«20 насаар залуу харагдахын тулд миний хэрэгжүүлдэг 100 хэв зуршил»
Зохиогч Нагүмо Ёшинори нь анагаах ухааны доктор Нагүмо клиникийн захирал, мэс заслын эмч хүн бөгөөд энэхүү номондоо өөрийн баримталдаг хэв зуршлыг танилцуулжээ. Мэдээж зүгээр нэг залуу харагдахын төлөөх хэв зуршил биш эрүүл байхын төлөөх хэв зуршил гэж ч болно. Номын хавтсан дээрх түүнийг хэдэн настай гэж бодож байна? Надад бол 30 дөнгөж гарч байгаа болов уу гэж харагдсан ч 56 настай ажээ. 56 насандаа түүний тархи 38, яс 28, судас 26 настай байна гэж тодорхойлогджээ. Гэвч тэрээр 30-н хэдэн насандаа таргалалттай, овортой харагддаг байсан гэх бөгөөд олон янзын ном судалгаа уншиж хэрэгжүүлсний үр дүнд уг номоо бичсэн байна. Залуужихад сэтгэл санаа, гоо сайхан, бие махбодийн эрүүл мэндийн уялдаа холбоо, тэнцвэр чухал. Гадаад гоо сайхны байдал бол бие махбодийн эрүүл мэндийн илэрхийлэл ба бие махбодь эрүүл биш бол сэтгэлээр залуу байж чадахгүй билээ.
Номонд дурдагдсан 100 хэв зуршил нь зарим нь давтагдсан агуулгатай ч өөрт сонин содон байсан мэдээллээсээ хуваалцъя.
Спортоор бүү хичээллэ.
Энэ үгийг нилээн хэдэн жилтйн өмнө өөр нэгэн эмчийн амнаас сонсоод гайхаж байж билээ. Учир нь спорт бол таны зүрхэнд маш их ачаалал өгдөг. Хүний зүрх гэдэг хүүхэд байхдаа л эсийн хуваагдал нь зогсож ахин нөхөн төлжих боломжгүй эрхтэн. Ерөөс амьд амьтны зүрх амьдралынхаа туршид 2 тэрбум удаа л цохилох тогтсон тоотой ба цохилтын тоо нь гүйцвэл нас нь эцэслэдэг. Тиймээс зүрхний цохилтоо уурлах, стрестэх гүйж харайх гэх мэт байдлаар түргэсгээд л байх юм бол таны нас богиносоод л байна гэсэн үг. Гүйхийн оронд хурдан алхаагаар алхахыг зөвлөжээ. Алхахад хүний 2 дагч зүрх гэгддэг эрээн булчин шахуурга мэт ажиллаж, захын судасны цусны эргэлтийг сайжруулдаг бол зүрхэнд ингэх чадвар байдаггүй. Хөлөнд цус хуралдаад эргэлдэхгүй байвал цус бүлэгнэж улмаар уушиг тархинд очиж амь насанд ч хүрэх аюултай байдаг.
Арьсны гоо сайхны хувьд, хүн өдөрт биеийнхээ долоовор хурууны дайтай хэсгийг наранд 10 мин ил байлгахад л хангалттай байдаг тул аль болох нарны шууд тусгалаас зайлсхийж шүхэр барих, сүүдэр газраар алхах, нарны SPF-тэй тос түрхэх чухал гэжээ. Мөн нарны шил зүүх( нүдээр их хэмжээний нарны хэт ягаан туяа орж байдаг учраас).
Хооллолт.
Японд ходоодныхоо 80% аар ид гэсэн үг байдаг ч зохиогч 60% аар ид гэж зөвлөжээ. Ингэснээр 1.5 дахин урт наслах боломжтой. Сармагчин дээр хийсэн туршилтаар бага хоол өгч байсан сармагчингийн үс гялалзаж царай зүс нь ч залуу эрүүл харагддаг болох нь тодорхой харагджээ. Ходоод хоосроход сиртуин хэмээх ген ажиллаж биеийн гэмтсэн эсийн генийг засварладаг. Тийм болохоор л орчин үед мацаг барих нь чухал болоод байгаа бололтой.
Мөн 3 цагаан хор гэгдэх давс, чихэр, өөх тосны тухай өгүүлжээ. Энэ 3 хүний биед зайлшгүй хэрэгтэй боловч орчин үед нэмэлтээр хэтрүүлэн хэрэглэх болсноор судасны хатуурал үүсдэг байна. Хүний тархи энэ 3 хорыг яагаад амттай гэж боддог вэ гэвэл хүн төрөлхтөний түүхийн 170 мянган жилийн турш эдгээрийн дутагдалд орж ирсэнтэй холбоотой.
Мах, сүү сүүн бүтээгдэхүүн бага хэрэглэ, хөхний хорт хавдар үүсгэдэг. Энэ тухай уншаад яагаад тэгвэл мах сүүн бүтээгдэхүүн бага хэрэглэдэг япон оронд хөхний хорт хавдрын өвчлөл их байдаг билээ гэж бодогдов. Зөвхөн хүнс биш стресс маш их нөлөөтөй байдаг байх гэж бодогдлоо. Мөн япончуудад угаас масло тохиромжгүй хүнс гэсэн байхыг бодоход манай монголчуудын уламжлалт хүнс монгол хүндээ таардаг байх гэж бодогдов.
Турах
Сүүлийн үед монголчууд маань их тарган болсон харагддаг. Энэ номонд тэгвэл турах хамгийн хялбар арга бол идэхээ багасга гэжээ.
Жишээ нь хоол иддэг аягаа жижигсгэх, өдөрт нэг удаа хүссэн хэмжээгээрээ идээд бусад үед идэхгүй байх, хэтрүүлж идвэл мацаг барих гэх мэт.
Архи бага уу, тамхи бүү тат. Хүний амьдралдаа уух алкохолийн хэмжээ эрэгтэй 500кг, эмэгтэй хүн 250 кг байдаг. Хичнээн ачаалалттай ажилладаг байлаа ч архи тамхи хэрэглэхгүй, өглөө болтол суухгүй, баланстай хүнс хоол иддэг бол ядаргаагаар үхэхгүй гэжээ. Тамхи татах нь судсыг гэмтээж хатууруулж, үрчлээс үүсгэж, царайг хөгшрүүлдэг. Мөн уушигны үрэвслийн шалтгааны 95% нь тамхи болдог.
Сэтгэл санаа
Эрт дээрээс үеэс зүрх сэтгэлийг зүрхэнд байрладаг гэж үзсээр ирсэн бол сүүлийн үед тархинд байрладаг гэж үзэх болсон. ( Гэхдээ миний мэдэхийн зүрх шилжүүлэн суулгахад тухайн зүрхний донор хүний зан араншин бас давхар шилждэг нь нотлогдсон байдаг тул зүрхэнд хүний зүрх сэтгэл байдаг гэдэгт нээх эргэлздэггүй, бас тархитай холбоотой гэдэгтэй ч санал нийлнэ.)
Зөвхөн хүний тархинд неокортекс гэдэг хэсэг бий. Неокортекс нь тархины гадаргын хамгийн гадна байрлах ба хүний хөгжлийн явцад нийгмийн дүрэм журмыг дагаж мөрдөхийн тулд хожуу үүссэн хэсэг. Өөрөөр хэлбэл бидний сэтгэл хөдлөлийг дарах үйлдэл үзүүлж байдаг. Бидний логик сэтгэхүй, сэтгэл хөдлөл 2 хоорондоо зөрчилдөх үе гардаг. Ямар нэгэн зүйлийг хийх гэтэл тэгэж болохгүй гэж сануулж байдаг нь неокортекс юм. Нийгэм дээр логик сэтгэхүйгээ ажиллуулах нь зөв боловч сэтгэл санааны их дарамттай байгаа үедээ сэтгэл хөдлөлдөө захирагдах нь зөв юм болов уу. Учир нь сэтгэл хөдлөлөө байнга удаан хугацаанд дарах юм бол сэтгэл гутралд орох аюултай байдаг. Тэгээд цааш нь дургүй хүнтэйгээ бүү нөхөрлө, үргэлж чиний амыг дагуулдаг найз бол чиний дайсан(дутагдал бурууг чинь өөхшүүлдэг учир), мартаж сур, мэдрэмжгүй байхнь аз жаргал гэх мэтээр зөвлөжээ. Мэдрэмжгүй гэхээр мэлэнхойлог хүнийг хэлж байгаа юм болов уу даа, заримдаа үнэхээр тийм хүмүүст атаархмаар ч юм шиг санагддаг шүү. Хэхэ
Биеэ угаахын тухайд бид биеэ хэтрүүлэн угаадаг юм байна. Нийлэг алчуур болон порлоноор үрж угаачихаад гарсан хирээ хараад хир нь сайн ариллаа гэж боддог бол уул шугмандаа арьсаа хамгаалдаг эвэрлэг давхарга, тос, ашигтай бактераа угаачихдаг аж. Тиймээс гараараа илж угаах нь тохиромжтой гэжээ. Мөн үсээ 7 хоногт 2 удаа л шампуниар угааж бусад үед усаар угаахыг зөвлөжээ. Учир нь үсний угийн тослогыг хэт угааснаар халзрах аюултай. Харин шүдээ бол шүдний утас хэрэглэн сайтар угааж цэвэрлэж байх нь зүйтэй.
Биеэ хэт бэгнэх муу. Ялангуяа турах сонирхолтой хүмүүс хөнгөн нимгэн сэрүүн хувцаслах сайн. Ялангуяа хүзүүгээ бүү дулаал. Саунад суугаад өөхөө хайлуулж байна гэж бодох нь эндүүрэл. Өөх тос эсрэгээрээ халуунд биш хүйтэнд шатдаг учраас хүйтэн шүршүүрт орох нь үр дүнтэй. Бүр чадахгүй бол тохойноос урагш, өвдөгнөөс доош хүйтэн усаар шүршсэн ч болно.
Хүзүү мөр хөшихөд массаж бол түр зуур л хөнгөлдөг. Хүзүү мөр хөших шалтгаан бол дал орчмын булчин ажиллахгүй байсантай холбоотой байдаг тул тэр булчинг хөдөлгөж өгснөөр сайжирдаг. Жишээ нь 4 хөллөж шалаа угаах, цонх арчих гэх мэт нь сайн үр дүнтэй.
Эцэст нь дүгнэхэд бид орчин үед замбараагүй идэж махан биеэ хэт өөхшүүлдэг болсон санагддаг. Манай аав хэт идэх сайн биш, нойр хүрээд тархи муу ажиллаж эхэлдэг, биеэ сайн чийрэгжүүлж дасгал хөдөлгөөн сайтар хийж бай гэж хэлдэг байж билээ. Энэ үнэхээр үнэн байжээ гэж бодогддог. Миний бага байхад одоо шиг чихэрлэг хүнс ховор ч байж. Тэр ч хэмжээгээр эрүүл саруул байсан санагддаг. Бидний аав ээжийн үе бол бүр ч эрүүл байсан нь мэдээж. Хэдий өвчин хэлж биш хийсч ирдэг гэдэг ч урьдчидан сэргийлж, эрүүл мэндээ сахин хамгаалах чадвар бидний гарт байдаг шиг. Монгочууд минь эрүүл саруул байж, урт удаан наслах болтугай.
Copy from Elbegzaya
Elbegzaya Badamochir