💡 ЭРҮҮЛ МЭНД & ХӨГЖИЛ: 78 настай ч ой санамж нь хурц хэвээр буй профессорын өдөр тутмын 5 зуршил
Машиныхаа түлхүүрийг хаана тавьснаа мартах, эсвэл өөр өрөөнд орж ирээд чухам яах гэж орсноо гэнэт санахгүй байх үе танд тохиолддог уу? Ялангуяа ажил, гэр бүл, хүүхдээ зэрэг амжуулдаг завгүй ээжүүд, эмэгтэйчүүдийн хувьд иймэрхүү мартамхай байдал энгийн үзэгдэл мэт санагддаг. Гэвч хүний ой санамж нас ахих тусам муудах ёстой зүйл огт биш бөгөөд өдөр бүр тархиа зориудаар хөгжүүлж, зөв дадал хэвшүүлснээр ямар ч насанд сэргэг хэвээр хадгалах боломжтой.
АНУ-ын Пенсильванийн Йорк коллежид гуч гаруй жил боловсролын профессороор ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан Энтони Д. Фредерикс (Anthony D. Fredericks) өдгөө 78 настай хэдий ч 175 гаруй ном бичиж, мэргэжлийн илтгэл тавьж, сэтгэл судлалын чиглэлээр тогтмол нийтлэл бичсээр байна. Тэрээр өөрийн ой санамжийг "яг л залуу хүн шиг сэргэг, хурц оюун ухаан, ойн санамжтай" хэвээр байлгадаг өдөр тутмын таван энгийн зуршлаа хуваалцжээ.
1. Нийгмийн харилцаанд тогтмол орж, хүмүүстэй уулздаг
Бусадтай амьд харилцаа тогтмол үүсгэх нь ой санамжийг түргэн муудах гол шалтгаан болдог сэтгэл гутрал, стрессийг эрс бууруулдаг. Судалгаагаар нийгмийн идэвхтэй харилцаатай хүмүүсийн урт наслах магадлал ч хамаагүй өндөр байдаг нь батлагдсан байдаг.
Гэр бүл, найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөх, сайн дурын ажилд оролцох, секц дугуйлан, хобби клубүүдэд гишүүнлэлээр орж идэвхитэй байх нь сэтгэл зүйн эрүүл мэнд болон тархины үйл ажиллагааг зэрэг дэмждэг. Энтони эхнэрийнхээ хамт дотнын найзуудтайгаа тогтмол уулзаж, орон нутгийн cоёл урлагийн холбоонын ажилд сайн дурын ажил хийн, нийгмийн клубт идэвхтэй хамрагддаг байна.
2. Насан туршдаа тасралтгүй суралцдаг
Өөрийн үндсэн мэргэжлээс тэс өөр салбарын ном унших нь хүний төрөлхийн сониуч занг сэргээж, тархинд шинэ холбоосууд үүсгэх хамгийн хүчтэй арга юм. Хүн сониуч байх тусам илүү ихийг мэдэхийг хүсэж, тархи нь байнга идэвхтэй ажилладаг.
Тэрээр саяхан өөрийн огт мэддэггүй сэдэв болох эртний папирус цаасны түүхийн тухай ном уншиж дуусгажээ. Түүний хамгийн их таалагдсан баримт нь Ромын жанжин Марк Антони хатан хаан Клеопатрад сэтгэгдэл төрүүлэхийн тулд алт, үнэт эдлэл бус, харин Нил мөрний зэгсээр хийсэн папирус дээр бичсэн 200,000 ширхэг ном бэлэглэж байсан түүх ажээ.
3. Өөрт тохирсон өнгөний систем ашигладаг
Энтонигийн ажлын өрөөнд орвол хана, ширээгээр нь дүүрэн олон өнгийн наалттай цаас (Post-it) харагдана. Тэрээр өдөр тутмын үүрэг хариуцлага, ажлаа төөрөлдөхгүй зохицуулахын тулд өнгөөр ялгах аргыг ашигладаг байна:
Шар өнгө — бичиж буй нийтлэлүүд, цэнхэр өнгө — шинэ номын тодорхой бүлгүүд, ногоон өнгө — эмчийн үзлэг, эмийн сануулга, улбар шар өнгө — гэрийн ойр зуурын ажил, харин ягаан өнгө — хүнс цуглуулах, дэлгүүр орох зэрэг гадуурх ажлуудыг тэмдэглэхэд зориулагддаг. Нэгэн номынхоо төлөвлөгөөг санамсаргүй өөр өөр өнгийн цаасан дээр бичсэнээр толгой доторх бодол нь цэгцэрч, улмаар амьдралынхаа бүх хэсэгт энэ аргыг нэвтрүүлжээ.
4. Өдөр бүр биеийн хөдөлгөөн хийдэг
Өдөр тутмын дасгал хөдөлгөөн нь тархи руу очих цусны эргэлтийг сайжруулж, ой тогтоолтыг шууд дэмждэг. Насанд хүрсэн хүн долоо хоногт дор хаяж 150 минут дунд зэргийн эрчимтэй хөдөлгөөн хийх шаардлагатай байдаг.
Энтони өнжөөд нэг удаа олон нийтийн усан санд сэлж, завсрын өдрүүдэд нь 1.5–3 километр орчим алхдаг байна. Хамгийн гол нууц нь өдөр бүр ямар нэгэн хэлбэрээр хөдөлгөөнтэй байх явдал бөгөөд өдөрт ердөө 10–15 минут алхах нь ч тархинд асар их тустай.
5. Эрүүл хооллолт, нойр, усны дэглэм баримталдаг
Тархины эрүүл мэндийг хооллолт, ус, нойрноос салгаж ойлгох аргагүй. Тэрээр шөнө бүр оройн 23:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл дор хаяж долоон цаг тогтмол унтаж амардаг.
Хоол хүнсэндээ жимсгэнэ, хар ногоон навчит ногоо, бүхэл үр, самар, үр, шар буурцаг, омега-3-аар баялаг хулд загас зэрэг өөх тос багатай уураг түлхүү хэрэглэдэг. Мөн өдрийн турш 8 орчим аяга ус ууж шингэнээ нөхдөг нь тархины танин мэдэхүйн чадварыг өндөр байлгахад шууд нөлөөлдөг байна.
"Би ой санамжаа хамгаалж, хөгжүүлэх ажлыг яг л үндсэн ажил шигээ чухалчилж ханддаг. Өдөр бүр хичээнгүйлэн ажиллаж, сониуч хэвээр байж, харилцаандаа анхаарал хандуулдаг. Ой санамжаа нэгдүгээрт тавьдаг хүний хүчийг хэзээ ч бүү дутуу үнэлээрэй" хэмээн тэрээр онцолжээ.
Өнөөдөр та юу хийж чадах вэ? Та өдөр тутмын олон ажлаа амжуулахдаа юуг хамгийн их мартдаг вэ? Дээрх таван зуршлаас өөрт хамгийн ойр нэгийг нь сонгоод, жишээ нь өнөө орой 23:00 цагт унтах эсвэл маргаашийн ажлаа өнгөөр ялгаж тэмдэглэхээс эхлүүлээрэй.
