоор шинэ газрууд нээсэн. Тэдгээрийнхээ орлогоор дахин үл хөдлөх хөрөнгө авсан. Ер нь би амьдрал дээр монополь тоглосон юм шүү дээ гэх.

Баян аав Майк бид хоёрыг янз бүрийн уулзалт, гэрээ хийх, тохиролцоо зэрэг зүйлстээ дагуулж явна. Шинээр авсан үл хөдлөх хөрөнгөн дээрээ авч очиж, тэрэн дээрээ юу хийх санаатай байгаагаа ярина. Энэ бүхэн миний нүдийг нээж, чихийг дэлдийлгэнэ. Би ийм үнэтэй юм авч чадахгүй гэж бодохын оронд яавал авч чадах билээ гэж бодож байх ёстой, гаргалгаа заавал гарч ирдэг гэж баян аав хэлдэгсэн.
Баян айлууд хүүхдүүддээ кармааны мөнгийг өгч, өнөө хүүхдүүд нь хэрхэн авцаатай юм шиг аашилж бас балигалзаж байна. Хүүхдүүддээ энэ олсон долсон хөрөнгөө яаж хамгаалж хадгалж өсгөхийг заахын оронд яаж устгах үрэхийг зааж байна хэмээн бичжээ. Амьдралд зүв зүгээр ирдэг, үнэгүй юм гэж байдаггүйг багаас нь ойлгуул гэнэ. Халаасны мөнгө нэхэхэд нь хариуд нь наад зах нь баяр талархлаа илэрхийлж, хайрлаж халамжлах, үгэнд орох, цаашлаад мөнгөний оронд хийж өгч чадах юмтай байх ёстойг ойлгуулах ёстой гэж эцэг эхчүүдэд сануулж байна.

Амьдрал дээр гарахад дансандаа хичнээн мөнгөтэй нь чухал болохоос багадаа авч байсан дүн тийм чухал биш гэдэг үг содон байлаа гэж….
Баяжихыг хүссэн хүн ажилчин болвол баяжих уу, эзэн байвал баяжих уу? Эсвэл хөрөнгө оруулагч болвол баяжих уу? Энэ асуултыг өөрөөсөө бас хүүхдээсээ асуугаарай.

Ххх

Сонирхолтой түүх
Энэ номыг уншаад ухаарал авч амьдралдаа өөрчлөлт гаргасан эцэг эх, хүүхдүүдийн тухай уншихад урамтай байлаа. Тэр түүхүүдийн нэгээс хуваалцая. 14 настай Брайн ааваасаа гольфийн цохиур авч өгөөч гэж гуйжээ. Аав нь чи өөрийнхөө мөнгөөр авбал илүү зүгээр биш үү гээд зүлэг хяргах ажил олж өгч, хүү ч 500 доллартай болжээ. Хүүгээ дагуулж брокерийн пүүс ороод 100 -аар нь хувьцаа авахуулаад их сургуулийн төлбөрт чинь нэмэр болог гэжээ. Харин үлдсэн мөнгөө дахиж мөнгө олох юманд хөрөнгө оруул гэхэд хүү ихэд бухимдаж уурлажээ. Гэвч хагас цагийн дараа 350 доллараар мөхөөлдөсний автомат авч тавих нь зөв юм байна гэсэн шийдэлд хүрчээ. 7 хоногт нэг очиж амттанаар сэлбээд мөнгөө авдаг Брайн одоо 6 автоматтай. Орлогоосоо гольфийн хэрэгсэл авсан төдийгүй дасгалжуулагч хөлсөлдөг. Ур чадвар нь сайжирч байгаа, бас их сургуулийн төлбөрийн сан нь ч зузаарсаар буй.
ххх

Уншигчийн зүгээс төрсөн бодол
Энэ номыг уншаад хүүхдэдээ заах байтугай өөрөө ч мэдэхгүй юм их байгааг ухаарав. Өмнө нь би мөнгөний хойноос хэт хөөцөлдөх нь нүгэл хэмээн боддог байлаа. Хүн нэг их баяжаад хэрэггүй, өр ширгүй, хүнээс гуйхгүй л амьдарч чадаж байвал болоо гэж бодож байсан өнцөг нилээн олон градусаар өөрчлөгдөв. Эдийн засгийг хөгжүүлж, ажлын байр бий болгож, ариун цагаан хөдөлмөрөөрөө баяжиж байгаа улс яавч нүгэлтэй биш, тэд олон хүнд тусладаг, тэд нийгмийг хөдөлгөдөг. Залхуу, арчаагүйгээсээ болж ядуу байгаа хүмүүс харин буянтай улс биш гэсэн байгаатай санал нийлэв. Ядуу зүдүү амьдралтай мөртлөө мэдлэгтэй, боловсолтой хүнийг аз жаргалгүй амьтан, зүгээр л номын шүүгээнээс ялгаагүй хэмээн зүйрлэсэнтэй харин санал нийлэхэд хэцүү байлаа. Гэхдээ энэ номноос авах хэрэгжүүлэх санаа дүүрэн байна.
Мөнгийг хадгалж суухаар арвиждаггүй, мөнгийг зүгээр суулгаж болохгүй, ажиллуулж байх хэрэгтэй гэдэг санааг урьд нь олон сонсож байсан ч энэ номыг уншсанаар илүү ой тойнд буулаа.
Хөрөнгө мөнгө хүнд стресс үүсгэж, зарим тохиолдолд хүмүүсийн харилцааг муутгаж, шаналгаан дагуулдаг мэт боловч яг үнэндээ хүнд илүү сонголт бий болгож, хүссэнээрээ амьдрах, санаснаа хийх их эрх чөлөөг олгодог. Нийгэмд мөнгө гэдэг ус агаар шиг хэрэгтэй зүйл нь үнэн билээ.
Гэтэл би гэдэг хүн хүүхдүүдээ мөнгөний талаар нэг их ярьдаггүй, санхүүгийн боловсорлын тал дээр ямар ч мэдлэг эзэмшүүлээгүй яваагаа анзаарлаа.
Бас хүүхдүүдээ онц сураад, сайхан ажилд орж, өндөр цалин авбал л ирээдүй чинь баталгаатай байна гэж өрөөсгөлөөр номлож байжээ. Дуртай юмаа хийж жаргалтай явахын тулд хөрөнгө мөнгөтэй болох ёстой. Тиймд баяжихын төлөө толгойгоо ажлуул гэж сургах ёстой юм байна.
Бас нэг ойлгосон зүйл бол хүүхдээ сургуульдаа онц авсангүй гэж бачимдаж суух ёстой илүүц явдал юм байна даа гэдэг бодол байв.
Хүүхэд элдэв юм авахуулах гэж нэхэх үед мөнгө байхгүй, авч өгч дийлэхгүй гэж хариулахын оронд яавал мөнгөтэй болж, авч болох билээ гэж бодуулж сурга гэдэг их сонин санаа байлаа.
Энэ номон дээр гарч байгаа монополь тоглоомыг харин олж авч гэрээрээ тоглож, каринтиний үед цагийг их сонирхолтой өнгөрүүлж байгаагаа энд дуулгахад таатай байна, хэ хэ.
Бэлэн загас хүүхдийнхээ аманд нь хийж байхын оронд яаж загас барихыг сурга гэсэн мэссэжтэй эцэг эх байхын ухааныг тэлсэн нэг сайхан ном уншсанаа хуваалцахад ийм байна.

Хүндэтгэсэн Дээгий
Copy from Degi Chadraabal

Close

50% Complete

Two Step

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua.