Энэ номонд нэгэн Америк оюутан бүсгүй солилцоогоор Франц айлд очин амьдрах хугацаандаа тэр айлын эзэгтэйн амьдралын хэв маяг өдөр тутмын амьдралыг хэрхэн өөрөөс нь тэс өөр ялгаатайг биеэр үзэн өөртөө маш том өөрчлөлт хийсэн тухайгаа өгүүлжээ.
Энэхүү үлгэр жишээч язгууртан гаралт франц эмэгтэйн тухай номыг уншаад би та нарынхаа хүссэний дагуу номын тэмдэглэл хийж хуваалцахаар бичлээ. Хэдийгээр мэддэг зүйл олон байсан ч яг өөртөө өдөр бүр сануулах үүднээс ийнхүү бичиж авлаа.
1-р хэсэг
Хооллолт ба дасгал хөдөлгөөн
Үүнд: -Эрүүл тэжээллэг чанартай хооллож байхын тулд хоолноос өмнө элдэв янзын амны зугаа амттан хэрэглэхгүй байх
- Хоол хийх хүнсний материалаа арвин сонголттойгоор базааж өнгө үзэмжтэй амттай хийж занших
- Хоол руу хэзээ ч битгий уралдаж байгаа юм шиг утгагүйгээр дайр. Аль болох сэтгэл зүрхээрээ амтархан амтлах мэдрэмжээ ашиглан сайн зажлаж идэх
- Жин нэмчихвий ч юмуу янз бүрийн сөрөг бодол бодож идэх хэрэггүй, учир нь энэ тухайгаа чи аль эрт хүнсээ цуглуулах үед л үүнийгээ зохицуулсан байх ёстой.
- Хоолыг зөвхөн идэх гэж суудаггүй нүдээрээ таашаал авах учир үзэмжтэй сайхан таваглаж чимэглэх эрдмийг гартаа оруулах. Учир нь гэр бүлийнхэн чинь таны хайр халамжийг тэндээс мэдэрч та ч тэднээсээ аз жаргал амсах болно.
Франц эмэгтэйчүүд фитнесд явдаггүй. Тэд өдөр бүр өөр өөрсдийн ажлаа хийнгээ байнгын идэвхитэй хөдөлгөөнт амьдралд дадсан байдаг. Чөлөөт цагаараа ч идэвхитэй хөдөлгөөнд байдаг. Үүнд таны санаачлага л нөлөөлнө. Тэр хөдөлгөөнийг хэвшил болгох шалтаг шалтгааныг чамаас өөр хэн бий болгох билээ дээ. Жишээ нь :
- Хүүхдүүдтэйгээ хөгжилдөн хөгжмийн аянд бүжиглэ. Амьдралыг хөгжилдөн өөдрөгөөр амьдрах нь хэн бүхэнд хэрэгтэй.
- Машинаа албаар хол зогсоол сонгон байрлуулж алхах боломж өөртөө өг
- Амьдарч буй газрынхаа (хотхоныхоо) нүх сүв болгоныг сонирхон алх
- Цахилгаан шат байсан ч албаар өгсөж алхах хөдөлгөөнийг бий болго
- Зурагт үзэх эсвэл хэвтэх үедээ хөлийн дасгал хий
- Өөрийн дуртай чиглэлээр дасгал хөдөлгөөнийг хэвшмэл болгох ( гэрийн ажлыг ч ашигтай хөдөлгөөнтэйгээр хийж болно)
Эцэст нь хэлэхэд толинд хараад хэзээ ч битгий өөрийгөө гол!!! Учир нь энэ өөрт чин харагдаж буй галбир дүрсийг чи өөрөө бүтээсэн. Чиний яаж амьдарч байгааг харах толь бол чи. Чиний нүүр царай, биеийн чинь галбир, өөрийн чин харцны өнгө тэр чигээрээ чиний өдөр тутмын амьдралын дадлаас үүсдэг гэдгийг бүү мартаарай!
2-р хэсэг
Хувцас ба хувцаслалт
Юуны өмнө хэрэгтэй хэрэггүй олон хувцасаа цэгцэлж тоог нь багасгах мөн дэмий олон хувцасанд мөнгө бүү гарздаж бай. Хамгийн гол нь өөрийнхөө стил имижийг ол. Хэрхэн өөрийгөө олох вэ гэвэл биеийн хэлбэр галбир мөн царайны өнгө төрхөнд тохирох гээд л зөндөө юм болно. Гэвч хамгийн гол нь өмссөн хувцас чинь таныг илэрхийлж чадаж байна уу, та энийг өмссөнөөрөө хэр өөдрөг сэтгэл ханамжтай байгаа вэ гэдгээс л оршино.
Өөрийнхөө амьдралын хэв маягт тохируулан гоёж сурах нь чухал. Ямар ч төрлийн хувцасыг эмэгтэйлэг харагдуулж сураарай. Гэрийн эзэгтэй гэхээр л даруухан энгийн хувцаслах ёстой юм шиг нийтлэг ойлголт байдаг. Энэ бол хоцрогдсон арга шүү. Чи нэг л амьдрана. Амьдралдаа дуртай сэтгэл хангалуун өөдрөг өнгөрөөх нь чухал.
Өдөр тутамдаа голдуу өөрийн чинь хаагуур явж юу хийдгээс хамаараад тэр дүрдээ тохирох стилтэй хувцаслах аргаа тодорхойлсон байхад л хэзээ ч хаана ч гологдохгүй. Тиймээс юуны өмнө шкафаа цэвэрлэж, хэрэгтэй хэрэггүй хогноосоо салах хэрэгтэй. Цөөхөн чанартай өөрт тохирох зүйлсээ л авч үлдэх нь зөв. Үнэтэй авсан ч гэсэн хэрэглэхгүй байгаа бол өөрөөсөө холдуул бүү шуна!!! Хэрэгтэй нэгэнд нь л өг. Нэгэнт цэвэрлэсэн шкафнаас таныг муухай харагдуулах зүйл үлдээгүй нь тодорхой. Нэмж хэлэхэд хэтэрхий сул загвартай хувцас трэнд биш л бол бүү сонгоорой. Учир нь тэр том даавуун дотор юугаа халхалах гэж байгаагаа бодоорой!!! Сул загвар дотор унжсан гэдсээ нуух гэж байгаам биш биз! Аль болох асуудлыг даавуунд биш өөрөөсөө олж харж шийдвэрлэж чадаж байвал та зөв хүн.
Хувцасны шүүгээгээ цэгцтэй ангилж хийх нь таны цагийг хэмнэсэн хамгийн чухал хэсэг гэдгийг санаарай!
Улирал нь өнгөрсөн хувцасыг тусад нь эмхэлж далд хийж байх.
Хэтэрхий их хувцас цуглуулахын оронд насаараа гоёчих (accessoires) нарны шил, хүзүүний алчуур, цүнх, ээмэг зүүлт бугуйвч гэх мэт эмэгтэйлэг харагдуулах зүйлд ач холбогдол өгөх нь дээр. Энэ нь таны имижийг амархан өнгөлөг донжтой харагдуулж дөнгөнө.
Сайхан зохисон хувцас өөрийн эрхгүй л сэтгэлд сайхан мэдрэмжийг төрүүлдэг.
Амьдралд хүн өдөр бүрийг нөхөж болохгүй үнэ цэнэтэй байдаг байхад яагаад өөрийгөө сэтгэл дундуур хувцаслачихаад гонсгор, өдрийг үлгэн салган өнгөрөөх ёстой гэж? Энэ дэндүү хайран биш гэж үү?
Франц хүүхнүүдийг ажигласан бол тэд бүгд л өөрийн гэсэн имиж дүр төрхтэй. Ямар хувцаслалт хийж байгаатай холбоотойгоор нүүр будалт бас чухал. Будаагүй мэт хөнгөн будалтыг өдөр тутамдаа хэрэгжүүлж занших нь таны төрөлх гоо үзэмжийг тодруулж өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх болно. Будагийг зөв зохистой хэрэглэхээс гадна өөрийн дотоод гоо сайхныг бүрдүүлэх арьс арчилгааг бүү мартаарай. Өөрийгөө аль болох стрэсдэхээс сэргийлж өдөрт 8 цаг унтаж, сардаа чадвал 2 удаа массажинд орж бай эсвэл өөртөө массаж хийж чийгшилээ авч заншаарай.
Хаа нэгтээ яаран гарах эсвэл аялалд өмсөх биед эвтэйхэн дэгжин аяллын хувцастай байх хэрэгтэй. Онгоцоор аялах ч юмуу найз нөхөдтэйгээ салхинд гарах үед царай алдсан явах албагүй. Сайхан хувцасласан ямар ч хүн гайхалтай харагддаг.
Үсийг аль болох олон янзаар хувиргаж болох засалт хийлгэх нь амар. Энэ нь өөрт зугаатайгаас гадна шинэ өөр төрхийг амархан бүрдүүлэх болно. Мөр шүргэсэн урттай үс нь арчилгаа багатай хэрнээ дэгжин харагдуулах талтай.
Өөрийгөө толинд харахдаа үргэлж өөртөө дурлаж хараарай ингэж харсан үед илүү өөрийгөө тордох өнгө зүс оруулах мэдрэмжийг дотроосоо өөрийн эрхгүй гаргах болно. Таниас өөр таныг хэн ч ингэж хайрлахгүй гэдгийг хатуу сана!
Мөн өөрт таалагдсан өөрийгөө илэрхийлж болохуйц өөрийн гэсэн сүрчигтэй болоорой.
3-р хэсэг
Үнэ цэнэтэй дэгжин амьдрах
Гэртээ байхдаа ч цэвэрхэн донжтой хувцасла. Гэрийн хувцас гэхээр л хуучирч томдсон хувцас байх албагүй. Шик хадагтай бол өглөө орноосоо өндийснөөсөө эхлээд үдэш орондоо орон ортлоо зөв зохистой хувцасладаг. Хүн өөрийгөө мөнх юм шиг л санадаг, үнэндээ бол амьдрал богино! Тэгэхээр сайхан бүхнийг өөртөө зориулж гэр орноо өөрийнхөө санаандаа хүртэл сайхан тохижуулж эмх замбарааг эрхэмлэн цэгцтэй суухаас гадна зочны өрөөгөө гэр бүлээрээ суугаад халуун дулаан яриа өрнүүлж суухаар болгох. Ихэнх айл телевизор үзэхээр цуглах мэт тохижуулсан байдаг.
Мөн үнэтэй авсан чамин тансаг таваг шаазангаа өөрөөсөө харамлахгүйгээр өдөр тутамдаа гэр бүлтэйгээ хооллохдоо ашиглаж занших. Энэ нь танай гэр бүлийг соёлтой харагдуулахаас гадна та бүгд эндээс гоо сайхны сэтгэлийн таашаалыг мэдрэн аз жаргалыг амсах болно.
Өдөр бүрийг өөдрөг баялаг болгохын тулд зөв дадал зуршлыг хэвшүүл. Тав тухтай өөдрөг стрэсгүй амьдралыг бүтээхийн тулд гэрийнхээ бүх нүх сүвийг нь эхнээс нь яаралгүй ухаж цэвэрлэн, эмх замбараатай болгоорой. Юм бүхнийг өөрийн тогтсон байртай болгож түүнийгээ ягштал баримтлахыг гэр бүлийн гишүүддээ сургах. Эмхэлж янзлахдаа та хичнээн их хэрэггүй зүйлд мөнгө зарлагдсанаа олж харахаас гадна ахиж хэрэгтэй хэрэггүй зүйл худалдан авалт хийхээс өмнө нэлээн сайн боддог болох нь тодорхой юм.
Тархины алжаалыг тайлж амьдралд хөг нэмдэг зүйл бол яах аргагүй урлаг уран сайхан байдаг. Симфони хөгжим сонсох, театрт очиж баллет, дуурь үзээрэй. Дүрслэх урлагийн үзэсгэлэнгүүдээр зочилж, номын нээлтүүдэд оролцож зохиогчийн ярихыг нь сонс.
Өөрөө ч хөгжим сурах ч юмуу зураг зурах, ном бичих гэх мэтээр оролдож болох шүү дээ.
Өөрийн амьдралыг зугаатай хөгжилтэй болгох бас нэгэн арга нь үдэшлэг зохиох юм. Чин сэтгэлээсээ өөрийнхөө чадах хэмжээнд зууш, салат, хоолоо чамин тансаг таваг шаазангаараа чимэглэн, үнэтэй нандин хувцас хэрэглэлээ ч ашиглах завшааныг бүү алд. Энэ нь бусдад болон өөртөө эрч хүч энергийг авах болно. Мөн боломжоороо аялалд гарч гадны соёлтой танилцаж орчноо сэлгэж байгаарай.
Хэдэн ч нас хүрсэн сурч боловсрохоос бүү хойш суугаарай. Сонирхсон сургалт дамжаанд сурсны ачаар амьдрал чин өөрчлөгдөх болно.
Өөрийн амьдралд өдөр тутам хийж буй ажилдаа төвөгшөөлгүй аль болох зугаатай аргаар хийх. Хэдийгээр гэрийн ажил хэзээ ч дуусашгүй мэт санагдавч үүнээс зугтах арга бас байхгүй тул аль болох өглөө эрт амжуулж өөртөө цаг гаргаж сураарай. Өөрийнхөө хийх дуртай юмандаа цаг гаргаж чадсанаараа таны эрч хүч тэмүүлэл улам л хүчээ авах болно.
Амьдралын өчүүхэн жаахан зүйлээс ч баяр баясгаланг мэдэрч байвал өдөр бүрийг жаргалтай сэтгэл хангалуунаар өнгөрүүлж чадна. Тиймээс хийж буй зүйлээсээ бүрэн дүүрэн сэтгэл ханамж авахын тулд 5 мэдрэхүйгээ сайн ажиллуулах.
Товчхондоо бол хүн ер нь чанарыг эрхэмлэж амьдрах нь чухал. Хоол унд, хувцас хунарын чанараас гадна хүний чанар, харилцааны чанар, цаг хугацааны үнэ цэнийг ямагт мэдрэх нь сэтгэлийн амар амгалантай нягт холбоотой юм.
Хүндэтгэсэн Сугараа
Copy from Sugarmaa Zunduidorj
50% Complete
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua.