"Тэвчээр"
Номын зохиолч, америкийн сэтгүүлч Францад нялх хүүхэдтэйгээ ресторанд ороод ахиж хүүхэдтэй болохгүй, ахиж хүүхэд дагуулж аялалаар явахгүй гэж бодсон гэдэг. Үүний хажуугаар франц хүүхдүүд хоол идэхдээ голохгүй үлдээхгүй бас томоотой суун идэж байгааг хараад үнэхээр гайхжээ. Тэгээд л тэр нууцыг мэдэхээр жирийн франц хүүхэд асрагчаас авхуулаад сурган хүмүүжүүлэгч, сэтгэл зүйч зэрэг хүмүүстэй уулзаж бас тэд нарын номыг уншиж судалсны үндсэн дээр уг номоо бичжээ.
Ингээд уг номын гол санаа болох хүүхдээ тэвчээрт сургах тухай хуваалцая!
Миний бас хүүхдүүд дээрээ анхаардаг зүйлтэй маань нилээн давхцсан сонирхолтой хэсэг байлаа. Номын зохиогч, Уолтер Мишел хэмээх 80 гарсан, дэлхийд алдартай сэтгэл зүйчтэй уулзаж ярилцаж л дээ. Мишел бол Колумбын ИС-д сэтгэл зүй заадаг байсан, 1960 онд `` Хөөсөн чихрийн туршилт`` аараа алдартай хүн. Тэр нь 4-5 насны 653 хүүхдийг хамарсан туршилт байсан ба тэдгээр хүүхдүүдийг нэг өрөөнд ганцааранг нь 15 минут орхино. Ширээн дээр ганц хөөсөн чихэр тавьсан байх агаад хэрэв тэр чихрийг 15 минут идэхгүй тэвчиж чадвал ахиад нэг чихэр өгнө гэж л дээ. Гэтэл хүүхдүүдийн гуравны нэг нь л идэхгүй тэвчиж чадсан байна. Гэхдээ тэвчиж чадсан хүүхдүүд анхаарал төвлөрөл сайтай, аливаа юмны учир начрыг ойлгохдоо сайн болох нь илэрхий болжээ. Хүүхдүүдийнхээ хүссэн болгоныг тэр дор нь өгөх нь тэднийг тэвчээргүй гоншигнуур болгодог. Энд яриад байгаа тэвчээр нь мэдээж том зовлон бэрхшээлийг тэвчих ч юм уу эсвэл зөвхөн хориг цээрийн тухай яриагүй хэрэг л дээ. Хэдэн секунд, минутийн тэвчээрийн тухай ярьж байгаа ч хэвшил дадал болгосноор хүүхдийн ирээдүйн амьдралд гайхамшигтай сайн үр нөлөөтэй зүйл юм. Мишелийн туршилтаар тэвчээргүй хүүхдүүд зөвхөн чихрэн дээр анхаарал нь төвлөрч байсан бол тэвчээртэйнүүд нь өөрсдийгөө сатааруулах чадвартай байсан байна. Өөрөөр хэлбэл стресс багатайгаар хүлээж сурах арга барилд суралцах чухал гэсэн үг. Стрессгүйгээр хүлээж сурах олон арга бий ч хамгийн хялбар арга нь өөрийгөө сатааруулах юм.
Нэгэн франц хос америкт ирээд анзаарсан зүйл нь хүүхдүүд томчуудын яриаг их тасалдаг, бас тогтмол хоолны цаг гэж байхгүй хүссэн үедээ хөргөгчнөөс юм авч иддэгт гайхжээ. Мөн эцэг эхчүүд нь үгүй гэж хэлдэггүй тул хүүхдүүд юу хүссэнээ хийдэг, тэдэнд хил хязгаар гэж үгүй, эцэг эхийн эрх мэдэл сул гэжээ. Харин франц эцэг эхчүүдийн хувьд хил хязгаар маш чухал. Франд хүүхдүүд хүлээж сурсан байдаг тул аав ээж нь үгүй гэхэд уйлж майлаад байдаггүй харин эсрэгээрээ америк айлд бөөн уйлаан майлаан дэгддэг. Франц эцэг эхчүүд хүүхдийнхээ хүслийг хясах нь буруу муу зүйл гэж үздэггүй, харин ч эсрэгээрээ хүүхдүүд хясланг давах чадваргүй болох нь хүүхдийг эвдэлдэг гэж үздэг. Өөрөөр хэлбэл хяслантай зохицож амьдрах нь амьдралын гол арга барил гэж үздэг. Тэр бүү хэл франц нярайнууд ихэвчлэн 3,4 сартайгаасаа шөнө сэрэхгүй унтаж сургагддаг байна. Шөнө хүүхдээ жаахан уйлагнангуут л аваад эсвэл угж өгөлгүйгээр хэсэг харзнадаг. Хүүхдийн нойр 2 цагийн хэмнэлтэй байдаг бөгөөд 2 цаг тутамд сэрдэг боловч эцэг эхчүүд тэр үед нь өөрөө унтахад нь туслахгүй бол хүүхэд эргээд унтаж чадахаа больдог.
Хэн нэгэнтэй утсаар ярьж байхад хүүхэд нь цаана нь хоргоогоод л ``за за манай хүүхэд ингээд тэгээд байна дараа тухтай ярья`` гэх тохиолдол хэд байдаг билээ дээ. Энэ чинь л хүүхэддээ атгуулчихсан гэсэн үг шүү дээ. Эсвэл дэлгүүр хамт орох үед хүүхэд нь хүссэнээ авхуулах гээд шил нь татаад уначихдаг тохиолдол байдаг. Та хүүхдийнхээ босс нь байх ёстой атал хүүхэд чинь таны босс болчихсон байна. ккк
Би телевизээр нохой сургах тухай нэвтрүүлгээр нохой хүртэл буруу сургавал өөрийгөө босс, эзнийгээ боол нь гэж боддог тухай үзээд инээд хүрч байсан. Хүүхэд нохой гэлтгүй томчууд бид өөрсдөө бас энэ талын хүмүүжил их тааруу байх нь ч бий. Энд тэнд дараалал хүлээн зогсож байхдаа хөмсөг зангидан хүлээх ёсгүй зүйлээ хүний өмнөөс хүлээж байгаа мэт хараал тавин дугаарладаг томчууд байдаг. Нэгэнт хүлээхээс цааш өөрийгөө өөр юманд саатуулаад, их удаан хүлээнэ гэж мэдэж байгаа бол унших номоо авчирдаг ч юм уу, утсаараа ажил амжуулдаг ч юм уу өөрийгөө саатуулж болно штэ.
Япончууд бол энэ тал дээр үнэхээр мундаг хүмүүжилтэй ард түмэн. Тэвчинэ гэдэг нь бусдыг хүндэлж буйн бас нэг илрэл. Хүүхэд тэвчиж сурснаар эцэг эхийн амар амгалан байдалд ч эерэг нөлөөтэй. Зарим эцэг эхчүүд ``би ёстой чамайг юугаар ч дутаагаагүй, тэгэхэд чи`` гэж хүүхдээ загнадаг. Тэгвэл та магадгүй хайраар эсвэл хүмүүжлээр дутаасан байж болох.
Та өөрөө хүүхэддээ тэвчих хүлээх боломж олгохгүй бол хүүхэд чинь хэзээ ч үүнд суралцахгүй. Боломжийг нь олгосон цагт нялх балчир гэлтгүй тэдэнд суралцах нөөц байдаг.
Тэвчээр гэж ер нь юу юм бэ? Өөрийгөө хянах том чадвар бас сахилга бат гэж би боддог доо.
Энэ хүмүүжлийг танаас өөр хэн ч хүүхдэд чинь олгохгүй гэдгийг санаарай.
Copy from
Elbegzaya Badamochir