ХЭРХЭН ҮХЭХГҮЙ БАЙХ ВЭ?

Эмнэлгээс найдваргүй гэсэн оноштойгоор эмээ минь 65 насандаа тэргэнцэр дээр түрүүлсээр, амьдарлын сүүлчийн хоногуудаа гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөхөөр гарч ирж билээ. Олон ч удаа зүрхний мэс засалд орж цаашид ямар ч эмчилгээгүй болсон эмэг эх минь азаар тэр үед эрүүл хүнсээр эмчилдэг нэг хүний нэврүүлгийг үзээд сүүлчийн горьдлогоо тээн, тийшээ зорьж очсон юм.

Тэр эмчийн заавраар өдөр тутмын хүнсээ өөрчилснөөр эмээ минь эрүүл саруул болж, 65 биш бүр 96 насыг зооглосон билээ. Нөгөө ертөнцийн хаалгыг татаж үзсэн эмэг эхээ эрүүлжихийг өөрийн нүдээр харсан тэр цагаас хүнийг эмээр биш хоолоор эмчилж болдог юм байна, тийм л эмч болоё гэж шийдсэн билээ.

Номын зохиолч Майкл Грегэр эмч маш олон судалгаа баримтуудыг нэгтгэн дүгнэж асар үнэ цэнэ бүхий мэдлэгийг хуримтлуулан хүн төрөлхтөнд хүргэсэн энэ номыг уншигч би хувьдаа алтнаас үнэтэй гайхамшигтай бүтээл хэмээн талархан хүлээн авч, чадах чинээгээрээ бусдад хүргэе гэж бодоод номын тойм бичлээ.

Энэ цагт үнэн худал нь эс мэдэгдэх, эх сурвалж тодорхойгүй, цаанаа ашиг хонжоо харсан мэдээллүүдээс болоод алийг нь үнэн алийг нь худлаа гэж ялгахад маш хэцүү болоод байгаа билээ.
Дэлхийн олон орны эрдэмтдийн олон жилийн судалгаа шинжилгээ дүгнэлтэнд тулгуурласан, тэр дундаа цаанаа ашиг сонирхлын зөрчил агуулаагүй энэхүү номноос амин чухал олон мэдлэг мэдээллийг олж авч, эхнээс нь амьдрал дээр туршиж эерэг үр нөлөөг нь мэдэрч байгаадаа ихэд баяртай.

Таны амьдралдаа амжуулах юмсан , хийх юмсан гэж мөрөөдөж, бодож явдаг зүйлс ингэхэд юу вэ?
Амжилтын оргилд хүрэх, хийсэн бүтээснээрээ дуурсагдах, баяжих, ном бичих, байшин барих, дэлхийг тойрон аялах, Эвэрэстэд авирах, марафонд гүйх, ач жичээ үзэх үү?

Мөрөөдөл хүслээ биелүүлэхэд хамгийн чухал ганцхан зүйл бол эрүүл энх байх явдал билээ л.

Буруу хоол хүнс бол бүх өвчний эх сурвалж, тэдгээрийг мөн л зөв хүнсэлснээр эмчилж болдгийг дээр үеэс эрдэмтэн мэргэд олон олон судалгаа, туршилт, баримтаар нотолсоор иржээ.

Гэтэл анагаахын сургуулиудад хүнс хоолтой хичээлүүд орохгүй, өвдсөн хойно нь эм өгөхийг заадаг газар болсон болохоор эмч нар ч энэ талын мэдлэг дулимаг.
Хамгийн жигтэй нь цалинг нь хэдэн хүн яаж эдгээж, хичнээн цаг хугацаа, хүч чадлаа дайчилсан гэдгээр биш хичнээн үнэтэй эм бичсэн гэдгээр тооцдог бурангуй системийн буруугаас (Америкт) өнөө цагт хүмүүс хэрэгтэй хэрэггүй баахан эм ууж нэг өвчнөө эдгээх гэж, нөгөө өвчнийг олсоор архаг хууч өвчний үүрнүүд болж, зовлонт амьдарлыг туулан, цагаасаа өмнө мөнх бусыг үзсээр байна.

Америкт олон хүмүүсийг нөгөө ертөнц рүү авч явсаар байгаа хамгийн эхний жагсаалтанд орох 15 өвчнийг энэ номд шалтгаан болон тэдгээрийг хоол хүнсээр эдгээх боломжууд, урьчилан сэргийлэх аргуудтай нь тодорхой тайлбарлан бичсэн байна.

1. Зүрхний өвчнүүд
2. Уушигны өвчнүүд
3. Тархины өвчнүүд
4. Хоол боловсруулах эрхтний хорт хавдар
5. Бохирдол, халдвараас үүсэх өвчнүүд
6. Чихрийн шижин
7. Өндөр даралт
8. Элэгний өвчнүүд
9. Цусны хорт хавдар
11. Бөөрний өвчнүүд
12. Хөхний хорт хавдар
13. Сэтгэл гутарлаас үүдсэн амиа хорлолт
14. Түрүү булчирхайн хорт хавдар
15. Паркинсоны өвчин
15. Эм, эмнэлгээс шалгаалан санамсаргүй үүсэх өвчнүүд

Эдгээр жагсаалтыг хараад манай Монгол өөр байгаа болов ууу гээд нэтээс харсан ер нь ойролцоо байх бөгөөд авто замын осол, хүч хэрэглэн хороох ( зодож? ) үхлийн шалтгаануудад дотор дээгүүр жагсаж байгаа нь санаа зовоолоо. Архидалт Монгол хүний насыг богиносгох бас нэг том хүчин зүйл болдог юм байна.

Эмч нар хугарсан ясыг нийлүүлж, олгойдсон цусыг тогтоох идтэй, яаралтай түргэн тусламжаар олон олон хүний амийг авардаг ч архаг хууч өвчин дээр ирэхээр хүчин мөхөстөнө.
Уг нь эм бичихийн оронд
Тамхи татахгүй байх
Таргалахгүй байх
Өдөрт 30 минут дасгал хийх
Эрүүл хооллох (жимс ногоо, бүхэл үрийн бүтээгдэхүүн хэрэглэх)
гэсэн заавруудыг өгдөг, нөгөө хэсэг нь дагадаг бол бол чихрийн шижин 90%, зүрх судасны өвчин 50%, хорт хавдар тусах эрсдэл 33% аар бууруулж, үхэх эрдлээс 40% хамгаалагдаж, 14 насаар залуужих боломжтой гэнэ.
Манай удмынхан ийм өвчтэй тул би бас тусна гээд арга мухардан хүлээн суухын оронд хоол хүнсээр өвчнөөс урьдчиран сэргийлээд зогсохгүй биеэ эдгээж 100 насалж, зургаадай таяг тулахдаа тэнхлүүн гэдгэр явах боломжтой ажээ.
Хүн ер нь хөгширч, өтөлснөөс болж үхдэггүй, аль нэг өвчин туссанаас болж л үхдэг гэдгийг 100 аас дээш насалсан хүмүүсийн бие дээр хийсэн задлан шинжилгээгээр тогтоожээ.

1-р бүлэг

Зүрх Судасны өвчнүүдээр хэрхэн үхэхгүй байх вэ?

Хүмүүсийг бөөн бөөнөөр нь авч одох 1 номерийн алуурчин энэ аюулт өвчин судасны хана хатуурч, нарийссанаас үүдэж цус гүйж чадахгүй болсноор зүрхийг ажиллагаагүй болгодог. Гол шалтгаан нь хоол хүнс. Урьдчилан сэргийлэх боломжтой. Хятадын Гүйжоу мужид хагас сая хүн дээр дээхнэ үед хийсэн судалгаан дээр 65 аас доош насны хүмүүст зүрх судасны өвчин 3 жилийн дотор нэг ч илрээгүй байна. Уганда улсад хийсэн судалгаанаас харахад зүрх өвчнөөр нас барах шалтгаан 100 дахин бага байна гэсэн судалгаа байна. Эдгээр улсуудын хоолны ижил төстэй чанар нь ногоо жимс, боловсруулаагүй хүнс түлхүү хэрэглэдэгтэйтэй цэвэр холбоотой байгаа нь ажиглагджээ.
Муу холестрол буюу судсыг бөглөдөг 3 зүйл
1. Транс тос (Ургамлын тос, маргарин орсон боловсруулсан бүтээгдэхүүнд ихэвчлэн байдаг. Жишээ нь жигнэмэг, бялуу, пицца, шарсан төмс, кофений крем, шарсан тахиа)
2. Ханасан тос (амьтны гаралтай бүтээгдэхүүн мах өөх, цөцгийн тос, бяслаг, түргэн хоолонд их байдаг )
3. Хүнсэн дэх холестрол (амьтны гаралтай бүтээгдэхүүн жишээ нь өндөг)

Эм уугаад эдгэчихнэ гэж боддог хүмүүст хэлэхэд холестрин буулгадаг эм элэг гэмтээнэ, булчинг муутгана, тархинд нөлөөлж ой санамж муутгана, чихрийн шижин тусах магадлалыг нэмэгдүүлнэ, хөхний хорт хавдар тусах эрсдийг нэмэгдүүлнэ гэх мэт сөрөг нөлөөнүүдтэй байх юм. Энэ эмийг үйлдвэрлэгчид 140 тэр бум долларын ашиг олдог.

Зүрхний өвчин эдгэх боломжтой. Амьтны гаралтай хоол идэхгүй, ногоо жимс түлхүү хэрэглэхэд зүрх буцаад эрүүлжинэ.
Мах өндгөө идээд байвал харин муудна. Ухаандаа өглөө өдөр орой 3 удаа шилбэний ясаа ширээнд дэлсээд өвчин намдаах эм уугаад, үүнээ өдөр бүр давтаад яваатай адил юм болно доо.

Номын зохиолч эмчийн амьдралдаа үзсэн хамгийн жигтэй сонин зүйлийн нэг бол Бразил самрын туршилт гэнэ.
Хэдэн ширхэг бразил Самар идүүлснээс 9 цагийн дараа холестролын хэмжээ 20 оноогоор буурсан нь эм ууснаас ч хурдан үйлчилсэн хэрэг байв. Бүр хамгийн жигтэй нь сарын дараа үзэхэд холестрины хэмжээ буусан хэвэндээ байсан явдал юм.

Мөнгө дагасан золиос

Судалгаа, эрдэмтдийн нотолгоонууд гарсаар байтал яагаад хүмүүст энэ талаар хэлж сэнхрүүлдэггүй вэ гэж үү? 1977 онд нэр хүнд бүхий анагаахын сэтгүүлд гаргасан судалгааны дагуу хүнс хоолондоо ногоо жимсийг түлхүү хэрэглэж, амьтны гаралтай бүтээгдэхүүнийг багасгая гэсэн уриалгыг сенатаас гаргахад Америкийн мах, сүүний чиглэлийн компаниуд эсэргүүцэж , хүнсний эрүүл мэндийн комиссыг татан буулгаж, эрдэмтдийн судалгааг дэмжсэн сенатын гишүүдийг сонгуульд ялагдахад нөлөөлөх гэх мэтээр янз бүрээр таслан зогсоожээ. Одоо ч энэ асуудал улам хурцдаж мах үйлдвэрлэлийн талаар олонд мэдээлэл хүргэх гэсэн хүмүүсийг терористийн хэмжээнд авч үзэж баривчлах хориулах хуулийг батлуулсан байдаг байна. Бизнесээ хамгаалахын тулд хүн зоны эрүүл мэндийн мэндийн мэдлэгийг хаан боогдуулж, бодит мэдээллийг дардаг мах сүү өндөг үйлдвэрлэгч, түүгээр бүтээгдэхүүн хийдэг компаниуд нэг үгээр хэлвэл баян том компануудын хувьд мөнгө л 1-р зүйл ажээ. (Эдгээр дотор чинь өнөө Mc Donald, KFC мэт тэргүүн эгнээнд жагсана шүү дээ. )
Мах идэхээс дургүй хүрлээ гэж нэг ярилцлагынхаа үеээр хэлсэн Опра Уйнфри шүүхэд дуудагдаж шүүхээр 5 жил явж байна гэхээр Америкт мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэгчид мөн том гарууд аа.
Дэлхийн хамгийн нэр нөлөө бүхий баян хүн л үгээ хэлэх эрхгүй болохоор жирийн хүн бодит мэдээллийг авч эрүүл мэндээ хамгаалах боломж эрх чөлөөний оронд л лав байдаггүй болтой.
Монголын бэлчээрийн мал аж ахуй шал өөр, малдаа ч хүндээ ч ээлтэй гэж нэг талаас бодогдовч Монгол хүний дундаж наслалт, зүрх судасны өвчнөөр хальж байгаа хүмүүсийн тоо, нийт нас барагсдын 23% ийг эзэлж байгааг бодоход махаа бага хүртэж, ногоо цагаа ахиухан хэрэглэх тухайгаа бодолцох л ёстой санагдав.

2-р бүлэг

Уушигны өвчнүүдээр хэрхэн үхэхгүй байх вэ?

Хүмүүсийг олноор нь авч одож буй уушигны өвчнүүд олон хэлбэрээр ирдэг боловч тэдний дундаас 3 ыг нь энд онцлох хэрэгтэй.
1. Уушигны хорт хавдар
2. Уушигны архаг бөглөрөлт өвчин
3. Астма
Уушигны хорт хавдраар нас барагсадын олонх нь тамхинаас шууд хамааралтай байдаг. Тиймд хэрвээ тамхи татдаг бол нэн түрүүнд тамхинаас гарахыг гуйя. Ганц уушигны биш маш олон хорт хавдрыг үүсгэдэг бодис тамхинд байдаг. Тамхинаас гараад 1 жил болоход зүрх судасны өвчнөөр үхэх эрсдлээ 50% бууруулдаг байна. Олон тохиолдол дундаас уушигны хорт хавдраар үхэж байсан өвчтөн хамгийн хэцүү үхлээр үхдэг гэж эмч бичжээ. Тамхичид өөрсдийгөө эрсдэлд оруулаад зогсохгүй эргэн тойрныхоо хүмүүсийг бас том эрсдэлд оруулдаг байна. Тамхинаас болж хүний ДНА гэмтдэг.
Харин броколи нэгэнт гэмтсэн гэмтсэн ДНА г засах, хорт хавдраас сэргийлж мөн тархалтыг зогсоох үр нөлөөтэй гэнэ. Гэхдээ брокли идээд тамхиа татаад яваад байж болно гэсэн үг бишээ. Брокли, байцаа, цагаан цэцэгт байцааны төрлийн ногоонууд уушигны өвчинд маш сайн гэнэ.
Зарим судалгаан дээрээс үзэхэд энгийн хүмүүст маш сайн нөлөөлдөг хүнс тухайлбал кэйл тамхичдад үйлчилдэггүй зэрэг тохиолдлууд ч байдаг байна. Турмерик, куркумин зэрэг хоол амтлагчид эсийг сэргээх онцгой шидтэй ажээ.
Уушигны хорт хавдраар явагчдын 25% нь гэтэл тамхи татдаггүй хүмүүс байдаг. Тамхичидтай ойрхон удаан байснаас үүдэхээс гадна агаарын бохирдол, янз бүрийн хорт утаа энэ эрсдлийг дагуулдаг. Энэ хорт утаанд гэтэл халуун тосонд мах шарахад гардаг утаа ордог гэвэл яах уу? Шарсан махны ресторантай ойрхон амьдардаг бол эрүүл мэндээ рискэд оруулж байгаа хэрэг гэнэ. Тэр дундаа тосонд загас шардаг хятад рестораны агааржуулагчтай ойрхон амьдардаг айл хорт хавдар тусах хамгийн их эрсдэлтэй гэж уншаад нүд орой дээрээ гарав. Өндөр температурт мах шарахад үүсдэг химийн нэгдэл агаарт үүсдэг хорыг шижлэх ухааных нь нэршлүүдээр тайлбарлажээ. Гоё үнэр гэж бодоод үнэрт нь мансуурч суудаг надад хоол унд хийхдээ сайн агааржуулж баймаар, тэр дундаа тогооч хүмүүс анхаармаар юм гэж бодогдлоо. Нарийндаа тамхи татахад үүсдэг хороор амьгалж байгаа хэрэг гэжээ.
Уушигны архаг бөглөрөлт өвчинд тамхи мэдээж голлох үүргийг гүйцэтгэдэг. Гуурсан хоолойн үрэвсэл буюу бронхит, уушиг тэлэгдэх өвчин буюу эмфизема зэрэг өвчнүүд агаарын бохирдолтой нөхцөлд удаан байснаас үүддэг. Эдгээр өвчнүүдийг туссан бол эдгэх боломжгүй. Харин эрүүл зөв хооллолтоор даамжруулахгүйгээр тогтоон барих боломжтой. Жимс ногоо ахиухан хэрэглэхэд уушигны архаг өвнүүдээр үхэх магадлал 24% буурдаг гэсэн судалгаа байна. Харин хиам, утсан мах, салями, бэкон, зайдас, консервлосон мах, махан бүтээгдэхүүн идэхэд энэ өвчний эрсдэл өндөрсч байгаа нь нитритээс шалтгаантай гэсэн Харвард Колумбийн их сургуулийн судалгааг бас дурджээ.
Астма бол харшлын чанартай өвчин. Өндөгтэй хоол идсэн хүүхдүүдэд илүү хүчтэй илэрч байгааг тодруулжээ. Энэтхэгт хүмүүсийн олонх нь цагаан хоолтон байдаг ба астматай хүмүүс голдуу мах иддэг хүмүүс байна гэсэн судалгаа гарчээ.
Ногоо жимс их хэрэглэдэг хүмүүс астмаар өвчлөх эрсдэл бага байгаа нь ажиглагдсан дээр тулгуурлаж Шведийн эрдэмтэд астматай өвчтөнүүд дээр туршилт хийж хоол хүнсийг нь тэр чигээр нь өөрчилж зөвхөн ногоо жимс ургамлын гаралтай зүйлс идүүлэхэд 4 сарын дотор 70% сайжирч, жил болоход энэ үзүүлэлт 90% өсчээ. Эдгээр өвчтөнүүдийн астма нь эдгээд зогсохгүй илүүдэл жин нь хасагдаж, холестрол болон даралт нь буужээ.

3-р бүлэг

Тархины өвчнүүдээр хэрхэн үхэхгүй байх вэ?

Цус харвалт бол судас бөглөрснөөс үүсдэг. Харвасан хүмүүс биеийн аль хэсэгт бөглөрөлт үүссэнээс шалтгаалж хөдлөх, ярих чадвараа алдах болон зарим хүн шууд нас бардаг. Зүрхний өвчний адил холестрин, цусны даралтаа өндөрсгөхгүй байхад анхаарах ёстой.
Ислэг ( Fiber)
Ислэг ( Fiber) гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, бүдүүн гэдэс, хөхний хорт хавдрын эрсдлийг бууруулж чихрийн шижин зүрхний өвчин, таргалалт цаг бусаар нөгчихөөс сэргийлдэг онцгой чанартай. Тэр дундаа цус харвалтаас хамгаалах чадвартайг маш олон судалгаа нотолжээ. Аяга овьёосонд, нэрс (бэрригийн төрлийн аль ч жимс) хийгээд идэх, ганц алим, аяга брокли, халбага шош, хүртэхэд, бүхэл үрийн хүнс, бор будаа гэх мэт зүйлс зооглоод байхад цус харвалтаас бүрэн хамгаалгаалагдах юм байна.
Кали( Pottassium)
Америк дах судалгаагаар өдөрт идвэл зохих 4,700 мг (хамгийн багаар )калийг идэж амждаг хүмүүс хүн амын 2% л байна гэнэ. 1640 мг-ийг идэхэд л зүрх судасны өвчин, цус харвалтаар үхэх магадлал 21% аар буурч байна гэсэн судалгаа гарчээ. Тэгвэл 3 дахин их идвэл их идвэл олон хүний амь аврагдах бол? Навчит ногоонууд, шошнууд, чихэрлэг төмс тэргүүн эгнээнд жагсаж байна.
Цитрус
Цитрусийн төрлийн жимснүүд алимнаас ч илүүтэйгээр цус харвалтаас хамгаалдаг, цусны эргэлтийг сайжруулдаг байна. Гар хөл нь байнга хөрдөг даарамхай хэсэг хүмүүс дээр эрдэмтэд судалгаа хийжээ. Нэг хэсэг нь цитрус жимсний шүүс уулгаад нөгөө хэсгийг нь айр кондишнерийг маш хүйтэн дээр нь тавьсан өрөөнд суулгажээ. Цитрусийн шүүс уусан хүмүүсийн биеийн дулаан удаан хадгалагдаж буцаж дулаацахдаа ч хурдан байгааг шинжилжээ. Хүйтэнд гадагшаа гарахаас өмнө оранж хэдийг идэж орхивол гар хөл даарах нь бага байхаас гадна хамгийн сайхан нь цус харвалтаас урьдчилан сэргийлэх боломжой явдал билээ.
Нойр
Японы эрдэмтэд Дунд эргэм насны 100 000 хүмүүс дээр ажиглалт хийхэд хоногт 7 цаг унтдаг хүмүүстэй харьцуулахад хоногт 4 цаг унтаг хүмүүс эсвэл 10 цаг унтдаг хүмүүс цус харвах эрсдэл 50% өндөр байна гэсэн хариу гарчээ. Америк, Европ, Хятадад хийсэн судалгаагаар хэт бага унтах эсвэл хэт их унтах аль аль нь цус харвах эрслийг дагуулдагийг нотолжээ. 7-8 цаг унтах хамгийн тохиромжтой цаг юм байна.
Үл исэлдүүлэгч буюу antioxidants
Хөгшрөх гэдэг бол өвчин юм.
Хүний биеийн эд эс чөлөөт радикал буюу эд эсийг гэмтээгч молекулуудад дээрэлхүүлснээр гэмтдэг, түүний улмаас хөгшрөлт явагддаг.
Ухаандаа машин техник хөдөлж явахад бензин тос хэрэгтэйн адил хүнд бас энерги эрчим хүчний үүсгүүр хэрэгтэй. Гэтэл буруу шатахуун хэрэглээд байвал машин тэрэг тань гэмтэхийн адил буруу хоол хүнс хэрэглээд байвал хүний эд эс гэмтдэг байна. Энэ гэмтэл хэмжээнээсээ хэтрэхээр генийн бүтцийг гэмтээж засч залруулахгүй даамжруулвал хромсомыг мутацад оруулж хорт хавдар үүсгэдэг байна. Тэгвэл эдгээрийг засч залруулж, залуужуулах зүйлс нь антиохидант буюу үл исэлдүүлэг хүнсүүд юм. Ногоо, жимс, ургамлын гаралтай хүнс нь мал амьтны гаралтай хүнснээс 64 дахин илүү үл исэлдүүлэгч бодис агуулсан байдаг байна.

Алцхаймерийн өвчин бол тархины судас тань холестролоор таглагдаж хатуурснаас үүсдэг өвчин юм. Юуг ч санахгүй, өөрийгөө ч хэн гэдгийг мартаж, шал өөр хүн мэт аашилдаг. Эрүүл ухаанаа алдаж, бие нь амьд байгаа мөртлөө энэ оюун санааны хувьд энэ ертөнөөс аль эрт явчихсан байдаг энэ төрлийн өвчитнүүд асран хамгаалагчид, үр хүүхдүүдэд нь хамгийн хүндээр буудаг өвчин. Эдгэрэх боломжгүй, харин урьдчилан сэргийлэх боломжтой. Алцхаймерийн өвчтөнүүдийн тархинд хийсэн задлан шинжилгээнээс үзэхэд тархины судас холестролоор бөглөрч хатуурсан байдаг байна.
Цусанд дах холестролийн хэмжээ их байх тусам тархинд очих холестрол өндөр байна гэсэн үг. Америкт энэ өвчнөөр өвдөгсөд үй олноороо байна. Америкт амьдардаг Япон хүн Япондоо амьдарч байгаа нутаг нэгтнүүдээсээ Алцхаймер тусах магадлал маш өндөр гарав. Африкийн Нигер улсад амьдарч байгаа хар арьстнууд Америкт амьдарч байгаа нутаг нэгтнүүдээсээ энэ өвчнийг тусах магадлал 4 дахин бага байна. Тэгэхээр эндээс нэг гаргалгаа гарч ирж байгаа нь Америк хоол унд зөнөх өвчний эх сурвалж байхнээ.
Цагаан хоолтнууд мах иддэг хүмүүсээс зөнөх магадлал 3 дахин бага байна гэсэн судалгаа гарчээ.
Тархинд сайн хоолноос дурдвал бэрри жимснүүд (нэрс, гүзээлзгэнэ, улаалзгана, бөөрөлзгөнө г.м уулын жимснүүд) навчит ногоонууд, хүрэн усан үзэм, цангис, жимсний шүүс, гүргэм (хоол амлагч-Saffron)
Хоолыг түлж, шарж, цахилгаан зууханд болгох зэрэг нь хор болох, хөгшрүүлэх урвал явагдахад түлхэц болдог байна. Болвол устай, шүүстэй аргаар болгох нь эрүүл байдаг байна. Тахианы мах хамгийн их хорт бодис ялгаруулагчаар шалгарчээ. Үхрийн махнаас 20 дахин их байна гэж хэмжигджээ.
Аеробек
Мартамхай болоод эхэлсэн хүмүүсийг 2 бүлэгт хуваагаад эхний бүлгийнхэнд өдөр бүр 45-60 минут аеробекийн дасгал 6 сарын турш хийлгэжээ. 2 дахь бүлгийнхэнд сунгалтын болон булчингийн дасгалууд хийлгэжээ.
6 Сарын дараа Тархины MRI зураг авч үзэхэд Аеробек хийсэн бүлгийнхний тархины үйл ажиллагаа сайжирсан байхад энгийн бусад дасгал хийсэн бүлгийнхэн муудсан байлаа.

4-р бүлэг

Хоол боловсруулах замын өвчнүүдээр хэрхэн үхэхгүй байх вэ?

Хамгийн олон хүнийг авч оддог 3 өвчнийг энд авч үзжээ.
1. Бүдүүн гэдэсний хорт хавдар
2. Нойр булчирхайн хорт хавдар
3. Улаан хоолойн хорт хавдар

Энэтхэгийн хүн амын олонхыг ядуус эзэлдэг. Гэтэл Америктай харьцуулахад хорт хавдраар өвчлөгсөд маш бага байна гэсэн судалгаа гарчээ. Америк эмэгтэй Энэтхэг эмэгтэйгээс бүдүүн гэдэсний хорт хавдраар өвдөх эрсдэл 10 дахин. өндөр, уушигны хорт хавдраар өвдөх эрсдэл 17 дахин, савны хавдраар үхэх магадлал 9 дахин их гэх мэт судалгаа байна. Шалтгаан нь юунд байна вэ гээд үзсэн хоолонд нь байна гэсэн хариу гарчээ. Энэтхэгчүүдийн өдөр тутмын хоолондоо хэрэглэдэг турмерик гэдэг шар өнгөтэй хоол амтлагч хорт хавдрын эстэй тэмцэх чадвартай байна гэж батлагджээ. Зөвхөн хоол амтлагчдаа ч биш юу иддэг нь бас чухал нөлөөтэй. Энэ улсын ард иргэдийн дөнгөж 7% нь л өдөр тутамдаа махан хоол хэрэглэдэг бөгөөд навчит ногоо, буурцаг, шош, вандуй зэрэг хорт хавдартай тэмцдэг phytates агуулсан хүнсийг ихээр хэрэглэдэг байна.
Өтгөнөө гаргахгүй удах бүдүүн гэдэсний хорт хавдар тусах эрсдлийг дагуулдаг бөгөөд fiber буюу ислэг хангалттай иддэг хүмүүс өтгөн хаталттай тулгарах нь бага байдаг байна. Ислэг ургамлын гаралтай хүнсэнд л байдаг.
Бүдүүн гэдэсний хорт хавдар зарим улсад их байхад ийм өвчин гэж байдгийг дуулаагүй газар олон ч байдаг байна. Уганда улсад 24 жил ажилласан Деннис Буркит эмч тэнд маш олон эмнэлгээр явж олон өвчитнүүдтэй нүүр тулж явсан ч тэнд ажиллаж амьдрах хугацаандаа бүдүүн гэдэсний хорт хавдартай хүнтэй таарч байгаагүй гэнэ. Түүний судалгаа ажиглалтаар тэр нутгийнхан бүхэл үрийн бүтээгдэхүүн голлон хэрэглэдгээс ийм байна гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Ургамлын гаралтай гээд цагаан гурилтай юм идээд байх юм бол бүдүүн гэдсээ цавуудаад тавьчихаж байгаатай адил хэрэг ажээ. Маханд байдаг төмөр ихэдэхээрээ бүдүүн гэдэсний хорт хавдар луу хөтөлдөг бас нэг хүчин зүйл болдог байна. Тахиа загасны махыг эрүүл сонголт гэж боддог хүмүүст анхааруулахад Калифорни муж улсын 30 000 хүн дээр хийсэн 6 жилийн судалгаагаар улаан мах иддэг хүмүүсийн бүдүүн гэдэсний хавдар тусах эрсдэл 2 дахин өндөр байхад цагаан мах (тахиа загас) иддэг хүмүүсийнх 3 дахин их байна гэж гарчээ. 11 төрлийн жимсээр туршихад бэрри жимс полип буюу үүнцэрийг шимэгдүүлэх чадвартай байгаа нь ажиглагджээ. Мэс засал хийлгэж байхаар бөөрөлзгөнө идээд шимэгдүүлчихдэг боломж 50% байна гэхээр сонин сайхан.
Харвардын их сургуулиас 1976-2012 оны хооронд 170 000 дундаас дээш насны хүмүүсийг судалжээ. 2008 он гэхэд эдгээр хүмүүсийн 24 000 нь нас барсан бөгөөд 6000 нь зүрхний өвчнөөр, 9000 нь хорт хавдраар нас баржээ. Өвчлөлд хүргэж цагаасаа эрт нөгөө ертөнц рүү явуулсан гол шалтгаанууд нь боловруулсан болон боловсруулаагүй махан бүтээгдэхүүны хэрэглэснээс үүдэлтэйг нас барагсдын амьдарлын хэв маяг, нас, биеийн жин, архи тамхины хэрэглээ, дасгал сургуулилт хийдэг эсэх, дуртай хоол, өдөрт өвдаг калори зэргийг үндэслэн тогтоожээ. Мөн идвэл зохих юмаа идээгүйгээс болж буюу ургамал ногоо жимсэнд байдаг Phytates биед орж ирээгүйгээс болж цааш харсан байх юм. Тэр phytates гээч Бодис нь гаднаас орж ирсэн чөлөөт радикал буюу хөгшрүүлдэг муутгадаг бодисыг дарангуйлж ерөнхийдөө биед цэвэрлэгээ хийж өгдөг байна. Тэгэхээр мах гэдэг зүйл чинь хор л болоод л явчлаа л даа ер нь. Хүний биед махны гаралтай төмөр ихдэхээр өвчин болчихдог юм байна. Сонирхолтой нь цусаа донорлосноор нарийн бүдүүн гэдэсний хорт хавдар 5 жилийн дотор тусах эрсдлээ буулгаж байгаа судалгаа гарчээ. Элдэв хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, бэлдмэл хэрэглэснээс хүнсний ногоо жимс чигээр нь хэрэглэсэн нь үр дүнтэй байдаг байна. Тухайлбал төмрийн бэдмэл хэрэглээд байвал төмрөө нөхчихдөг юм байх гэсэн чинь исэлдүүлэх даралт нэмэгддүүлдэг гэнэ. Бүхэл үрийн бүтээгдэхүүн,шош, самар, үр, хатаасан жимс, ногоон өнгийн, навчлаг ногоонууд төмрийн эх сурвалж болдог гэнэ. Хоолны хажуугаар цай уух нь төмрийн шингээлтэнд садаа болдог юм байна.

Нойр булчирхайн хорт хавдар
Өвчлөгсдийн 20% нь тамхинаас шалгаантай энэ өвчин туссан байдаг бол таргалалт, архидалт дараагийн хүчтэй нөлөө үзүүлдэг зүйлс болдог байна.
Өөх тосны муу нөлөө энд бас яригдах ёстой. Судалгаагаар ургамлын гаралтай үр самар авакадо олив ургамлын тос нойр булчирхайн хорт хавдарт нөлөөгүй болох нь батлагджээ.
Тахианы махны үйлдвэрт ажилладаг хүмүүс нойр булчирхайн хорт хавдар тусах эрсдэл өндөр байна гэсэн ажиглалтан дээр үндэслэж 30 000 ажилдад шинжилгээ хийхэд тахиа нядалдаг хүн нойр булчирхай болон элэгний хорт хавдар тусах магадлал 9 дахин илүү байна гэсэн үр дүн гарчээ. Тэгвэл тахиа иддэг хүмүүс яах болж байна гэсэн асуулт гарч ирнээ дээ. Европын эрдэмтэд ( EPIC=European Prospective Investigation into Canver and Nutrition) 477 000 хүнийг 10 жилийн турш ажиглахад өдөр бүр 50 грам тахианы мах зооглоход нойр булчирхайн хорт хавдар тусах магадлал 72% аар өсч байна гэсэн үзүүлэлт гарчээ. Махыг л муу гээд ерөнхийд нь бодоод байсан чинь тахианы мах хорт хавдар үүсгэдэг гол хүчин зүйл болж таарахад судлаачид өөрсдөө их гайхсан байна. Цусны болон тунгалагийн булчирхайн хорт хавдарт мөн тахианы мах нөлөөтэйг мэдсэн EPIC судалгааны багийн эрдэмтэд эрсдэл тахианд өгдөг хурдан өсгөдөг эм болон тахианы вирусээс шалгаантай болохын цохон тэмдэглэжээ.
Карри хийхэд ордог куркумин (Турмерикийн орцонд ордог амтлагч) нойр булчирхайн хорт хавдрыг эмчлэхэд сайн нөлөөтэй байгааг энд дурджээ.

Улаан хоолойн хорт хавдар
Сөргөө буюу ходоодны хүчил дээшээ өгсөж улаан хоолойг түлж бага багаар үрэвсүүлснээр улаан хоолойн хорт хавдар тусах анхны алхам тавигддаг байна. Архи, тамхины хэрэглээ үүн дээр том түлхэц болдог. Өөх тос хэтрүүлэн хэрэглэх сөргөө үүсэхэд нөлөөтэйг доорх судалгаагаар нотолжээ. Хэсэг хүмүүс сайн дураараа өөх тос ихтэй бүтээгдэхүүн буюу Mc Donalds -зайдас, өндөг болон чиизбургер идэхэд ходоодны хүчил илүү их өгсөж улаан хоолойд хүрч байсан бол өөх тос багатай Hot cake идсэн хүмүүсийнх бага байжээ. Үүнээс цагаан хоолтнууд улаан хоолойн хорт хавдар тусах магадлал махан идэштэнгүүдээс 2 дахин бага байдгийн шалгааныг тайлбарлаж болох байх гэнэ.
Сөргөөний эсрэг эмнүүд байгаа боловч хатгаа тусах магадлалыг өндөрсгөж, ясыг хэврэгшүүлэх гээд сөрөг тал нь хэтийдсэн байдаг байна.
Үл исэлдүүлэгчээр баялаг хоол түлхүү хэрэглэснээр улаан хоолойн хорт хавдар тусах эрсдлээ 2 дахин бууруулдаг байна. Эвэрхий гэдэг өвчин ислэг ихтэй бүтээгдэхүүн хэрэглэдэг улсын иргэдэд тусдаггүй гэсэн судалгаа байна. Хөлийн судас бүдүүрэх, цагаан мах эргэх шамбарам зэрэг өвчин ер нь ислэг бага идсэнээс нэг үгээр хүндээр бие засах гэж хэт хүчилнээс болдог гэсэн тайлбар байх юм. Хүн эсэн бусын сайн муу биед хор болохоор юм идэж идчихээд түүнээ тогтмол цэвэрлэж нэг үгээр ногоо цагаа идэж гадагшлах үйл явцыг нь дэмжихгүй байж байгаад хордож элдэв өвчний үүр болдог юм байна даа гэж бодогдов.
Улаан хоолойн хорт хавдрын эхний шатанд яваа өвчтөнүүдэд гүзээлгэнэ 6 сарын турш өдөр бүр их хэмжээгээр идүүлсэнд 50% нь эдгэрсэн гэсэн судалгаа байна.

Халдварт үрэвсэлт өвнөөр яаж үхэхгүй байх вэ?

Халдварт өвчнүүдийн үнэмлэхүй олонх нь амьтны гаралтай байдаг ажээ. Тухайлбал галзуу үхрийн өвчин, гахайн ханиад, шувууны ханиад, ДОХ, улаан бурхан, сүрьеэ, САРС, Эбола гэх мэт. Яг өнөөдөр дэлхийгээр нь сандаргаж буй корона вирусийг ч амьтны гаралтай гэж таамаглаж байна. Ариун цэврийг сайн сахиж гараа сайн угааж байхад халдварт өвчнөөр өвчлөхгүй байх боломж хангалттай байдаг. Хүмүүсийг халдварт өвчинд нэрвэгдүүлдэг гол 10 зүйл бол таны 10 хуруу юм гэжээ. Ариун цэвэр сахихаас гадна дархлаагаа хүчтэй байлгах нь таныг халдварт өвчинд нэрвэгдэхгүй байх гол хүчин зүйл ажээ. Эрүүл хооллолт зөв амьдарлын хэв маяг таныг хамгаалах зэвсэг ажээ.
Нас явахын хирээр сулардаг дархлааг яалтай билээ гэж бодож байна уу? Насжихын хирээр тааруу юм идээд байгаагаас болоод байгаа юм биш биз. Вакцины талаарх нэгэн судалгаанд 65-85 насны ахмадуудыг оролцуулжээ. Тэднийг 2 бүлэгт хуваагаад эхний бүлгийнхэнд 3-аас доош аяга ногоо жимс өдөр идүүлж, 2-р бүлгийнхэнд өдөрт 5 аас дээш аяга жимс ногоо хэдэн сарын турш идүүлжээ. Жимс ногоо ахиухан идсэн бүлгийнхний биед вирус бактертай тэмцдэг антибоди буюу эсрэг бие 82% илүү болж нэг үгээр хамгаалалт нь хүчтэй болсон байсан байна.
Японы эрдэмт Kale хэмээх навчит ногоонд дархлааг сайжруулах асар хүч буйг лабораторт хийсэн туршилтан дээр нотолжээ. Хүний биед орж ирсэн хортой зүйлсийг жимс ногоо, цайны навч, буурцаг блоколж болж байгааг олж тогтоожээ. Тухайлбал өдөрт 3 алим идэх эсвэл нэг халбага улаан сонгино идэхэд дигоксины хоруу чанар
50% багасч байгааг тэд ажиглажээ. Мөн брокли биднийг хоолонд байдаг бактери вируснээс хамгаалаад зогсохгүй орчны бохирдлоос үүддэг эмгэг үүсгэгчээс хамгаалдаг юм байна.
Кэйл, брокли, хүрэн манжин, сармис, бэрри жимснүүд, мөөг, дасгал сургуулилт өрөвслөөс хамгаалах хүчтэй хүнснүүд юм байна.
Ингэхэд хоолны хордлого гээчийг хүмүүс юунаас авдаг билээ? Товчхондоо бол мах, өндөг мэтийн амьтны гаралтай бүтээгдэхүүн дээр үржсэн бактери вируснээс л болдог. Тэр дундаа өндөг тахианы махан дээр байдаг салмонела гээч аюулт бактераас болж хоолны хордогонд орж нөгөө ертөнцийн хаалга татагсдын тоо дэндүү харамсмаар олон. Тахианы мах идээд маш олноороо шээсний замын үрэвсэл цистит тусч байна гэнэ. Идээгүй байхад л гар хүрээд өнгөрсөн байхад тэр гар хүрсэн бүхэн бузартаж, хичнээн халуун ус, близнагаар цэвэрлээд ч арилдаггүй, спиртээр цэвэрлэхэд л арилдаг бактертай тахианы мах хүний биед хоол биш хор болох нь хэтэрсэн зүйл болохыг зөвхөн энэ бүлэг дээр биш олон газар дурдагджээ. Гахайн махан дээр байдаг ерсениа гэдэг бактери наад зах нь олгой ургуулж, цаашлаад нүд, бөөр, зүрх үе мөчийг үрэвсүүлж, дархлааны өвчтэй болгож бүр бамбай булчирхай үүсгэдэг байна. Сүүлийн үед хүмүүс өвдөөд антибиотик уугаад үйлчлэхгүй болж байгаа нь малд тарьдаг антибиотик эмнээс болж байгаа гэсэн мэдэгдлийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргажээ.
Хүмүүсийн амийг аваад байгаа эхний 5 өвчний тухай бичихэд л өвчний гол шалгаан өдөөгчид нь мах болон бусад амьтны гаралтай бүтээгдэхүүнүүд байгааг та бүхэн анзаарсан байх. Дараачийн бүлэгт гарч байгаа чихрийн шижин, даралт, элэгний өвчин, цусны өвчин, бөөр, хөхний хорт хавдар гээд яригдах өвчнүүд бас л адилхан байна.
Энэ олон эрдэмтэд бүгд худлаа яриад сууж байдаг гэж байдаггүй байлгүй.
Энэ номыг уншаад бэлчээрийн мал аж ахуйтай Монголоос өөр газар байгаа хүмүүс ер нь мах идээд хэрэггүй юм байна л гэж бодогдов, гэхдээ Монголд байгаа нь ч гэсэн бага л хүртмээр юм байна. Нэрс, брокли, турмерик өдөр бүр идэж байвал ер нь айдгаа авдартаа хийчих ч юмуу гэж ойлголоо. Санаагаар болдог бол боломжтой хүмүүс нь хашаандаа өөрсдийн хэрэгцээний ногоо жимсээ ургуулаад идчихдэг бол их зүгээр болох санагдана.
Амьтны гаралтай бүтээгдэхүүн мах сүү өндгийг ер нь өөр юу ч олдохгүй үед аргагүйн эрхэнд иднэ үү гэхээс залуу байя, гуа үзэсгэлэнтэй байя, өвдөхгүй байя гэвэл ногоо жимс л идээд байх ёстой болоод явчлаа шүү.
Зөв хооллосноор 14 нас залуужих боломжтой гэнэ.

Та бүхэнд эрүүл энхийг хүсье!
Хүндэтгэсэн,

Дээгий

Copy from Degi Chadraabal 

 
Close

50% Complete

Two Step

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua.