# БҮСГҮЙН КОД
<< Амжилттай бүсгүйн амьдрал, хандлага, дадал, сэтгэлгээний стратегийн нууцад нэвтрэхүй >>
Хорь гаруйхан настай зөөгч бүсгүй найз залуугаасаа 1000 доллар зээлж өөрийн бизнесээ эхлүүлсэн нь өдгөө Нью-Йоркийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд тэрбумаар хэмжигдэх бизнес болтлоо өргөжин томорчээ. Бүсгүйн нэрийг Барбара Коркоран гэдэг бөгөөд Манхэттений "үл хөдлөхийн хатан хаан" хэмээгдэгч. Ноён Дональд Трампын "Плаза" зочид буудлыг Хонконгуудад амжилттайгаар борлуулж, зуучилж борлуулсны шимтгэлээрээ 3%-г хүртэж тухайн үеийн том амжилтыг бүтээжээ. Тэрээр бүсгүйчүүдэд хандан эрчүүд давамгайлсан ажил хэргийн ертөнцөд хэрхэн амжилт олохоос эхлүүлээд эмэгтэй хүний онцлог, бяцхан охин байх үеийн хүмүүжил нь хэрхэн амьдралд нь ач холбогдолоо өгсөн талаараа дэлгэн тайлбарлажээ.
Ээжээс минь өвлүүлсэн кодууд
Хэдийгээр маш завгүй үргэлж л ямар нэгэн ажил хийж байдаг, арван хүүхэд өсгөн хүмүүжүүлдэг ч гэлээ хүүхдийнхээ урмыг хугалахгүйг үргэлж хичээж ажилладаг, шаргуу хөдөлмөрч ээжийнхээ зөвлөж хэлсэн үгсийнх нь код мэт утга агуулгыг нь ажил хөдөлмөртэйгээ үргэлж уялдуулан холбож, тэдгээрийн үр дүнг нь мэдэрсээр иржээ.
Үүнд нэгэн жишээг дурдахад:
Ресторанд зөөгчөөр анхны ажилдаа ороод ээждээ "Миний текний урд нэг ч хүн ирэхгүй байхад том хөхтэй Глориягийн текний өмнөх суудлууд эрчүүдээр дүүрэн чигжээстэй байх юм. Би Глориятай өрсөлдөх ямар ч боломжгүй юм байна" гэж хэлэхэд ээж минь "Гомдоллохоо больж үз охин минь. Хэрвээ чи хэн нэгэнд үнэмлэхүй ялагдаж байгаа бол чиний арга барил бүхэлдээ буруу байна гэсэн үг. Юуны түрүүнд чамд ямар давуу тал байгаагаа сайтар эргэцүүл. Миний охинд эрчүүдийн нүдийг хужирлах том хөх байхгүй ч эрчүүдийг татах эрх хонгор ааль, эвдрээгүй зан араншин, охинлог төрх байна. Тиймээс гэмгүй ариун охин чанараа тодотгож үсээ яагаад гоёмсог зүүлтээр боож болохгүй гэж? Гэнэн цайлган охины дүрд тогло"... Энгийн боловч ээжийн минь зөвлөгөөний ачаар олон үйлчлүүлэгчийг би өөртөө татаж чадсан юм.
Тиймээс үргэлж өөрийнхөө давуу талаа бодож олох хэрэгтэй. Өрсөлдөөн бол үнэндээ хүмүүсийн "давуу талууд"-ын хооронд явагддаг тулаан! Хэн сул талаа нууж давуу талаа ашиглаж чадна, тэр л ялалт байгуулна.
Ээжийн зөвлөснөөр бас нэгэн тэмцээнд оролцсон боловч ялагдаж, ээждээ гомдоллоход ээж: "Тэр тэмцээнд чиний түрүүлэх эсэх нь тийм ч чухал биш. Хамгийн гол нь оролцох нь чухал. Өрсөлдөөнийг мэдэр! Өөрийнхөө хүрээнээс гар. Энэ л чухал. Харин учир утгагүй гомдол хийж, илүү зүйл ургуулан бодох нь хоолны дуршил бууруулж, эрүүл мэнд муутгахаас өөр ямар ч шидгүй".
Энэхүү ээжийнхээ үгийн агуулгаар үл хөдлөх хөрөнгийн бизнесийн талбарт зоригтой өрсөлдөж, өөрт тааралдах боломжийг шүүрэн авч чадах, тэрхүү боломжид өөрийгөө бэлдэх талаар сурсан юм.
*Алдаанаасаа суралцсан нь
Ээжийнхээ үгнээс зөрж найз залуугаа даган Нью-Йоркд ирснээр бизнесийн гараагаа эхэлсэн ч гэлээ чамгүй олон бэрхшээлийг туулсан.
Үүнд:
1. Найз залуу Рэй нь өөрөөс нь урваж нарийн бичгээр ажилладаг байсан Тина-тай гэрлэх болсныг мэдсэн сэтгэлзүйн хүнд цохилт.
2. Анх Рей-с мөнгө зээлж компаниа нээхдээ давуу эрхийг амлаж 51%-г түүнд эзэмшүүлснээсээ болж түүнээс бизнесээ салгаж тусдаа компани болгон тусгаарлах үеийн Рэй-н дарамт шахалт.
3. 1991 онд хариугүй дампуурлаа зарлах шахсан өөрийн компаниа аврахын тулд эцсийн хүчээ шавхсан тухай зэрэг олон цөхрөлийн үеийг 99% шантраад, үлдсэн 1%-д нь амьд үлдэхийн төлөө тийчгэнэсний үр дүнд босож чадсан тухайгаа бичжээ. Энэ бүгдийн эцэст хүний өөртөө итгэх итгэл л нөлөөлдгийг олж мэдсэн аж.
Өөртөө итгэлгүй болгох гол дайсан бол эргэлзээ. Эргэлзээ нь алдахаас болгоомжилсон айдас. Өөртөө эргэлздэг чанараар эрчүүд эмэгтэйчүүдээс хавьгүй бага хувь эзэлдэг. Учир нь эрчүүд " амжилтгүй болох вий" хэмээх төсөөлөл дээрээ эмэгтэйчүүдээс бага хугацаа зарцуулдаг. Эмэгтэйчүүд дэндүү их ургуулан бодож, болгоомжилдгоосоо болоод боломжоо эрчүүдэд алддаг талтай.
Тархин дахь эргэцүүлэл бодол хэрээс хэтрэхээрээ эзнийхээ өөртөө итгэх итгэлээс хумсалж хороосоор шийдвэр гаргах зориггүй болгодог. Харин өөртөө итгэх итгэл нь аливааг хийж бүтээсэн туршлагаас, амжилтаас, алдаа онооноос дусал дуслаар үлдэж хуримтлагдах зарчмаар өсөн нэмэгддэг.
Судалгаагаар нийт эмэгтэйчүүдийн 90% нь өөрийн гадаад төрхөндөө дор хаяж нэг өөрчлөлт хийхийг хүсдэг ба ердөө 2% нь өөрийгөө үзэсгэлэн төгөлдөр бүсгүй гэж боддог гэнэ. Иймэрхүү бодлоороо бүсгүйчүүд бид өөрсдийнхөө итгэлийг бууруулж ирээдүйн боломжуудаа хааж байдаг.
Амжилт ялалт бүрийн наана шүүмжлэл, доромжлолын өтгөн манан суунаглаж байдгийг мартаж болохгүй! Өөртөө итгэх итгэлийг гол сүйрүүлэгч нь шүүмжлэл. Шүүмжлэл бол зайлшгүй зүйл учрах ёстой даваа, бултах аргагүй сум! Үүнийг даван туулах сэтгэлийн тэнхээг бэлдэх нь юу юунаас чухал. Шүүмжлэлийг боловсон хүлээж авч сур. Энэ нь дахин таныг шүүмжлэх сонирхлыг нь бууруулж өгч чадна.
Жинхэнэ өөртөө итгэх итгэлийг бид аюулгүйн бүсээсээ гарч, тэмцэл дунд орж ялагдаж, алдаа гаргаж, алдаанаасаа суралцан эргэн өндийж амжилт гаргаж байж олж авдаг.
Бага залуудаа алдсан алдаа бүр хожмоо амьдралыг чинь сүйрүүлэх эрсдэлээс сэргийлэх вакцин болдог.
Өөртөө эсвэл хүүхдээ магтаалаар шагнахдаа: "Теннис маш сайн тоглолоо. Чи төрөлхийн тамирчин хүн юм" гэхийн оронд "Теннис маш сайн тоглолоо. Учир нь чи өрсөлдөгчөөсөө илүү их хөдөлмөр гаргалаа" гэж урамшуулах нь зөв. Яагаад гэвэл дараагийн удаа өөр нэгэнд хожигдоход "энэ хүн надаас илүү төрмөл авьяастай юм байна. Би яаж ч зүтгээд барахгүй юм байна" гэсэн хийсвэр итгэл суудаг байна. Харин зөв урамшуулал нь илүү хөдөлмөрлөх ёстой гэсэн кодыг тархинд суулгаж үлддэг.
Олон төрлийн спорт, фитнесс дасгалууд нь өөртөө итгэлтэй болоход нөлөөлдөг. Гэвч өөр нэгэн чухал зүйлийг хөгжүүлвэл мянга мянган эмэгтэйчүүдийн карьерт тус болно. Энэ нь олон нийтийн өмнө ярьж сурах. Төрөлхийн илтгэгч байдаг гэсэн кодыг тархинаасаа арчиж хая. Бүгд л оролдлогоос эхэлдэг гэдгийг санаж өөртэйгээ ажиллаарай.
Хувь хүний харилцааны кодууд
Өнгөрснийг өнгөрсөнд нь хая. Өнгөрсөнд бүү амьдар. Гомдол цөхрөл байдаг бол март! Хайран цаг хугацааг дэмий алдах болно. Харуусал, гомдол нь бүсгүй хүний сүр сүлдийг гээлгэх аюултай!
Хүмүүс өөрсдийн харилцаагаараа дамжуулж өөрийгөө хэн болох, юунд дуртай, юунд дургүй, ямар зүйлийг хүлээж байгаагаа бусдад ойлгуулж байдаг. Энэ жижиг олон кодуудыг тархи нарийн дараалалтай бичиж аваад тухайн хүний төсөөлөл бий болдог. Тиймээс өөрийнхөө жинхэнэ үнэ цэнийг бид өөрсдөө бүтээдэг.
Эмэгтэй хүн зүрх сэтгэлийн асуудалд эрчүүдээс хэд дахин эмзэг ханддаг. Гуньж гутрахаараа хэмжээ хязгааргүй шаналдаг. Шаналал нь тэдний шинэ боломжуудыг харах мэлмийг сохолж орхидог. Хагацлаас үүдсэн шаналалыг дарах хамгийн шалгарсан арга нь дахин шинээр хайрлаж дурлах. Олон бүсгүйчүүд шаналалаас болж карьерээ сүйрүүлэх магадлалтай байдаг. Тиймээс урьдчилан харж зүрх сэтгэлээ хамгаалах нь чухал.
Эмэгтэйчүүд бид хоорондоо дэндүү хатуу. Амжилттай яваа нэгнээ эсвэл гоо үзэсгэлэнт нэгнийгээ үргэлж дарж араар нь хов, цуурхал ярих нь элбэг. Энэ тохиолдол эрт орой хэзээ нэгэн цагт өөрт чинь ирдэг гэдгийг санаж, өөрийн амьдралаа булингартуулалгүй цэвэр авч явах нь энэ насны чинь үнэ цэнэ юм.
Бүсгүй та хэн нэгнийг гомдоох, сэтгэлд нь буруу ойлголт өгсөн бол уучлал гуйж сураарай. Бардам зан дангаараа бидний хамгийн том сул тал болж чаддаг.
Аливаа асуудалд шударга, уян хатан зарчмыг эрхэмлэ. Энэ нь бусадтай харилцах саадгүй гүүр байх болно. Агуу удирдагч нар үр дүн бүтээхийн тулд ааш зан, үзэл бодлоо түр хязгаарлаж чаддаг.
Нөхөрлөл гэдэг ижил төстэй хүмүүсийн олонлогоос бүрддэг. Сайн найз нөхдөөр өөрийгөө хүрээлүүлж, харилцан ашигтай бүлгэм үүсгэж чадсан хүний ажил төдийгүй амьдралд нь олон ахиц дэвшилт гардаг.
Хүний дотоод хүчээ сэлбэх гол хөшүүрэг бол хайр. Хамгийн хайртай хүмүүсдээ цаг гаргаж дурсамж бүтээх нь зүрх сэтгэлийг дүүргэж, хүсэл тэмүүллийг асаах увидастай. Амьдрал бол бүхий л дурсамжуудаас бүрдэх сэтгэлд мөнх орших дусамжуудын хэлхээс юм.
Өнөөгийн энэ нийгмийн гарцаагүй том дуталдал нь хажуудах хүмүүсээ, гэр бүлээ хайр халамжаар дутмагдуулах явдал болсон.
Аль болох амьд харилцааг эрхэмлэ. Фэйсбүүк пост, текст, мессеж зэрэг нь бүгд л харицааны хэлбэр боловч яриаг хэзээ ч бүрэн орлох чадамжгүй. Хүн төрөлхтөн яаж ч хөгжөөд амьд ярианы үр өгөөж, давуу талыг төхөөрөмжөөр орлуулах боломжгүй. Ямар ч гайхалтай мессеж, эможи нь сэтгэл хөдлөл, дуу хоолойн өнгө, тухайн үеийн төлөв байдлыг бүрэн илэрхийлж чадахгүй. Хэн нэгэнд хэлэх чухал шаардлагатай зүйлийг заавал өөрийн дуу хоолойгоороо илэрхийлэхийг чухалчил.
Ялалт, амжилт, хайр энэрлээ нэг саванд багтаацгаая.
Амжилт өөд тэмүүлэгч бүсгүй бүрт хэрэгтэй зөвлөгөөнүүд багтсан гэж найдаж байна.
Copy from Sugarmaa Zunduidorj