<<105 насандаа чамд заавал хэлж үлдээх үгс>>

Хинохара Шигэаки 2017 онд 105 насандаа өөд болсон японы алдартай эмч бөгөөд уг ном нь түүний бичсэн сүүлчийн бүтээл болжээ. Тэр анагаахын бэлтгэл ангид шалгалт өгөөд тэнцээгүй гэсэн хариу сонсоод шөнөжин дэрээ нэвтэртэл уйлсан бөгөөд миний амьдралын хамгийн гунигт мөч байсан гэж дурссанаас нь үзэхэд эмч болохыг ямар их хүсдэг байсан нь илэрхий биз ээ. Гэвч үнэндээ тэнцсэн байсан шалгалтын хариуг дээд ангийнх нь хүүхэд буруу харсан байжээ.
105 нас насалсан ч өөрийгөө бүрэн таньж мэдээгүй байдаг учир өглөө сэрээд амьд байгаадаа баярлан талархаж, амьд байгаа учраас л шинэ нэгэн өдрийг эхлүүлж, олон хүнтэй учирч, хараахан таньж мэдээгүй өөртэйгээ учирна гэхээс догдолдог гэжээ.
 
Мөн Залуудаа америк улсад дадлага хийж байсан туршлага нь түүнийг японы анагаах ухаанд хийх олон хувьсгалд нь тус нэмэр болсон гэдэг.
 
#Анагаах ухаан болон өвчтөнөө гэх эмчийн сэтгэлийн тухай
Анагаах ухаан гэдэг ШУ дээр үндэслэсэн Урлаг юм. Урлаг гэхээр хөгжим, уран зураг төсөөлөх хүн олон байх. Хөгжим уран зургийн техник технологийн гайхамшиг л хүний сэтгэлийг хөдөлгөдөг юм биш. Харин түүнд нуугдаж буй сайхан сэтгэл, уй гуниг, хайр нь хүмүүсийг татаж байдаг. Үүний адил анагаах ухаанд ч зөвхөн өндөр технологоор эмчилдэг ч юм биш, орчин үеийн анагаах ухаанд ч эмчилгээгүй, ШУ дийлэхгүй олон өвчин бий. Гэсэн ч тэдгээр өвчтөнд бидний хийж өгч чадах олон зүйл байдаг юм шүү. Жишээ нь эмч хүн өвчтөндөө сэтгэлээсээ хандан инээмсэглэсэн царайгаар эелдэг үг хэлэх, гарыг нь атган яриаг нь сонсох гэх мэт хийж өгч чадах зүйл хязгааргүй их бий. Ингэснээр өвчин шаналан нь гайхалтайгаар хөнгөрөх олон өвчтөний дүр төрхийг харсан даа.
 
#Хайр гэж юу юм бэ?
Хайр бол хүн төрөлхтөний амьдрах зорилго, бүх зүйл. Хүн хайрлахгүйгээр амьд явж чадахгүй. Хайрлана гэдэг нь итгэх явдал бөгөөд итгэнэ гэдэг нь хүлээх явдал юм. Хүнээр хайрлуулахын тулд өөрөө бусдыг хайрла, хүний төлөө бай. Хайрлана гэдэг нь нөгөө хүнээ байгаагаар нь хүлээн авч эрхэмлэхийн нэр.
 
#Амь амьдрал гэж юу юм бэ?
Хүүхдүүдээс чиний амь хаанаа байдаг вэ гэж асуухад зүрхээ заах ч юм уу эсвэл тархинд гэж хариулдаг. Гэвч зүрх гэдэг нь биеийг хөдөлгөхийн тулд ажиллаж буй шахуурга төдий зүйл бөгөөд тархи ч гэсэн биеийн нэг хэсэг л төдий. Харин би тэдэнд ``Амь гэдэг нь та нарын зарцуулж буй цаг хугацаанд оршдог`` гэж хариулдаг. Өглөө бүр унд ууж, сургуульдаа явж, хичээл хийж найзтайгаа тоглодог. Хэний төлөө энэ бүгдийг хийдэг юм бэ? Өөрийнхөө төлөө шүү дээ. Хүүхэд байх үедээ бүх цаг хугацааг өөртөө зориул. Харин том болсон хойноо аль болох бусдын төлөө зарцуул.
 
#Хүний нүдийг ажрахгүй, өөрийнхөөрөө амьдарч чадах нууц юу вэ?
Алдар нэр, мөнгө, байр суурь, магтаал зэрэгт автах юм бол өөрийнхөөрөө байж чадахгүйд хүрдэг. Өөрийнхөөрөө байгаагаараа байна гэдэг нь элдэв чимэггүй, хүний үнэлгээгээр биш, өөрт заяагдсан авъяас, орчинг өөрийн хийх ёстой зүйлийн төлөө ашиглах гэсэн хэцүү мөртлөө энгийн үйл хэрэг юм. Мөн байгаагаараа байхад чухал бас нэг зүйл бол өөрийгөө хүчлэхгүй байх. Бусдад хүлээн зөвшөөрөгдөхгүй байлаа ч сэтгэл доторх байгаагаараа байгаа өөрийгөө чухалчил.
 
Ээж хүн хүүхдээ хүчлэх бус хүүхэддээ найдах чухал. Хүүхэд чинь одоохондоо балчир, юу ч хийж чадахгүй мэт санагдаж болох ч түүнд буй далд чадвар огтворгүй мэт хязгааргүй. Бурханаас өгөгдсөн авъяас билэгт нь итгэж хүлээ. Энэ л эцэг эхийн хамгийн том үүрэг гэдгийг ээжээсээ суралцсан даа. Би багадаа их шартай, зөрүүд хүүхэд байсан ч ээж минь намайг өөрөө хийж чаддаг болтол хүчлэлгүй хүлээж, надад итгэдэг байсан.
 
#Яаж тань шиг нас явсан ч залуухан эрүүл байх вэ?
Би зөвхөн хоол хүнс, эрүүл амьдралын хэв маяг төдийгүй гоо сайхандаа ч анхаардаг. Хүн гэдэг гадаад үзэмжиндээ анхаарснаар хүмүүстэй уулзах идэвхитэй хүсэл оргилдог гэж би боддог. Гэхдээ үүнээс гадна намайг залуу байлгадаг хамгийн чухал зүйл бол өдийг хүртэл таньж мэдээгүй шинэ өөртэйгээ учрах явдал. Өнгөрсөнтэйгээ зууралдалгүй, миний хийх арга барил л энэ, би ийм л ааш араншинтай гэлгүйгээр амьдрах. Ингэж байж л өдөр бүр өөрийгөө шинээр нээдэг. Шинэ зүйл оролдож үзэхэд өөрийгөө шинээр нээж, мэдээгүй байсан авъяас чадвар боломжоо нээдэг. Үүнд заавал ур чадвар шаардлагагүй. Шинэ найз, шинэ хоббитой болох, урьд нь алхаж үзээгүй газраар алхах, музей үзэх гэх мэт. Би саяхнаас өөрийгөө хөдөлгөөний дутагдлаас илүүтэй сэтгэл хөдлөлийн дутагдалд орж байна уу даа гэж бодох болсон.
 
#Яаж тань шиг нас хамааралгүйгээр ажил хийх вэ?
Би өөрөө өвдөж (Хинохара гуай энэ үед тэргэнцэр дээр суунгаа ажлаа хийсээр л байсан), урьдынх шигээ эрүүл биш болсон л доо. Чиний төсөөлж байгаа ажил хийх гэсэн ойлголт минийхээс өөр байх. Ер нь ажил гэж юу вэ? Миний хувьд ажиллана гэдэг нь амьдрахтай адил зүйл. Ажлын хангамж цалин хэр эсэхдээ биш, өөрийн амьд буй хувь нэмрийг нийгэмд хэр их оруулах вэ буюу өөрт оноогдсон амьдралын цаг хугацааг хүний төлөө хэр их зарцуулж, чадах вэ гэдэг л ажил хийхийн нэр. Ингэж бодвол тэргэнцэртэй миний хувьд ч хийж чадах ажил их бий.
 
#Таны дараагийн зорилго юу вэ?
Үлдсэн богинохон цаг хугацаагаа хүмүүсийн тусын тулд зарцуулах
Түүний энэ л хүслийг Бурхан сонсож түүнд урт удаан нас хайрласан биз ээ.
 
 
Copy from
Elbegzaya Badamochir
Close

50% Complete

Two Step

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua.