“Саятан хүний амжилтинд хүрэх дадал зуршил”

Иймэрхүү гарчигтай ном огт сонирхдоггүй ч Фейсбүүкт номын зохиогч Дин Грациозигийн тухай мэдээлэлтэй санамсаргүй таарсан минь энэ номыг уншихад хүргэсэн гэх үү дээ. Тэгээд саятангуудын тархинд ер нь ямар бодол байдаг юм, энгийн хүнээс юугаараа ялгаатай байдаг юм гэдгийг мэдэх сониуч хүсэлдээ автаад уншлаа. Уг ном энэ онд хэвлэгдсэн шинэхэн бүтээл юм.
 
Багадаа ядуу бэрх амьдралыг туулсан Дин нэгэн төрлийн хөгжлийн бэрхшээл болох бичиг үсэг таних чадваргүй нэгэн байсан боловч уг номыг оруулаад өдгөө түүний бичсэн олон ном New York Times-ийн бестселлэр болсон байдаг. Түүнд их дээд сургуульд орох боломж ч байгаагүй арайхийн ахлах сургуулиа төгссөн гэдэг.
 
Анхны номоо бичээд анх хөлсөлсөн редактор нь 7 хоногийн дараа түүн рүү утасдаад “Таны бичсэн зүйл ном биш, 200 хуудас зүгээр л хүүрнэл байна, та ахиж бичих хэрэгтэй” гэсэн боловч тэр шантралгүй өөр редактор хөлсөлж хэлний дүрмийн үүднээс л засаж өгөөрэй, харин миний хэлэх гэснийг нэг ч өгүүлбэр хасаж болохгүй шүү гэж гуйжээ. Ингээд түүний анхны ном хэвлэгдээд л бестселлэр болсон байдаг. Дин "Нийгмийн дүрэм журмын дагуу бол би хэзээ ч амжилтанд хүрэхгүй байсан" гэжээ.
 
Уг ном нь амжилтанд хүрэхийн тулд өөрийн дадал зуршлыг өөрчилж зөв дадал зуршилтай болох тухай бөгөөд зөвхөн зохиогчийн туршлагаар бус саятан, шилдэг тамирчин, бизнесийн удирдагч зэрэг хүмүүсийн дадал зуршлыг судалсны үндсэн дээр бичигджээ.
 
Юуны түрүүнд та дэмий зүйлд цагаа үрдэгээ болих хэрэгтэй. Жишээлбэл 1 сарын турш мэдээ үзэхээ болиод тэр цагаа заавал ажил бизнест биш юм аа гэхэд гэр бүлдээ зарцуулж болно шүү дээ. Бид өөрсдийгөө нэг л их завгүй гэж бодож тэрүүндээ ч итгэдэг. Гэхдээ та сайн бодоорой. Гар утсаа маажин, нет ухаж ямар их цагийг үр бүтээлгүй өнгөрөөдөг билээ дээ.
 
Баян чинээлэг байлаа гээд бүх зүйлийг шийдэж чадахгүй. Гэхдээ л мөнгө олон зүйлийг шийддэг. Баян болно гэдэг нь аз эзийн асуудал ч биш, ид шидийн зүйл ч биш, сугалаанд мөнгө хожихын нэр ч биш. Харин дадал зуршлаа өөрчилж бодлоо өөрчлөхөөс эхлэнэ.
 
Хүмүүс ихэвчлэн амьдралаас юу хүсэж байгаа дээрээ бус юу хүсэхгүй, юу болохгүй байгаа дээрээ төвлөрдөг буруу зуршилтай байдаг. Бидний айдас биднийг гэдрэг чангааж яваандаа зогсооход хүргэдэг.
 
Зорилгодоо хүрэхийн тулд яагаад энийг хүсч байгаагаа өөрөөсөө асуугаад үзээрэй. Гэхдээ бүр 7 лавшруулан асуу. Жишээ нь
1. Та яагаад энэ номыг унших гэж байгаа юм бэ? Мөнгөтэй болмоор байна.
2. Мөнгөтэй болж яах гэж байгаа юм бэ?Хүмүүст туслана.
3. Хүмүүст туслах гэж яах гэж байгаа юм бэ? гэх мэтээр лавшруулан асууна гэсэн үг.
Ингэж ``өөрийнхөө яагаад``-ыг мэдэх нь хүсэл зорилгоо гүн гүнзгий тодорхойлоход тань тустай.
Өөрийн доторх "Хоролмаа"-д бүү зай тавьж өг.
Таны дотор байдаг, та өөрөө ч анзаардаггүй маш олон Хоролмаанууд таны дотор бий. Та тэднийг зогсоож гаргаж хаяхгүй бол тэд таны дотор ажлаа хийсээр л байдаг.
 
Эрт урьд цагт юм гэнэ. Нэгэн эмгэн ач нартаа хэлж гэнэ.Бидний дотор 2 чоно амьдардаг. Нэг чоно нь атаархуу, хорон санаатай, сөрөг сэтгэхүйтэй. Түүнд энэ дэлхийн бүх зүйл буруу, тааламжгүй санагддаг бөгөөд ихэнхи хүмүүс болон юмс муу муухай, хорвоо ертөнц хүйтэн санагддаг. Гэхдээ чиний дотор өөр нэгэн хүчтэй чоно бас байдаг. Тэр чоно өөдрөг, хайр энэрэл, боломжоор дүүрэн, зүрх сэтгэлдээ оруулсан юуг ч биелэнэ гэдгийг мэддэг. Бүх зүйлийн гэрэлтэй гэгээтэйг нь хардаг бөгөөд энэ чоно чамайг гайхамшигтай газар аваачина гэж эмгэнийг ярихад хүүхдүүд ``Эмээ, энэ 2 чононы аль нь ялах вэ? гэж асуув.
Эмгэн "Чи алийг нь тэжээнэ, тэр чоно" гэж хариулжээ.
 
Өөрийнхөө юунд сайныг үргэлж санаж байгаарай. Таны 10 хувийн муу тал 90 хувийн сайн талыг устган баллаж байдаг. Өөрийнхөө сайн зүйл дээр төвлөрөн энерги цагаа зарцуулан хичээх юм бол муу талаа ч даван дийлнэ. Чамайг юу гэрэлтүүлж, чиний галыг юу бөхөөж байгааг бод. Хүмүүсийг дагах биш өөрийнхөө зүрх сэтгэлийг дага. Хайрцаганаас гарч сэтгэ.
 
Үргэлж инээмсэглэ!
Та хичнээн стресстэй байсан ч хүчээр инээмсэглэхэд таны тархи баяртай байна хэмээн хууртаж стресс чинь багасдаг. Нэгэн эмч ахлах сургуулийн сурагчдын зураг цуглуулж судалгаа хийжээ. Тэдгээр зурган дээрх хүүхдүүдийн царайг инээмсэглэсэн, инээмсэглээгүй гэдгээр нь ялгаж 30 жилийн дараа тэдний амьдрал ямар байгааг судалжээ. Тэгтэл инээмсэглэсэн хүүхдүүдийн амьдрал инээмсэглээгүй хүүхдүүдийн амьдралаас бүх талаараа илүү байсан байна.
 
Хэлэх үгээ сонго.
Бусдын хэлсэн сөрөг муу үгэнд бүү авт, тэгэх боломж бүү олго. Чи өөрөө тэдгээр үгсийг хүлээж авахгүй бол тэдгээр үгс ямар ч хүчгүй. Энэ нь чиний сонголтын хэрэг. Мөн өөрөө ч сөрөг муу үг бүү хэрэглэ. Би стресстээд, шал дургүй хүрчихлээ гэж хэлж ярьснаар тэдгээр үгс таны дотор сөрөг мэдрэжмийг түгждэг. Харин байнга хэлдэг сөрөг муу үгсээ сайн үгээр орлуул. Ер нь усан амтай хүмүүс таны энергийг сорогчид гэж бод.
 
Ирээдүйгээ сайнаар төсөөл.
Хүн болгон өөрийн гэсэн төсөөллийн түүхтэй байдаг. Ирээдүйд иймэрхүү амьдарна, ийм юм хийнэ гэх мэт. Гэтэл энэ ирээдүйн түүхээ бараанаар төсөөлдөг хүмүүс бий. Үр хүүхдүүд минь том болоод яваад өгөхөөр би яаана даа, тэтгэвэрт гараад мөнгө муутай амьдрах байх даа гэх мэтээр. Үүнийхээ оронд үлгэрийн сайхан түүх зохиож бодож болно шүү дээ.
Би ийм тийм болохоор гэж өөртөө бүү хаалт хий! Би сургууль төгсөөгүй болохоор гэж хаалт тавьдаг хүн олон бий. Гэвч үнэндээ дэлхийн олон алдартангууд жишээ нь Билл Геитс, Абрахам Линкольн, Бенжамин Френклин, Хенри Форд гэх мэт хүмүүс сургууль төгсөөгүй. Өөрийнхөө өнгөрсөн муугаас ч сайныг олж хар.
 
Та юунд сайн, ямар авъяас чадвартай, ямар амжилтанд хүрсэн бэ гэдгээ жагсаан бич. Ингэснээр өөртөө итгэлтэй болж, бусадтай өөрийгөө харьцуулахаа болино. Хүсэж мөрөөдөж буй зүйл чинь биелэхэд ямар сайхан өөрчлөлт ирэх вэ гэдэг талаар бас төсөөлөн бич.
 
Бизнесийн зарим зарчим
Үргэлж алсаа бодсон урт удаан хугацааны зорилготой байж, зарж борлуулаад л үйлчлүүлэгчээсээ салах биш, борлуултын дараа ч үйлчлүүлэгчийнхээ сэтгэгдлийг сонсож тэдэнтэй харилцаа холбоотой байх чухал. Юуны түрүүнд л бараагаа рекламдаж борлуулахаа бодох биш, үйлчүүлэгчээ сайн сонсож, тэд чухам юуг хүсэж байгааг мэдэх хэрэгтэй. Өөрийг нь ойлгох хүнийг л хүмүүс сонсохыг хүсдэг. Хосуудын хоорондын том зөрчил ч гэсэн нөгөө хүнээ ойлгох биш өөрийгөө ойлгуулах гэж зүтгэдэгт байдаг.
 
Одоогоос жилийн дараа өнгөрсөн нэг жилийг хамгийн сайхан жил болж өнгөрлөө гэж бодоход тэр жил чинь ямар ололт амжилттай жил байх вэ гэдгийг төсөөлөн бод. Энэ үед таны зорилго тодорхой болж харагдана. Би ажилд авах гэж хүнээс дээр асуултыг тавиад хариулж чадахгүй бол ажилд авдаггүй. Тэд юу хүсч буйгаа мэдэхгүй байхад би яаж мэдэх вэ дээ.
 
Зөв, ёс зүйтэй байх хэрэгтэй. Хүмүүс таны юу хийсэн, ямар сургуульд сурсан, хэрхэн анх тантай уулзаж байсан тухайгаа мартаж болох юм. Харин ямар сэтгэгдэл төрүүлснийг тань мартдаггүй.
 
За тэгээд үзэн ядалтаа мартаж тэр энергээ өөр зүйлд зарцуул, бүтэлгүй зүйлтэй учирсан бол зүгээр л орхиод чиглэлээ өөрчил,жижигхэн зүйлд ч таларха, муугаас ч сайныг харж сур, эрүүл мэнддээ анхаарч дасгал хий, хүмүүсийг бүү шүү, бусдад тусал, ямар нэг зүйлийг хамгийн сайнаараа хий гэх мэтийн олон сайхан зөвлөгөөнүүдийг бичсэн байна.
 
Түүний www.thebetterlife.com гэсэн хуудас байдаг бөгөөд тэнд бүртгүүлснээр өөрийгөө хөгжүүлэх олон зөвлөгөөнүүдийг турших боломжтой болох юм байна.
Зорилгоо мэдэхгүй, яагаад гэдгээ мэдэхгүй өдөр хоногийг урсгалаараа өнгөрөөж буй залуус эсвэл өөдрөг үзэл дутаж урам хугарч яваа хүмүүс ч гэсэн уншмаар ном байна лээ.
 
Copy from
Elbegzaya Badamochir
Close

50% Complete

Two Step

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua.