ЧИХЭРГҮЙ 21 хоног
Энэ номыг унших болсон шалтгаан бол чихэрлэг юм идэхээр л хоолны шингэц муудаж, ааштай болдог болсноо мэдсэн явдал юм. Тэгээд яг нарийн учрыг нь энэ номноос олж уншлаа. Японд ч гэсэн сүүлийн үед хүүхдүүд огцом ууртай, уурлахаараа яахаас ч буцахгүй тэсгэлгүй болдог, мөн хүүхдийн гэмт хэргийн нэг шалтгаан нь чихрийн хэтрүүлсэн хэрэглээ гэж үзэх болсон нь учиртай. Хүүхдэд битгий хэл үүхдэд хүртэл мэдрэгдээд байхад тэр бяцхан амьтадын бие эрхтэн яаж ч тэр ачааллыг даах билээ дээ гэж бодогдов.
Мөн Японы эмч Мүнаката Хисао чихэр идэхгүй 3-4 сар байхад хорт хавдар эдгэдэг тухай бүхэл бүтэн ном бичсэн байдаг. Эдгээр мэдээллээс харахад чихэр гэдэг бидний биед маш хортой болох нь илт.
Юуны өмнө чихэр нь элгийг архи шиг хордуулдаг гэж уншаад гайхав. Элгэнд их ачаалал өгч хордуулдаг 3 хор бол архи, хар тамхи, чихэр. Харин архи болон чихрийн хорноос ангижирхад элэг бусад хорноосоо ч салж эхэлдэг ажээ.
Чихрийн хордлого гэж юу вэ?
Чихэрлэг юманд донтдог, өглөөгүүр ядардаг, хоол идсэн ч өлсгөлөн хэвээр байдаг, 2-3 цаг тутамд юм иддэг бол та чихрийн хордлогонд орсон байна гэсэн үг. Энэ хорыг биеэсээ зайлуулснаар эрүүлждэг. Чихэр нь хүний биед богино болон урт удаан хугацаанд дараах хор хөнөөлийг учруулдаг.
✴︎Богино хугацааны хор
Зан ааш тогтворгүй болох, батга болон тууралт, сарын тэмдэгийн өмнөх үеийн синдром, сарын тэмдэг өвдөлттэй ирэх, дутуу нойр, ядаргаа, булчингийн сулрал, ханиад томуунд өртөмтгий болох, бусад идэх юманд донтох гэх мэт.
✴︎Урт удаан хугацааны хор
Цус багадалт, сэтгэл гутрал, санаа зовинол, архаг батга, диатез, псориаз(хайрст үлд), өндгөвчний уйланхай, үргүйдэл, бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааны хямрал, миелопатия ( нугас дарагдах), нейропатия (үе мөч мэдээгүй болох), инсулин эсэргүүцэх чадваргүй болох, чихрийн шижин 2, алцхаймер, архи тамхи эмийн донтолт гэх мэт.
Чихэр гэхээр цаастай чихэр, шоколад санаанд орж магад. Гэвч талх, боов, гоймон гэх мэт гурилан бүтээгдэхүүн, будаа, пастаны соус, салад амтлагч, савалсан лаазалсан бэлэн болон боловсруулсан хүнс, газрын самарны нухаш, эрүүл гэсэн тодотголтой амуу тарианы бэлдэцүүд зэрэг нь чихэр ихээр агуулсан байдаг. Дээр нь чихэр орлуулагч ч гэсэн хор гэдгийг битгий мартаарай.
✴︎Чихэр орлуулагчийн хор
Ядрах сульдах, ой санамж муудах, мигрень болон толгойн бусад өвдөлт, үе мөч өвдөх, нойргүйдэл, тууралт, толгой эргэх, бөөлжис цутгах, гүйлгэх, таргалах
✴︎Чихэр хүний биед муу юм бол яагаад хорхойсдог юм бэ?
Допаминтай холбоотой. Хүний бие сэтгэл тааламжтай мэдрэмж авахад допамин ялгардаг. Дасгал хөдөлгөөн, биед хүрэлцэхүй зэргээс гадна зарим бодис бас тийм нөлөө үзүүлдэг нь кафеин, хар тамхи, чихэр. Эдгээр нь тэжээлийг үгүй хийдэг тул ахиад идэх хэрэглэх хүслийг төрүүлдэг, бас дахин дахин сайхан мэдрэмж авахын тулд донтуулдаг.
Дээр дурьдсан сахар их агуулдаг бүтээгдэхүүнийг нүүрс ус ч гэдэг. Нүүрс ус нь дотроо сайн муу нүүрс ус гэж байна.
Сайн нүүрс ус нь брокколи, цэцэгт байцаа, ногоон алим, butter squash(нэгэн зүйл самар) лууван зэрэгт агуулагддаг.
Муу нүүрс ус нь бүхэл үр тарианы талх, бүхэл үр тарианы гоймон, амуу тарианы бэлдэц (cereal) гэх мэт. Эдгээр нь өндөр илчлэгтэй ч тэжээлээр маруухан бөгөөд нэмэлтээр витамин нэмсэн байдаг ч тэдгээр витаминууд нь дангаараа хүний биед шимэгдүүлэх давхар хүчин зүйлгүйгээр шимэгддэггүй. Жишээ нь кальци нь дангаараа шимэгддэгүй тул витамин А,Д,К2, Магнитай нийлж байж шимэгддэг.
Нүүрс ус биед ороод энергийн эх болох глюкозыг үүсгэдэг. Глюкоз нь нэг бол энерги болж хэрэглэгддэг нөгөө бол элэг, булчин, цусны эргэлтэнд нөөц болон хуримтлагддаг. Нөөц болгохын тулд инсулин ялгардаг. Гэхдээ энэ 3 нөөцөөс хэтэрсэн хэмжээний нүүрс ус орж ирэх юм бол өөх болон хуримтлагддаг. Энэхүү глюкозын нөөц нь биеийн цусан дахь чихрийн хэмжээг хэвийн хэмжээнд барих үүрэгтэй. Гэтэл муу нүүрс усыг их хэмжээгээр эсвэл байнга хэрэглэснээр цусан дахь чихрийг хэвийн хэмжээнд барих гэж тэр хэмжээний инсулин ялгардаг. Ингэснээр өндөр байсан чихрийн хэмжээ огцом бага болон буурдаг. Энэ нь бидэнд ядарсан мэдрэмж төрүүлж унтмаар санагдуулдаг. Мөн гэдэс улам өлсөж ахин идэх хүсэл төрүүлдэг. Ийнхүү цусан дахь чихрийн хэмжээ нэг дээшилж нэг доошлох нь байнга давтагдах нь чихрийн шижин өвчнийг үүсгэдэг. Түүгээр ч зогсохгүй судсыг гэмтээж, судас хатууралт, цус харвалт, зүрхний шигдээс, зөнөх өвчин, хорт хавдрын эх үүсвэр болдог. Мөн хүний биед ачаалал өгч стресс, таргалалт, бамбай болон бэлгийн дааврын бууралт, үрэвсэл үүсгэдэг. Хүний биеийн витаминыг ч чихэр устгаж ялангуяа В витамин болон бусад эрдэс бодисыг устгадаг. Тиймээс чихрийн хэрэглээгээ багасгаснаар олон өвчнөөсөө сална.
✴︎Монголын нөхцөлд тохирох мэдээлэл
Уг номонд тухайн хүнд тохирох түвшний хэд хэдэн төрлийн 21 өдрийн хоолны цэс нь хийх арга, жортойгоо байсан ч монгол хүний болон монгол орны хүнсний хэрэглээний хувьд таарахгүй цэс ( жишээ нь гурил хэрэглэхгүй самрын гурил хэрэглэх гэдэг ч юм уу) их байсан болохоор авахыг нь аваад хаяхыг нь хаяад ерөөсөө л чихрээ багасгах гэдгийг л зорилго болгоход болохоор санагдсан. Гэхдээ монголчууд бидэнд тохирох бас зарим хүнсийг ч дурьдсан байсан нь олзуурхууштай. Жишээ нь сайн өөх тосонд амьтны гаралтай өөх тос (үхэр, гахай,нугас шувууны өөхөн тос, масло, шар тос гэх мэтийг сайн гэсэн байсан бөгөөд ариутгаагүй тослогийг нь аваагүй сүү, сүүн бүтээгдэхүүн сайн гэсэн байсан нь манай монголчуудад хэрэгтэй мэдээлэл байлаа. Оливийн тос сайн ч халааж хэрэглэхгүй хүйтнээр нь хэрэглэх ёстой тосны нэг ажээ. Монголд зардаг ургамлын тоснууд бол муу тоснууд юм байна. Тиймээс амьтны гаралтай өөхөн тосоо хэрэглэсэн нь дээр санагдсан.
Угаас дээр үед чихэр гэгч байхгүй үед хүмүүс зөгийн бал, жимснээс чихэр авдаг байсан нь улирлын чанартай, завсарлагатай ч байдаг байж. Гэтэл орчин үед бүр нэмээд завсар зайгүй идээд байдаг нь бидний биед маш их хорыг хуримтлуулдаг учраас нэмэлтээр идэхгүй байх нь л чухал мэт санагдлаа.
Copy from
Elbegzaya Badamochir