Икигай
Ийм нэртэй ном япон хэл дээр зөндөө бий. Харин энэ удаад миний танилцуулах номыг Моги Кэничиро хэмээх тархи судлаач эрдэмтэн бичсэн бөгөөд 2017 онд анх Англи улсад хэвлэгдэн гарч улмаар дэлхийн 30 орны 28 хэл дээр хэвлэгджээ. Моги Кэничиро нь Сони компьютерийн ШУ-ы судалгааны институтийн тэргүүлэх зэргийн судлаач бөгөөд тархи болон сэтгэлийн хамаарлыг судалдаг.
Гэхдээ уг ном нь тархитай холбоогүй ба япончуудын Икигай хэмээх ойлголтын тухай бичсэн ном юм. Икигай гэдэг үг нь амьдрах, үнэ цэнэ гэсэн 2 ханзнаас бүрддэг. Өөрөөр хэлбэл амьдралын баяр хөөр,амьдралын утга учир гэсэн үг. Тэгвэл шууд Япончуудын амьдралын үнэ цэнэ гээд л нэрлэчихэж болоогүй юм байх даа гэж бодогдох байх. Гэвч япон хүний амьдралын үнэ цэнэ нэг тийм өвөрмөц, бусад үндэстний үзэл бодлоос өөр болохоор энэ үгийг энэ чигээр нь хэрэглэсэн юм болов уу гэж бодогдоно. Тиймдээ ч зохиолч уг номоо бичих гэж япон улсаас гарч гаднаас нь харж байж бичсэн гэдэг. Монголчууд бидний хувьд ч улс эх орноо зөвхөн дотроос нь биш гаднаас нь харах бас чухал гэдгийг гадаадад байдаг монголчууд мэдэрсэн байдаг байх аа. Япончуудын амьдралын үнэ цэнэ, түүнийг ойлгох үзэл чухам юугаараа өөр юм бэ гэдгийг уншаад тунгаана биз ээ.
Моги Кэничиро, Икигай 5 зүйл дээр тогтдог гэж үзжээ.
1. Аливаа зүйлийг багаас нь эхлэх
2. Өөрийгөө чөлөөлөх
3. Эв нэгдэл ба үргэлжлүүлэх чадвар
4. Жижиг зүйлээс авах баяр хөөр
5. Яг одоо энд байх
Сүкияабаши Жиро хэмээх японы алдартай сүшиний хоолны газрын эзэн тогооч Оно Жиро нь өдгөө 91 настай бөгөөд түүний хийдэг сүши яагаад тийм их амттай байдаг тухай зохиогч тайлбарлахдаа түүний Икигай-тай холбоотой гэжээ. Та түүний амжилтын нууцыг авъяас чадвар, хатуу чанд үзэл баримтлал, тэсвэр тэвчээртэй нь холбоотой гэж бодож болох юм. Мэдээж эдгээр зүйлс түүнд байсаан. Гэхдээ хамгийн гол нь түүний Икигай л түүнийг энэ амжилтанд хүргэсэн. Өөрөөр хэлбэл хийж буй зүйлдээ чин сэтгэлээр хандах нь эргээд түүнд урам зориг амжилт авчирч өгдөг ажээ. Оно наймаалж гэдэг амьтныг хамгийн амттай зөөлөн болгохынн тулд 1 цаг түүнд массаж хийх гэх мэтээр олон шинэ нээлт хийсэн байдаг. Үйлчлүүлэгчдээ хамгийн сайн, хамгийн шинэхэн загас идүүлэхийн тулд толгойгоо үргэлж гашилгасаар ирсэн. Түүнд загас нийлүүлэгч Фүжита Хироки гэхэд л хамгийн сайн загас олж авахын тулд шөнө 2 цагт босон зах руу явдаг. Алтан жад (туна) загас гаднаас нь харахад сайн муу нь үл мэдэгддэг ч сүүлийг нь тайрсан хэсгийн ил гарсан хэсгийн махыг харж шинжиж авдаг. Тэр хэсгийн тослог шинж чанар болон өнгөөр нь мэдэхээс гадна тусгай аргаар агнасан туна 100-д ганц тохиолдохуйц ховор эд гэнэ.
Икигай гэдэг нь заавал том амжилт, том үр дүн дээр хэрэглэгддэг ойлголт ч биш юм. Жишээ нь Окинава арлын 100-гаас дээш насалсан настангуудаас тэдний Икигай-гийн талаар асуухад 102 настай каратэгийн тамирчин өдөр бүр каратэгийн чадвараа дээшлүүлэх гэсэн бол 102 настай эмэгтэй жичийнхээ үр хүүхдийг тэврэх гэх мэтээр хариулжээ. Энэ мэтээр Икигай-тай амьдрах нь бие болон сэтгэлийн хувьд эрүүл байх тэр ч бүү хэл боловсролын түвшинд ч нөлөөлдөг болох нь тодорхойлогджээ.
Та өөрөөсөө дараах асуултыг тавьж өөрийн Икигай-ийг тодорхойлоорой.
1. Таны хувьд сэтгэлээсээ чухалчилж нандигнадаг зүйл чинь юу вэ?
2. Таньд баяр хөөр бэлэглэдэг өчүүхэн зүйл чинь юу вэ?
Өөрийнхөө таашаадаг зүйлийг илрүүлж түүнээсээ баяр хөөр авах нь чухал юм.
3. Өглөө яах гэж сэрдэг вэ?
Япончууд өглөөний наранд их утга учир өгдөг. Хүний тархины дааврын зохицуулалт нарны хөдөлгөөний дагуу явагддаг. Япон буюу Нихон гэдэг үг нь Нарны эх сурвалж гэсэн утгатай үг. Японд нар нь амь амьдрал, энергийн бэлэг тэмдэг болон шүтэгдэж ирсэн. Тиймдээ ч шинэ оны эхний өдөр мандах нарыг харах гэж Фүжи ууланд авирдаг уламжлал бий. Мөн эрт дээр үеэс газар тариалан эрхэлсээр ирсэн япончуудынн хувьд эрт босох нь нэн чухал.
Японы зүйр үгэнд ``Эртэч хүн 3 зоос олно`` гэдэг бол англи хэлэнд ``Эртэч шувуу өт барина`` гэдэг. Харин монгол хэлэнд "Эрт босвол нэгийг үзнэ" гэдэг. ( Тэгээд л би дотроо манай монголчүүд их сониуч юм байна гэж бодов.кк)
Тэгэхээр эрт босно гэдэг нь юмыг эрт буюу багаас нь эхлэх гэдэг ойлголтонд багтаж байгаа юм. Мөн энэ ойлголтонд Кодавари гэдэг ойлголт багтана. Энэ үгийг ганц үгээр илэрхийлэх үг англи хэлэнд байхгүй гэж зохиогч үзжээ. Харин би энэ үгийг ``Нарийн шаардлага`` гэж монгол хэлнээ буулгалаа. Аливаа зүйлийг хийж гүйцэтгэхдээ баримталдаг хувь хүний хатуу баримталдаг шаардлага гэх юм уу даа. Япончууд ийм Кодавари ихтэй хүмүүс. Зохиогч юмыг багаас нь эхлэх гэдэг нь маш чухал бөгөөд залуу насны онцлог юм гэжээ. Хүн залуудаа юмыг томоос нь эхэлж угаасаа чаддаггүй, залуу хүн нээлттэй зүрх сэтгэл, сониуч зантай байдаг нь зорилгодоо хүрэх дээд зэргийн хөшүүрэг болдог. Өөрийгөө зориулах, гал халуун сэтгэл ч чухал.
Шокүнин гэж үг бас гарах бөгөөд энэ үгийн талаар би зориуд бичмээр санагдлаа. Шокүнин гэдэг нь ямар нэг ажлыг гартаа оруулсан, нарийн мэргэшсэн хүнийг хэлж байгаа юм. Та заавал их дээд сургууль төгссөн байх албагүй, нэг л юмыг сайтар хийдэг болсон байх л чухал. Монголд маань дипломын голнууд биш ийм л шокүнин гүүд олон байгаасай гэж боддог. Японд ер нь ахлах сургуулиа төгсөөд их дээд сургуульд элсэн орогчдын тоо 60%-аас доош байдаг. Их дээд сургууль төгсөхгүйгээр мэргэжлийн сургуульд 2 жил сурч төгсөөд ажил дээр гарах сонголт ч бий гэсэн үг.
Өөр дээрээ биш өөрийгөө хүрээлэн буй зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэх нь чухал гэжээ. Үнэхээр япончууд өөрийгөө марттал хөдөлмөрлөдөг мундаг хөдөлмөрч ард түмэн л дээ. Тэгэж байж энэ улс үнэхээр хөгжсөн. Өөрийгөө марттал ажиллахын цаад утга учир нь ямар нэгэн эрх мэдлийн төлөө биш хийж буй зүйл нь хэрэглэх хүндээ үнэхээр өгөөжтэй байхыг бодож ажилладагт байгаа юм.
Япон хүн тэтгэвэрт гарсан хойноо ч ажиллах сонирхолтой байдаг. Тэтгэвэрт гараад хийх юмгүйдээ биш ажил хийхийг эерэгээр үнэлдэгдээ тэр. Ажилдаа зүтгэлтэй, алсыг харж хийдэг учраас ч амжилтанд хүрч чаддаг. Жишээ дурьдахад японы вискиний үйлдвэрлэл байна. Япон улс уул нь арвайн орон ч биш. Гэвч хэдэн 10 жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний виски үйлдвэрлэж чаджээ.
Эв нэгдлийн тухай
Японы цайны ёслол нь Икигай-гийн 5 элементийг бүгдийг нь агуулсан бөгөөд энэхүү 5 элемент нь Ва буюу эв нэгдэл гэсэн ойлголттой эн зэрэгцэнэ. Эв нэгдэл гэдэг нь бусадтай зохицож амьдрахын сацуу хэрхэн өөрийн Икигай-ийг хөгжүүлэх вэ гэдгийг ойлгох түлхүүр юм. Бусад хүмүүс болон орчинтойгоо хэрхэн зохицож амьдрах вэ гэдэг нь Икигай-гийн гол мөн чанар. Чи эргэн тойрныхоо хүмүүсийн онцлогийг ойлгож хүндэлснээр Икигай, ажилдаа үнэнч мэргэжилтэн байх, бүтээлч чанар гэсэн алтан гурвалын харилцаа хамаарлыг ойлгох болно.
Амьдралд бид заримдаа чухалчлах зүйлийнхээ эрэмбэ дараалал, байр суурийн үнэлэмжээ эндүүрэх явдал бий. Ялангуяа бид хийхээсээ өмнө шагнал урамшуулал боддог. Хэрэв шагнал урамшуулал байхгүй гэвэл сэтгэлээр унадаг. Гэтэл үйлдэл болон шагнал урамшуулал 2-ын хооронд цаг хугацааны хувьд зөрүү байх ёстой. Хичээл зүтгэлийг аз жаргалынхаа эн тэргүүний эх сурвалжаа болговол чи амьдралдаа маш чухал даалгаварыг биелүүлж байна гэсэн үг.
Япончууд мөнгийг учир утгагүй үрэх тансаглах нь ховор ард түмэн. Хичнээн баян байсан ч алдартай байсан ч тэр. Ер нь их даруухан ард түмэн шүү. Бүр цэцэрлэгээс нь бусдаас онцгой сондгой байж болохгүй гэж хүмүүжүүлдэг. Сургууль дээр нь ч багш нар нь сурлага сайтай хүүхдийг онцгойлж магтаад байхгүй, эцэг эх нь хүүхдээ миний хүүхэд мундаг гээд хөөрөгдөөд байдаггүй. Хувь хүн хүсэл сонирхлоо хэт хөөх нь нийгэм болон орчин тойронд халтай гэж үздэг. Шилдэг хэмээх цөөхөн хэдэн хүн дээр анхаарлаа төвлөрүүлэх үнэлгээний системд ``Үргэлжлэх чадвар`` үгүй аж. Учир нь хэн нэгнийг шилдэг болгохын тулд хэн нэгнийг золиослох хэрэг гардаг. Гэвч Икигай нь өрсөлдөөнийг биш энх тайвныг авчрах ёстой. Өөрийн шунал хүсэл, эрэлт хэрэгцээг орчинтойгоо зохицолдуулснаар шаардлагагүй өрсөлдөөнөөс сэргийлж чадна. Хувь хүн гэдэг ойн модтой адил бөгөөд бусадтайгаа холбоотой байж бусдаар дамжин хөгжиж дэвшдэг. Японд ямар нэгэн зүйл эхэлсэн л бол урт удаан хугацаанд үргэлжлэх чадвар нь өндөр байдаг. Тэд тийм л махруу, алсын хараатай ард түмэн. Юмыг халтуурдах биш урт удаан хугацаанд хийхийг эрхэмлэдэг. Жишээ нь японд нэг ажил хэргийг хэдэн зуун жилээр өв залгамжлан хийж буй өрх гэр компани гэж байдгын нэг нь 578 онд 3 мужаан эхлүүлсэн Конгигүми нь сүм хийдийн мэргэжлийн барилга засварын ажлыг өдий хүртэл хийсээр ирсэн дэлхийд хамгийн эртний компани юм.
Сумо бөх ч гэсэн Икигай-гийн 5 элементийг агуулсан байдаг. Давсан бөх баярлаж буй царай гаргаж болдоггүйн учир нь унасан бөхийг бодож хүндэлж буй нь тэр юм. Икигай-тай байхын тулд заавал шилдэг ялагч байх шаардлагагүй.Орчин нөхцөл ч хамаагүй. Хэдий чиний амьдарч буй улс орны төр засгийн байдал бэрх байсан ч өөрийн Икигай-гаа олох боломжтой. Ямар ч үед, ямар ч нөхцөлд орчиндоо дасан зохицох нь Икигай юм. Жижиг зүйлээс Икигай-ийг ол.Тэгээд багаас эхэлж яг одоо энд байх чухал. Икигай-тай байснаар хүчтэй байж, хөл дээрээ хурдан босох чадвартай болдог. Япон улс, олон зууны турш байгалийн гамшигт нэрвэгдэж олон мянган хүнээ алдаж ирсэн гашуун түүхтэй ч өнөөдөр тэдгээр газар нутаг гамшиг болоогүй юм шиг л хөл дээрээ босч хөгжсөн байдаг. Японд `` хөл дээрээ босох`` сургуулилалт балчир наснаас нь эхэлдэг. Бага сургуулийн 4,5-р ангийн сурагчдаас авсан судалгааны үр дүнд нөхөрлөл, хичээл зүтгэл, ялалт гэсэн 3 ойлголт тэдний тархи толгойнд ямар чухал байр суурь эзэлдэг болох нь тодорхой болжээ. Тэд багаасаа баг хамт олноор аливаа зүйлийн төлөө хичээж зүтгэж багаар ажиллах чадвартай болсон байдаг.
Аз жаргалын тухай
Хүн аз жаргалтай байхын тулд тодорхой нөхцөл байдал хэрэгтэй гэж бодох хандлагатай байдаг. Жишээ нь боловсрол, ажил, гэр бүл, мөнгө гэх мэтийг гартаа оруулах чухал гэж боддог. Гэвч ШУ-ы бодит судалгаагаар аз жаргалтай болохын тулд зайлшгүй шаардлагатай хүчин зүйл бараг байхгүй гэдгийг нотолсон байдаг. Их мөнгөтэй боллоо гээд заавал аз жаргалтай болно гэсэн үг биш. Мөнгөөр аз жаргал худалдан авч чадахгүй. Хүүхэдтэй байсан ч хүнтэй суусан ч, нийгмийн байр суурь боловсрол ч аз жаргалын мөн чанартай бараг хамааралгүй. Хоосон бодлын төөрөгдөл ( Focus illusion) гэж байдаг. Хүмүүсийн аз жаргалд хүрэхэд хэрэгтэй гэж чухалчилдаг хоосон төөрөгдөл гэсэн үг. Ийм төөрөгдөл нь өөрөө өөрийгөө аз жаргалгүй гэж бодоход хүргэдэг. Жишээ нь хүнтэй суучих юм бол аз жаргалтай болно гэж бодвол, одоо ганц бие байгаа өөрийгөө аз жаргалгүйд тооцож эхэлдэг. Аз жаргалд томъёо гэж үгүй. Хүнтэй суусан ч суугаагүй ч, хүүхэдтэй байсан ч байгаагүй ч, их сургууль төгссөн ч төгсөөгүй ч, туранхай байсан ч тарган байсан ч аз жаргалтай байж болно. Өөрөөр хэлбэл аз жаргалтай байхын тулд өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөр!
Өөрийгөө хүлээн зөвшөөрөхийн тулд өөрийн бий болгосон хоосон би-гээс ангижир.
Толинд чи өөрийнхөө махан биеийг олж хардаг бол хувь хүнийхээ шинж чанрыг ойлгохын тулд чамайг тусгах ``бусад хүмүүс`` хэмээх толь хэрэгтэй. Өөрийнхөө бусад хүмүүстэй төстэй болон ялгаатай талыг ойлгож ухамсарлаж байж л өөрийнхөө онцлогийг бодитоор үнэлж дүгнэж чадна.
Copy from Elbegzaya Badam-Ochir