БАР ЭЭЖ
Эму Чуа (Amy Chua) Иелийн их сургуулийн хуулийн багш гэх хятад бүсгүй өөрийн хоёр охиноо хатуу дэг жаягтайгаар өсгөж, хүмүүжүүлж байгаадаа чамгүй олон шүүмжлэлийг хүртдэг ч эцэг эхийнхээ өөрийг нь хүмүүжүүлсэн аргаараа уламжлан өсгөхөө нэгэнт зориг шулууджээ. Тэрээр Еврей нөхөртэй, нөхөр нь хэтэрхий хүүхдийг тоглох цаггүй болгож байна гэж шүүмжилдэг байсан ч Чуа өөрийнхөөрөө хүмүүжүүлэх аргаа гурван үеийн намтартайгаа харьцуулан бодож, тэдний намтарын 3-р үеийг үргэлжлүүлэх хүмүүс нь Чуагийн охид байсан тул улам чанартай хүмүүс болж үлдэх ёстой гэсэн зорилгоор дасгалжуулах аргаа зогсоолгүй сэтгэлийн агуу тэвчээрийг гарган зүтгэсэн байв.
Хүүхдийнхээ төлөө ингэж тууштай уйгагүй зүтгэж байгаагаа бид (Ази буюу Дорнын хүмүүс) хүүхэддээ дэндүү хайртай болохоороо тэсвэр хатуужлыг багаас нь амсуулж ирээдүйд зовлон бага, биеэ даасан хүчтэй, зорилготой хүн болгохын л төлөө юм шүү дээ. Тэгэхээс биш барууны орны хүүхдийн хүмүүжил хэтэрхий задгай, дур зоргоор нь байлгадаг, тэд цагийг дэмий сул өнгөрөөж, бие даах чадвар муутай, жижигхэн асуудалд сөхрөмтгий, сэтгэлийн хатуужилгүйгээсээ буруу юманд уруу татагдахдаа амархан болж байгаа ажиглагддаг. Түүгээр ч барахгүй эцэг эхээ үл хайхран нас өндөрт гарангуут нь асрамжийн газраар амь зогоолгодог нь утгагүй мэт санагддаг гэжээ. Охидынхоо эсэргүүцэлд ч мөн энэ тухайгаа тайлбарлан хэлж, өөрийн удам гаралыг харьцуулан ярьж өгч, ямар ч амжилтыг дасгал сургуулилтаар олж авдаг тухай үргэлж ухуулсаар ирсэн байв. Охидыгоо тодорхой нэг том амжилт гаргах бүрт нь өөрөөрөө бахархах мэдрэмжийг нь хуваалцаж, тэдэндээ улам цаашлах урам зориг, бусдаас авсан сайшаалыг хариуцлага болгон хүлээн авч, энэ эрчээрээ илүү хурцлагдан тэмүүлэхийг сургажээ. Энэ нь тэднийг хожим хойно нь ээждээ дургүйлгэх бус харин өөрийгөө ялан дийлж хүч хөлсөө дуслуулан олж авсан амжилтаараа хурдацтайгаар хөгжих боломж байдгийг мэдэрсэн гэдэг.
Мөн хүүхэд хэзээ ч өөрийгөө шахаж сурч чадахгүй зөвхөн эцэг эхчүүд л энийг хийнэ. Хүүхэд бол маш их ачаалал даах чадвартай. Харин хүүхэд аяндаа сураад урмын үг магтаалыг сонсоод ирэхээрээ өөрсдөө хичээж эхэлдэг юм гэдгийг онцолж зөвлөсөн байна.
Тэрээр түүнд Америк оронд Дорнын (Ази) хүмүүжлээр өсгөх нь амаргүй байсан бөгөөд хоёр охиных нь зан ааш, аливаад хандах хандлага нь газар тэнгэр мэт ялгаатай байх нь багагүй тэвчээрийг нь шалгадаг байсныг дэлгэрэнгүй хүүрнэсэн байна. Өөрийн охиддоо хичээл сурлагадаа үргэлж А+ үнэлгээ авах, сургууль дээрээ шилдэг сурагч байх, өдөрт хөгжмийн дасгал сургуулилтаа 5-6 цаг давтах (1-2 цагаар 3 удаа) зэргээр шахаж мөн гэрийн ажлыг ч хувиарт нь суулган хийлгэдэг байв. Гэр бүлээрээ аялал зугаалгад явсан ч тухайн буудалд нь төгөлдөр хуур байгаа эсэхийг нягталдаг байсан нь "Нэг өдөр дасгалаа хийлгүй өнгөрөөвөл тэр хэрээр чадвар буурна" гэсэн зарчмыг баримталдаг нь үнэн болохыг нотлох мэт. Харин бага охиных нь хувьд хийл хөгжимөө хаана ч авч явах боломжтой нь амар байсан гэдэг.
Том охин Софиа оюун ухааны хөгжил хурдан, ухаалаг, чих зөөлөнтэй учир 18 сартай бүх үсгээ үзэж, 3 настайдаа жүжгийн зохиол уншин, төгөлдөр хуураар хичээллэж, цэцэрлэгт байхаасаа л гайхалтай амжилтад хүрсэн байв.
Софиа нь 9 настайдаа бүс нутгийн төгөлдөр хуурын тэмцээнд Норвегийн хөгжмийн зохиолч Эдвард Гриегийн "Эрвээхэй" аяыг тоглон тэргүүн байрыг эзэлсэн нь анхны амжилт бөгөөд түүнээс хойших амжилтыг дурдаад баршгүй байв.
Харин хоёр дахь охин Лулу нь багаасаа их шартай өөрийнхөөрөө зөрүүд, зарим үед уур уцаартай боловч өш хонзон санадаггүй үнэнч хичээнгүй сэтгэл сайхантай нэгэн гэжээ. Лулу 3 нас хүрсэн үеэс тэдний дайн эхэлсэн гэдэг. Тэрээр төгөлдөр хуур дээр нэг л явцгүй байсанг нь хийл хөгжим болгосон нь хамаагүй зөв сонголт болсон гэдэг. Зөрүүд охин Лулу-тайгаа дайн тулаанд оролцох мэт сорилтод ордог ч гэлээ хэзээ ч бууж өгөлгүй тэмцсээр янз бүрийн хөшүүрэг ашиглаж хөдөлгөдөг байснаа ний нуугүй өгүүлсэн байв. Үүнд нэгэн жишээг дурдвал: Лулу 9 настайдаа Виотти, Италийн алдартай хийл хөгжимчин, хөгжмийн зохиолчийн <<Найрал хөгжмийн 23-р G Major>> -г гоцлол хөгжимчний ганцаараа тоглох хэсгийг тоглохоор бэлтгэл хийх явцад нэг л эрч хүч нь дутагдах маягтайг анзаарч ээж нь түүнд ийн хэлжээ. "Лулу тоглолт эхлэхэд 7 хоног л үлдэж. Чиний сэтгэл зүй нэг л тогтворгүй байна. Маш сайн тоглож бэлтгэлээ сайн хангавал би чамайг бас баярлуулах болно гэж. Тэр нь өмнө нь гуйгаад зөвшөөрдөггүй байсан зүйл нь буюу амьд нохой авахыг зөвшөөрөх болзол байв. Тухайн үед болзол тавьж хөшүүрэг хийхээс өөр арга олдоогүй байсан гэдэг. Гэвч энэ арга нь тухайн богино хугацаанд амжилт үзүүлж чадсан байв.
Лулу-н зөрүүдлэх зан нь маш их хүчтэй гэдгийг 3 настайд нь хүйтэн балкон дээр зогсоож шийтгэх үед мэдэрсэн бөгөөд түүнээс хойш үргэлж арга барилаа өөрчилдөг байжээ.
Энэ номыг унших явцад нулимс гарсан хэсгийг хуваалцмаар санагдлаа. Үнэхээр хатуу боловч Чуа хадагтайн бас нэгэн зарчим.
Хадам ээж нь өвчний улмаас зуурдаар өнгөрчээ. Оршуулгын арга хэмжээнд хоёр охиноосоо эмээтэйгээ салах ёслол хийх захиаг бичихийг хүсчээ. Тэр үед Софиа 13, Лулу нь 10 настай байж. Тэрээр охид ээжээсээ зөрж, энэ хүсэлд нь дургүйлхсэн ч хадагтай Чуа "Эмээгийнх нь та 2-с сонсохыг хүссэн сүүлчийн үг. Тиймээс заавал бич" гэж шахан бичүүлж. Харин охид ээждээ ч үзүүлэлгүй ийн бичжээ. Лулу:"Попо эмээ маань манайд амьдарсан нэг сарын хугацаанд би эмээтэйгээ олон цагийг хамт өнгөрөөсөн. Хамтдаа өдрийн хоол идэж хөзөр тоглож, хөгжилтэй яриа ч өрнүүлсэн. Би эмээтэйгээ хоёр шөнийг хоёулхнаа хамт өнгөрөөж байсан. Эмээ өвдсөндөө алхаж чадахгүй байсан ч би түүнээс өчүүхэн ч айгаагүй. Тэр үнэхээр хүчтэй хүн байсан. Попо эмээгээ бодохоор түүний аз жаргалтай инээж байгаа нь санаанд ордог. Эмээ маань аз жаргалтай байхыг хүссэн бөгөөд түүний ачаар би ч бас аз жаргалтай болсон. Таныгаа мөн ч их санах байх даа."
Харин Софиа:"Попо эмээ маань хэзээд хурц ухаан дүүрэн аз жаргалыг хүсэмжилдэг байсан. Агшин бүрийг сайхан амьдрах сайхан бодлоор дүүргэхийг хүсдэг байсан. Би эмээгээ эцсийн амьсгалаа хураах хүртлээ тэр бүхнийг олсон болов уу гэж боддог. Хэзээ нэгэн цагт надад ч бас тийм өдөр ирээсэй гэж хүсэж байна." гэжээ. Үүнийг сонссон ёслол дээрх хүмүүс охидын хэрхэн хэрсүү ухаантайг гайхсан гэдэг. Харин хадагтай Чуа энэ зэрэгтэй сэтгэл гарган захиа бичих ухааныг өмнө нь өөрийнх нь төрсөн өдрийн оройн зоог дээр охидынхоо бэлэглэсэн мэндчилгээг хатуухан шүүмжилсэн нь нөлөөлсөн хэмээн тайлбарлажээ. Тэрээр мэндчилгээндээ Софиа: "Хорвоогийн хамгийн гайхалтай ээждээ төрсөн өдрийн мэнд хүргэе!" Харин Лулу: "Төрсөн өдрийн мэнд хүргэе, Ээжээ! Хайртай шүү. Лулугаас нь." гэсэн байв. Хадагтай Чуа үүнд нэлээн чамлангуйгаар "Ийм энгийн зүйлийг хэн ч бичнэ. Арай илүү сэтгэл гаргаж чадсангүй юу. Надад үүнээс илүү бэлэг авах эрх байгаа гэж бодож байна. Энийг чинь би тооцохгүй, мэндчилгээний хайрцагтаа хадгалж чадашгүй нь" гэж буцаан өгч охидыгоо уйлуулж байсан удаатай. Тэр үед охид "Надад энэнээс илүүг бэлтгэх цаг та өгөөгүй шүү дээ" гэхэд нь ээж нь "Та хоёрт сэтгэл байвал илүү эрт босоод хийж болох л байсан. Тэгж чадахгүй гэж үү" гэж хэлээд оройн зоогийг сонирхолгүй болгож гэрийнхнийхээ урмыг хугалсан байдаг.
Энэ хэсэг дээр би охидыг өмөөрөх сэтгэл төрж нулимс гарчихаж билээ. Бас л овоо хатуу ээж байгаа шүү.
Лулу-д шинэ хийл хэрэгтэй болоход Чуа хадагтай олон жилийн өмнөх өөрийнхөө хугацаатай хадгаламжаа цуцалж, нөхөр Жэдтэйгээ маргалдан барин зөрсөөр хадгаламжийнхаа хүүг цуцлуулан байж өндөр үнэтэй хийл авч өгөв. Ийнхүү шийдэхдээ тэр "Би үнэндээ юм худалдаж авахдаа тааруу, дэлгүүр хэсэх ч дургүй. Нүүрэндээ иллэг хийлгэж хумсаа будуулдаггүй, бас үнэт эдлэл ч худалдаж авдаггүй. Ганц таалагдаад авч байсан зүйл нь 700кг хятад морин шаазан хүүхэлдэй". Тэр нь удаагүй хагарсан тухайг нь уншаад харин түүнийг (Чуа хадагтай-г) өрөвдөх сэтгэл төрөв.
Нөхөртөө ч мөн "Сайн хийл бол урлагийн бүтээл. Үл хөдлөх хөрөнгөөс ч дутуугүй хөрөнгө" хэмээн ятгаж чадсан нь үр хүүхдийнхээ боловсролд уйгагүй зүтгэдэг холын хараатай ухаалаг ээж байна гэж бишрэхэд хүрэв.
Ингээд Лулу 3 хийл хөгжимтэй болж улам их сонирхолтой болов. Тэдгээр нь мэдээж өөр өөр дугаралттай. Тэр үед өнөөх (Лулу ээжтэйгээ) хоорондоо таардаггүй үргэлж л дайн мэт үзэлцдэг ээж охин 2-г найз мэт дотно баяртайгаар эрхлэн хэвтэж байхыг нь хараад нөхөр Жэд нь толгой сэгсрэн гайхаж харсан гэдэг.
Хэдийгээр хатуу зарчмаар хүмүүжүүлдэг ч гэлээ үнэхээр охидынхоо төлөө уйгагүй дагуулж явж, дэлхийн аль өнцөгт ямар мундаг хөгжмийн багш, хаана мэргэжлийн хөгжмийн тэмцээн уралдаан байна бүгдийг нь судлан хамруулж, тэргүүн байрны төлөө хүчтэй тэмцэгч байснаараа амьдралын бэрхшээлийг хөгжмийн боловсролоор дамжуулан ойлгуулсан нь үнэхээр бахархмаар...
Мөн хүүхдийн хүмүүжлийн асуудал дээр нөхөртэйгээ хэд хэдэн удаа маргалдаж байсан ч үүнийгээ охидынхоо нүднээс далд үйлдэж, тэднийхээ дэргэд яаж ч байсан нэг тал мэт харагдаж чаддаг байсандаа нөхрийнхөө агуу тэвчээрт баярладаг гэжээ.
Чуа хадагтай өөрийнхөө тэмцлийг хэлэхдээ: "Өдөр бүрийг амь хайргүй зүтгэж, яаж ч түлхсэн дондогмаа хүүхэлдэй шиг босоод ирэх чадвартай байж, арга заль сүвэгчлэх хэрэгтэй болдог эцэс төгсгөлгүй тулаан гэж ойлгож болно. Хэзээд өөрийн итгэлээ бөхийлгөж, тулааны тактикаа солих шаардлагатай бөгөөд бүтээлч сэтгэлгээг байнга хөгжүүлэх хэрэгтэй" гэсэн байдаг.
Хичээл зүтгэл хэзээд үр дүнгээ өгдөг гэдгийн жишгээр Софиа Харвардын их сургуулийн хуулийн ангийг, Лулу Харвардын их сургуулийн урлагийн түүхийн мэргэжлээр тус тус амжилттай дүүргэжээ.
Харин хадагтай Чуа нэг л өдөр Лулу-д бууж өгч, хэтэрхий их оролцдог байсан тал дээрээ томоохон эсэргүүцлийн тэсрэлтийг Лулу-с сонсож урам нь хугарсан гэдэг. Лулу тэр үед 13-тай байв. Шилжилтийн насны тогтворгүй зоримог ааш нь ээжийнхээ эсрэг босоход нөлөөлсөн байх. Нөгөө талаас Лулу-г хийл хөгжмөөр хэт их шахдаг байсан нь яг л аливаа юмны хэр хэмжээ савнаасаа хальвал утгаа алдахтай адил гэдэг үгийг санагдуулах мэт санагдав.
Тэр хоёрын энэ тэмцэл Оросод гэр бүлээрээ аялах үеэр нь болж. Энэхүү буулт нь үнэхээр Чуа-д хэцүү байсан ч Лулу-н эсэргүүцлийн үгнээс Чуа өөрийгөө таних өөр нэг өнцгийг олж харах шиг л болов. Тэгээд ч Кейтрин (Чуа-н дүү)-ний хүнд өвдөлт нь нэгэнт түүний амьдралд хатуурхах үзлийг зөөллөсөн байсан гэжээ. Лулу тэр үеэс талбайн теннисийг сонирхож тоглож эхэлсэн гэнэ. Хийл хөгжмөө өдөрт 3 цаг өөрөө давтдаг болгож хэмжээг бууруулсан ч хөгжимдөө дуртай хэвээрээ байгаа нь ээжийнх нь зүтгэл хэзээ ч хоосон биш, харин ч бүх зүйл дээр суурь хүмүүжил болж, тэмцэгч чанарыг теннис дээр ч харуулахыг зорьж байгааг олж харахад энэ номын үнэ цэнэ надад мэдрэгдэв.
Энэ номыг унших явцад манай хоёр охины онцлог шинж, ааш араншин нь яг энэ зохиол дээрх 2 охинтой төстэй байсан тул уншихад их сонирхолтой байлаа. Бас бага охинтойгоо дайтдаг тал дээр ихээхэн эмзэглэж байсан ч одоо илүү учрыг нь олох зоригтой ч болцийм шиг санагдлаа.
Ээж болгон хүүхдийнхээ төлөө өөр өөрийн арга барилтай ч энэ дайчин ээжээс авах чанар их байлаа. Өөрийн багшийн ажил, ном бичих ажил, гэрийн ажил мэтээ яаж амжуулж, энэ их хүүхэддээ зарцуулдаг цагаа гаргадаг байна аа гэж бодогдон, их эрч хүчийг эндээс ойлгож мэдрэв. Мөн ингэж өөрийгөө зориулж чаддаг бол хичнээн мундаг суут хүмүүсийг төрүүлэх бол доо гэсэн бодолтойгоор тэмдэглэлээ дуусгая.